Дөрөв дэх жил зохиогдож буй “Улаанбаатар Олон Улсын Медиа Урлагийн Наадам” энэ жил “Нүүдэл Суудал” сэдвийн хүрээнд олон улсын 9 кураторын бүтээлийг танилцууллаа. Нүүдэл суудал болоод урлагийн холбоос дундаас төрсөн бүтээлүүд энэ сарын 7-ныг хүртэл “MN17” арт галерейд байрлана. Тус хөтөлбөрийг “Гёте Институт” боловсруулж, “Монголын Урлагийн Зөвлөл” зохион байгуулж байна.
Үзэсгэлэнд оролцож буй бүтээлүүд Зүүн Ази болон Монголд өрнөж буй нүүдэл суудлын асуудлыг тухайн нутгийн иргэд, орон нутгийн өнцгөөс харуулахыг зорьжээ. Аливаа үзэсгэлэн зөвхөн нэг эсвэл хоёр кураторын хүрээнд нэг аргачлал, нэг судалгааны үндсэн дээр дэглэгддэг бол энэ удаа нэг сэдвийн хүрээнд 9 орны 9 өөр арга барилтай куратор дэглэсэн нь хамгийн гол онцлог юм. Мөн бүтээлээ туурвихдаа шинжлэх ухаан, технологи, урлаг гэсэн гурвалыг ашиглаж, уран зургаас илүүтэй хүний хэрэглээнд ойр технологийг түлхүү ашиглажээ. Технологи ашигласнаар үзэгч бүтээлийг сонсож, бичиж, тайлал бичвэрийг уншсаны үр дүнд сая бүхэл ойлголт гарах учиртай.

Үзэсгэлэнгийн талаарх хэвшмэл ойлголтыг "эвдсэн" бүтээлүүд дунд хэд хэдэн онцлох бүтээл байлаа. Жишээ нь, Монголын уран бүтээлч, кино найруулагч, медиа артист У.Ихбаярын “Нүүдэл” бүтээл нь Дорноговь аймаг дахь энергийн төв рүү хийсэн уран бүтээлчдийн аяллын талаар хийсэн видео бүтээл. Энэхүү аялалд 36 уран бүтээлч оролцож, аяллын турш галт тэргэнд судалгаа болон уран бүтээлээ танилцуулжээ.

Хоёр дахь онцлох бүтээл нь сэтгүүлч, утга зохиол судлаач У.Бямбанямын “Найрагчийн мөрөөр” хэмээх төсөл байв. Энэхүү төсөл нь зөвхөн зохиолч Д.Нацагдоржийн тухай бус түүний араас мөшгиж, судалгаа хийж буй залуусын түүхийг харуулсан бүтээл юм. Баримтат бүтээлүүд ихэвчлэн баримтат кино болон зураг дүрслэлээр дамждаг бол энэ удаад DJ Бодьхүүтэй хамтран ой санамжийн дурсамж хэмээх дуу авианы бүтээлийг толилуулжээ. Зохиолч Нацагдоржийн хэрэглэж байсан ширээ, сандал зэргийг тавьж бодит төсөөлөл бий болгохийг зорьж, түүн дээр дуу авианы бүтээл нэмснээр ой дурсамжийг эргүүлэн сэргээхийг зорьж байх шиг санагдлаа.

Хүмүүсийн сонирхолыг хамгийн ихээр татсан өөр нэг бүтээл нь Милаки Зэк, Винсөү Портер нарын хийсэн виртуал кино. Энэхүү виртуал кино нь таныг ширэнгэн ойд байгаа модонд хувиргана. Модны амьдралыг үр байхаас нь эхлээд үрслэн ургах хүртэлх үйл явцыг мэдрүүлж яг л ой модны нэг хэсэг болсон мэт санагдуулна.

Мөн Тайваний куратор Фужуи Вонгийн "Хөндий чимээ" дуу авианы бүтээл байв. Бүтээлийн зохиомж бүтээх үйл явц нь аудио сигналуудын олон давхаргыг зөн билэг, мэдрэмж, гэнэтийн болон чөлөөт сонголтын замаар холбон, нэгэн бүтцэд оруулсан байв.

Патомпон "Монт" Тэспратийпийн бүтээл. Тайландын уламжлалт Чэхэ аялгаар дуулсан бүүвэйн аялгууг шинэчлэн, дөрвөн шинэ бүтээл төрүүлжээ. Эдгээр бүүвэйн дуунууд Чэхэ ардын амьдралын хэв маяг, сургаал, холимог хэлний хэлбэрийг харуулна.

Үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүдийг ирэх арваннэгдүгээр сарын 23-нд Өмнөд Солонгосын Гуанжу хотод танилцуулахаар болжээ.
Бэлтгэсэн: Н.Энхтэнгэр