Олон хүн далд хэлбэрийн сэтгэлд гутралд орсон ч үүнийгээ анзаардаггүй. Удаан хугацаанд сэтгэл гутралтай явснаар бие сэтгэлийн эрүүл мэнд доройтож, асар их гуниг гутрал, бухимдалд автана.
Дараах шинжүүдээс 3-аас багагүй нь илэрсэн бол амьдралын хэв маяг, сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарал тавих цаг болсны дохио юм шүү.
1. Нойргүйдэх

Удаан хугацаанд нойргүй явах, шөнө сууж хичээллэж, ажиллах үед хүний нойр солигдож улмаар сэтгэл санаа хямрах аюултай. Энэ үед гэнэт нойр их хэмжээгээр хүрэх, өдрийн цагаар зүүрмэглэх, хоолны дуршил муудах зэрэг шинж тэмдэг илэрнэ. Шөнө оройтож унтдаг бол заавал хангалттай нойр авах шаардлагатай.
2. Бусдын нөлөөнд хэт автах

Бие даан шийдвэр гаргахаас төвөгшөөж эхэлнэ. Ойр дотны хүмүүсийнхээ шийдвэрийг дагаж, хүсэлтэд нь амархан автана. Үүнтэй ижил бусдын өдөөн турхиралтад хариу хэлэхийн оронд дуугүй, тайван байхыг илүүд үзнэ. Эсвэл бүр эсрэгээрээ чангаар уурлаж, орилох зэргээр өөрөөсөө "өөр" зан гаргана. Бусдын нөлөөнд хэт автаж архи, тамхи хэрэглэх зэргээр буруу зуршилтай болно.
3. Энгийн зүйлд бухимдах

Бүх зүйлийг төгс төгөлдөр байлгахыг хүсэх нь сэтгэл гутралын нэг шинж юм. Мэдээж, ямар ч зүйл таны хүслийн дагуу байх боломжгүй тул үргэлж бухимдаж, өөртөө болон бусдад өндөр шаардлага тавьж эхэлнэ.
4. Шалтгаангүй зовиур илрэх

Толгой өвдөх, шалтгаангүйгээр зовиурлах, биеийн аль нэг хэсэгт хөндүүрлэх зэрэг нь сэтгэл гутралын өөр нэгэн шинж юм. Эдгээр шинж нь сар гаруй үргэлжилбэл архагших аюултай.
5. Зуршилтай болох

Хумсаа мэрэх, нүүрэндээ хүрэх, уруулаа хазах, үсээ оролдох зэрэг зуршлууд нь хүн өөрөө өөрийгөө тайвшруулах гэж далд ухамсраар хийж буй үйлдлүүд юм. Сэтгэл гутарч, бухимдаж, ганцаардах үед энэ мэт үйлдэл хийдэг эсэхээ сайтар бодоорой.
6. Ганцаардах, зан ааш өөрчлөгдөх

Эргэн тойрны хүмүүс тань таныг ойлгодоггүй. Та үргэлж ганцаардаж, бусдын өмнө хэвийн мэт байвч ганцаараа байхдаа уйлж, өөрийгөө ойлгохоо больсон. Энэ шинж танд илэрч байвал сэтгэл гутралын далд хэлбэр юм шүү.
7. Өөрийгөө буруутгах

Хийсэн үйлдэл, гаргасан зан аашаа үзэн ядах... Үүнийг та мэдрээд удаж байгаа. Өөрийгөө буруутгаж, өөртөө уурлаж, шүүмжилж, өөртэйгөө аймшигтайгаар харьцах болно. Сэтгэл гутралын энэ хэлбэр удаан үргэлжилдэг бөгөөд өөрийгөө хайрлаж сурахаас нааш эдгэх боломжгүй юм.
Дээрх шинжүүд танд танил санагдаж байна уу? Тэгвэл өөрийгөө хайрлаж, илүү эрүүл амьдрах гээд хичээгээд үзээрэй. Эхлэхэд хэзээ ч оройтдоггүй шүү дээ.