Бельгийн вант улсын франц хэлтэй хэсгийн ерөнхий сайдын кабинетын албаны ахлах, Бельгийн эзэн хааны итгэмжлэгдсэн орчуулагч, Европын холбооны 2021 оны манлайлагч эмэгтэй шагналт Монгол бүсгүй Болдын Оюунтүлхүүр энэ оны аравдугаар сард Бельгид болох дүүргийн сонгуульд өрсөлдөнө.
Б.Оюунтүлхүүр хэлэхдээ "2018 онд Бельгид анх удаа сонгуульд Иргэний төлөөлөл гэсэн хэсэг оролцоход намайг Европт өөрийн байр сууриа олсон мөн хэд хэдэн сайдын кабинетэд ажиллаж байсан туршлагатай хэмээн урьж байлаа.
Энэ удаа Бельгийн төрийн сонгуульд хамгийн их санал хураан тэргүүлж яваа намаас ирэх 10 сард болох дүүргийн сонгуульд орохыг урилаа. Энэ нь надад маш их итгэл үзүүлж байгаагийн илрэл тул урилгыг хүлээж авсан юм. Миний хувьд Европын төв болсон энэ улсын сонгуульд уригдана гэдэг нь өөрийгөө таниулахын хажуугаар төрж өссөн нутаг орноо сурталчлах том боломж болдог" гэжээ.
Б.Оюунтүлхүүр нь Бельгийн засгийн газар хамгийн олон жил ажиллаж олон салбарын сайдуудын зөвлөх байснаас гадна өнгөрсөн 4 жилийн хугацаанд Ерөнхий сайдын кабинетад амжилттай ажилласан улс төрч юм.