Хүн бүр өөр өөр дүр төрхтэй ч гэлээ угтаа сэтгэл мэдрэмжийн хувьд адил байдаг юм шиг ээ… Өмссөн хувцас, хуурамч бүрхүүлээр л өөрсдийгөө хучдагаас биш бид ижилхэн л тархи, цохилох зүрхтэй. Иймд юу ч харагдаж байгаа шиг ээ биш гэдгийг үргэлж санаж яваарай. Мөн эцсийн дүнд хүн өөрөө өрийгөө л өргөдөг учир сэтгэл мэдрэмжээ анирдан тайвшраарай. Энэхэн хэдэн үгс таныг бага ч гэсэн дээрдүүлнэ гэдэгт итгэж байна.

Бүх зүйл түр зуурынх. Жаргал, зовлон, хөөрөл, бачуурал ялгаа үгүй түр зуурынх… Угтаа бид цаг хугацаанд л захирагдаж амьдардаг учраас аливаа зүйлийг үүрдийнх юм шиг санаж шаналах нь утгагүй хэрэг юм…
Чи ч гэсэн ядарч болно. Утасны цэнэг дуусдаг шиг өөртөө ядарч туйлдахыг хүлээн зөвшөөр. Битгий хүчил харин оронд нь агаар салхинд гарч тархиа амрах боломжийг олго. Тусламж гэдэг зүйл ээлж дараатай өчигдөр чи хүнд тусаллаа гээд үргэлж туслах ёстой мэт бүү сана.

Өчигдөр түүнд тусламж хэрэгтэй байсан шиг өнөөдөр чамд ч мөн адил тусламж хэрэг болж болно шүү дээ. Иймд бусдаас тусламж гуйхдаа бүү өөрийгөө цааргал. Хааяа туйлдах үед хэн нэгний тэврэлт услах ус шиг л урам өгдгийг сана.
Энэ ертөнцөд утга учиргүй зүйл гэж нэг ч үгүй. Алгын чинээ мэлхий хүртэл байгалийн тэнцвэрийг хадгалж байхад чиний хэрэг ч бас энд байж таараа. Бүү өөрийгөө дутуу үнэл. Чи өнөөдөр нийгэмд хэрэгцээгүй хүн шиг байж болно гэхдээ байгаль дэлхий хэзээ ч хүнийг нийгмийн статусаар ангилдаггүй юм шүү. Угтаа нийгмийн давхарга хэрэгцээ зэрэг нь хүмүүс бидний өөрсдийн зохиосон зүй тогтол төдий юм.

Хэдий одоо бүх зүйл дийлдэшгүй хүнд санагдаж буй ч гэлээ чи бол ердөө дэлхий хэмээх гарагийн 8 гаруй тэрбум хүний нэг билээ. Иймд сансар огторгуйг бодож уужир. Уужраад бодвол ямар ч асуудал бидэнд мэдрэгдэж буй шиг ээ том байдаггүй.
Хэцүү санагдаад байвал ууланд гар, салхи чамайг тэвэрч нар харин чамайг үнсэх болно.