UBLife Logo
Сэтгэл судлал
Хавар бидэнд хэрхэн нөлөөлдөг вэ?

Хавар бидэнд хэрхэн нөлөөлдөг вэ?

Ub.life
Ub.life

Хүйтэн жавартай урт удаан өвлийг үдэж, нарны илч уринтай золгохтой зэрэгцэн хүний бие махбод, сэтгэл зүйд мэдэгдэхүйц өөрчлөлт ажиглагдаж эхлэдэг. Байгаль дэлхий амь орж, бүхий л амьд оршихуй шинэчлэгдэн сэргэдэг онцгой улирал бол хавар. Хэн нэгний “Би хаваршаад байна шүү” гэж хэлэхийг та сонсож байсан нь дамжиггүй. Хаврын улиралд сэтгэл хөдлөл ихтэй болж, амархан баярлаж гуниглаж буй тогтворгүй байдалдаа санаа зовж байвал түр азнаарай.

Нарны илч сэтгэл зүйд нөлөөлөхүй

Өдөр уртсаж, нар орой жаргах нь бидний тархины нейрохимийн хэмнэлийг сэргээж, аз жаргалын даавар болох серотнины ялгарал ихсэхэд нөлөөлдөг. Өвлийн улиралд маш олон хүн улирлын чанартай сэтгэл гутрал буюу seasonal affective disorder /SAD/-д өртдөг. Хүйтэн, эрт харанхуй болдог өвлийн өдрүүдэд тархины үйл ажиллагаа бусад дулааны улиралтай харицуулахад илт удааширч, ямарваа зүйлээс сэтгэл ханамж, сайхан мэдрэмж авах нь багасдаг байна. Хавар болж улирал солигдох нь ийм төрлийн эмгэгтэй нүүр тулсан хүмүүсийн сэтгэл санаа, бүтээмжид харьцангуй эерэгээр нөлөөлдөг. Учир нь нарны илч нэмэгдсэнээр тархины унтах сэрэх хэмнэлийг зохицуулдаг дааврын ялгарал багасаж, хүн илүү эрч хүчтэй, сэргэг болдог. Хавар болж урин дулаан ирэх нь хүн төрөлхтөнд эртнээс шинэ эхлэл, урам зориг, муу муухай бүхнээсээ салах дохио болж ирсэн. Мелатонины ялгарал багассанаар өглөө эрт сэрэх илүү амар болж, өдрийн турш бүтээлч, эрч хүчтэй байж чадаж байгаа мэт мэдрэмж нь нийгмийн харилцаанд эергээр нөлөөлдөг.

Гэвч энэ сэргэлт хүн бүрт адил илэрдэггүй. Зарим SAD-тай хүмүүст хаврын эхэн саруудын хурц гэрэл, гадаад орчны хэт түргэн өөрчлөлт сэтгэл зүйн байдлыг улам бүр тогтворгүй болгох тохиолдол бий. Мөн байгаль дэлхий сэргэж, ургамал ногоо соёолон дэлгэрэхтэй зэрэгцэн зарим хүн харшил, томуунд амархан өртөж ядарч сульддаг нь өдөр тутмын амьдралын чанарт шууд нөлөөлдөг гэж Journal of Biological Rhytms номонд тэмдэглэжээ. 

Хавар улам их ядарч сульдаад байна уу?

2022 онд ‘’Psychiatry Research’’ сонинд нийтлэгдсэн судалгаагаар хаврын улиралд сэтгэл гутралын шинж тэмдэгтэй хүмүүсийн тоо 15-20 хувиар нэмэгддэг гэжээ. Сэтгэл санааны тогтвортой бус байдлаас үүдэн хүмүүс хаврын улиралд огцом гэнэтийн шийдвэрүүдийг гаргах, аливаад хэт эмзэг болох, амархан уурлаж бухимдах зэрэг асуудалтай тулгардаг. Жишээ нь найз нөхөд, хосоосоо харилцаагаа таслах, их хэмжээний зарлага гаргах, амьдралд урт хугацаанд нөлөөлөхүйц томоохон шийдвэр гаргах гэх мэт. Түр зуурын сэтгэл хөдлөлөөрөө гаргасан шийдвэрийнхээ араас харамсах, хариуцлагынхаа өмнө бууж өгөх, хэт их ачааллаас үүдэн дарамт мэдрэх зэргээр хавар хүний сэтгэл зүй бишгүй их “бөмбөгөнөдөг” ажээ. Энэ тогтворгүй байдлыг сэтгэл судлалын ухаанд ‘’spring mania’’ гэж нэрлэдэг бөгөөд суурь сэтгэл зүйн эмгэгтэй хүмүүст түгээмэл ажиглагддаг. Сэтгэл зүйн өөрчлөлтүүдийг зохицуулдаг тархины хэсгүүд хэт их ачаалснаас үүдэж нойргүйдэх, дархлаа муудах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг байна. Харин бие махбодийн хувьд амархан ядарч сульдаж байгаа нь өвлийн улиралд нарны гэрэлд бага цагийг өнгөрүүлж, шаардлагатай амин дэмээ хангалттай хэмжээнд авч чадаагүйтэй холбоотой байдаг. Хаврыг витаминжуулалтын улирал гэж нэрлэдэг нь ч үүнтэй холбоотой. 

Хавар хайр ирдэг гэж үнэн үү?

Хайр дурлалын сэдэвтэй аугаа шүлэг найраглалууд хаврын улиралд бичигдсэн, эсвэл хавар цагт үйл явдал нь өрнөж буйгаар дүрслэгддэг. Жилийн 12 сарын дундаас дөрөвдүгээр сард хүний тархины дофаминий ялгарал дээд цэгтээ хүрдэг гэж Канадын сэтгэл судлалын хүрээлэнгийн 2020 онд хийсэн судалгаанд тэмдэглэжээ. Судалгааны тайланд “Дөрөвдүгээр сард тархи яг л дофамины үйлдвэр шиг ажилладаг” хэмээсэн бөгөөд үүнээс улбаалан хүмүүс маш их сэтгэл хөдлөлд автаж, хайр дурлалын мэдрэмжүүд хөөрөлд ордог. Энэ хөөрлөөс болж бид амархан дурлах, хэн нэгэнд сэтгэл алдрах, эсвэл бүр хайртай хүнээ амархан үзэн ядах тохиолдол ч гардаг гэжээ. Хавар олон хүн хайр дурлалтайгаа учирдаг ч 3-8 дугаар сарын хооронд мөн гэр бүл салалт ч нэмэгддэг байна. 

Тэгвэл хаврын урт өдрүүдийг хэрхэн давах вэ?

Нарны гэрэлд гарах- Өдөрт багадаа 30 минут гадаа алхахад л серотонин нэмэгдэж, ядарч сульдсан бие тань эрч хүчээр цэнэглэгдэнэ

Шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэх- D болон B бүлгийн амин дэмээр баялаг хоол хүнсийг өдөр тутамдаа хэрэглэх нь төвлөрөх чадварт эергээр нөлөөлж, нойргүйдэл, мэдрэлийн ядаргаанд өртөхөөс сэргийлнэ

Идэвхтэй хөдөлгөөн хийх- Ажлын ширээнээсээ хэсэгхэн зуур өндийгөөд багахан сунгалт хийх ч стресс бухимдлыг бууруулахад эерэг нөлөөтэй.

Өөрөөсөө хэт их зүйл битгий шаард- Ядаргаанд өртөх хамгийн их эрсдэл бүхий улиралд өөрийнхөө бие махбодийн болон сэтгэл зүйн эрүүл мэндийг хайрлаж, аливаад тайван, уян хатан хандаарай

Сэтгэлээр унах, ядрах, уурлаж бухимдах зэрэг нь амьд хүн бүрийн мэдэрч, даван туулдаг зүйлс билээ. Үүнд мөн хаврын улирал ч тодорхой хэмжээгээр нөлөөлдөг гэдгийг бид дээрх баримтуудаас харлаа. Хавар элдвийг бодогдуулж гэгэлзүүлнэ, харсан зүгтээ гүймээр ч санагдуулна. Хүн байгалийн нэг хэсэг учраас түүний хэмнэл, өөрчлөлт бидэнд нөлөөлөх нь зүй ёсны хэрэг. Хаврыг гэгээлгээр угтах боломж хүн бүрт байдаггүй ч, өөрийгөө сонсож, байгаль дэлхийн амьд оршихуй гэдгээ мэдэрсэн мэдрэмж болгоноо таашааж урин цагтай золгоорой!

Бэлтгэсэн: Б.Цагаандалай

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.