Франсуа Раблэ | Франц
Хүн бүрийн сайн мэдэх хамгийн хүчирхэг шог бүтээл бол Мигель Дэ Сервантес Сааведра хэмээх испани эрийн “Кихот ноён” гэдэгтэй нийтээр санал нэгддэг. Нэгэнтээ III дугаар Филипп хаан гудамжаар элгээ хөштөл инээж яваа уншигчийг хараад “Энэ хүн галзуурчээ. Эсхүл тэр “Дон Кихот” л уншиж байгаа биз” хэмээсэн гэдэг. Гэхйдээ энэ нь цорын ганц гэсэн тодорхойлолтод чухам нийцэхгүй. Лопе Дэ Вега болоод Эразмыг нэрлэлээ ч гэсэн үндэстэн бүхэнд туйлын уран “мянгуужингууд” цаг үе бүхэнд байсан нь илэрхий. Жонатан Свифтийн “Гулливерийн аялал” хүртэл хошин ёгтлол, түүн доторх адал явдлын уран нүүдэлгүйгээр далайн тэнүүлчний өрөвдөлтэй амьдралын гүн дэх өөрийгөө зугаацуулах гэсэн төсөөллийн яриа болж өнгөрөх байсан гэлтэй. Тэгээд ч суутнууд бүгд усан тэнэг ч юм шиг хачин егөөтэй суутнууд л байдаг шүү дээ. И.Ильф, Е.Петров нарын “Алтан тугал”-ыг аваад үзье. Түүн шиг зугаатай ном өдийг хүртэл уншсангүй хэмээн дуун алдах уншигч олон. Гэхдээ зүгээр нэг наргиан цэнгээнийг уг романд үзүүлсэнгүй. Ер нь бол товчхон хэлэхэд эмгэнэлийг ер бусын инээдэмтэйгээр урласан бүтээл. Саятан болсноо мэдэгдвэл шоронд суух эрсдэлтэй, хувийн өмч хэрхэвч байж болохгүйг журамласан бурангуй нийгэмд хэн ч зүгээр нэг мөнгө овоолчихгүй л дээ. Гэтэл тэгж чадсан нэгэн эрийг олж мэдсэн луйварчид мөнгийг нь авахаар муур, хулганадаж буй зохиол. Харин нөгөө сэргэлэн эр нь амархан луйвардуулах этгээд биш. Николай Гоголийн “Байцаагч түшмэл”, “Тоглоомчин” зэрэг хошин жүжгүүд ч нийгмийнхээ болоод хүмүүсийн доторх жигшмээр чанарыг уран егөөдлөөр цоо цоо хатгасан урт хадаас мөн. Тэгвэл хошин зохиол гэдэг маань ямархуу зүйл болж таарах вэ? Мөнхийн туурвил нэг бол уй гашуугаас, үгүй аваас уйдаж зүрхлэмгүй уран хошигнолоос бүтдэг гэснийг үзвэл уран зохиол дахь дээд чанар үүн дотор оршдог нь гарцаагүй.
Мэдээж хүн төрөлхтөнд уудалж хүчрээгүй, ухаж гүнд нь хүрээгүй мөнхийн сэдэв олон бий. Гэтэл түүн дотроос чухам юуны учир наргиантай үлгэрүүд өөрийгөө жинхэнээр нь таних боломжийг хүмүүст илүүтэй олгодог хэрэг вэ? Энэ тухайд нэгэн мөнхийн номын жишээн дээр хөөрөлдөх чухам л наргиантай байх болов уу. Тэгвэл уншигч минь, хоёулаа наргианаа эхлэе.
Усан тэнэг асуулт гэж байдаггүй гэдэг. Тиймээс нэг асуулт тавиад үзье. Энэ дэлхийд хамгийн амархан уншигдах атлаа модон тавиураас дэлхийн олон уншигчдад хүрсэн ном бий юу?
Тийм ээ, байгаа. Гэхдээ тийм ном хэд байдгийг мэдэхгүй юм. Мэдэх нь гэвэл Сэргэн мандлын үеийн Францын уран зохиолын сод төлөөлөгч Франсуа Раблэгийн "Гаргантюа ба Пантагрюэль". Зарим нь уг бүтээлийг Тристрам Шандригийн нөлөөлөөс болж л уншихыг хүсэж дэрнийхээ хажууд тавьсан боловч хүссэн зүйл нь хүзүүгээр ороож онц гойд санагдаагүй учир орныхоо хөл рүү шидчихсэн гэдэг. Мөн ч хөгжөөнтэй хэрэг шүү.
Угаас Раблэ дүрүүдийнхээ сэтгэлзүйд уншигчдыг хүлж, оюун санааных нь мухрыг онгичсон урт, уйтгартай үлгэр хүүрнэхийг хүсээгүй агаад огтын санаанд оромгүй анекдот ярьж, бусдыг тэрхүү наргиан наадмын талаарх бодолд автуулж, инээлгэхийг зорьдог. Иймээс заримд нь цагийн гарз байж мэднэ. Гэвч Оросын философич, XX зууны утга зохиолын томоохон онолчдын нэг Михаил Бахтин хошигнолыг “Цаг хугацааны урсгал доторхи бие хүний бодтой ухамсар” гэж дүгнэсэн байдаг. Тэгвэл өөрийгөө ямар үед жинхэнээр нь тольдож, үнэнээр нь таньж авах вэ гэвэл хараахан субъктив биш тэрхүү ухамсраас хайх хэрэг гарав биш үү. Тиймээс Раблэгийн эл зохиол ардын аман үлгэрүүдийн энгийн нэг чуулбараас онхи өөр байсан тул цагийн цаазыг давж гарчээ.
Михаил Бахтин хэрхэснийг бүрэн жишгээр үзүүлье л дээ. “Раблэ ба түүний ертөнц” хэмээх суут онолын бүтээлдээ “Хэдийгээр дундад зууны үеийн хошигнол нь субъектив бус боловч, цаг хугацааны зогсолтгүй урсгал доторх бие хүний бодтой ухамсар юм. Энэ бол бүхий л хүний хувьд нийтлэг ухамсар билээ. Цаг хугацааны энэ л урсгалыг нийтээр хөгжилдсөн найр наргиан дунд, хөөрч баярласан хүмүүсийн цуглаанд, бусадтай нас хүйс, зэрэг зиндааны ялгаагүйгээр холилдох үе л хүн илүү гүнзгий мэдэрдэг. Ахин шинэчлэгдэж, шинээр өөрийгөө олж авах боломж энэ байдаг. Инээд наргиантай үлгэрүүд яагаад чухам үхэл, ариун шүтээний тухай сэдвээс дээгүүр, хүний мөн чанарт ойр санагддагийн учир ч тэр” хэмээн “Гаргантюа ба Пантагрюэл” романыг өнөөг хүртэл ач холбогдолтой хэвээр байгаагийн учрыг тодорхойлжээ.
Уг номыг дөрвөн хэсэг үлгэрээс бүтсэн гэж үздэг нь төдийлөн зохистой бус санагддаг. Ном ерөөс хоёр том хэсгээс л бүтнэ. Үүнийг харин нарийн тунгааж орчуулсан хувилбар нь манайд бий. Англи хэл дээрх хувилбар нь харин олон янз. Германд ч мөн хоёр хэсэгт хуваан ангилсан хэвлэлтэй таарч байв. Харин дөрвөн хэсэгт онолчид хуваасан нь үйл явдлын шинэ эхлэл болоод тухайн зуунд хэвлэлтэд хэрхэн шилжиж, дөрвөн хэсэг ном болон уншигчдад хүрч байснаар нь хуваан үзэхэд хүрсэн болов уу.
Энэ шинжээр нь ангилан үзвэл нэн тэргүүнд Пантагрюэлийн эцэг Гаргантюагийн газар нутгаа хамгаалан дайтсан тухай, түүний анд нөхдийн баатарлаг гавьяа, дэлхийг эзлэхээр зориглосон авч төрсөн нутгийг нь хүртэл авч чадаагүй хөрш улсын хаан Пикрошолийн инээд хүрэм омог хилэн, ичгүүртэй ялагдал, дайны үүсэл болсон тариаланчид, бялуучдын өчүүхэн агаад үнэ цэнийн хувьд Раблэ хосгүй тэмцэл болгон урласан үзэл санааны талаар өгүүлдэг. Гэвч Раблэ эл номыг уншигчдад хүргэсэн эхний номынхоо дараа нь бичжээ.
Харин уншигчдад хүрсэн эхний ном бол үйл явдлын хувьд Гаргантюагийн дараа өрнөх боловч түүний хүү ухаалаг, сайхан сэтгэлт Пантагрюэлийн төрсөн тухай болоод гайхамшигт амьдралын талаар хүүрнэдэг.
Гурав дахь номд Пантагрюэлийн найз Панург эхнэр авах уу, үгүй юу гэдэгтээ эргэлзэж, түүнээс зөвлөгөө авч буйгаар эхэлнэ. Тун хөгтэй энэ асуулт ерөөс хувь хүний мунхаглал бус амьдралын чухал сонголт болохыг харуулснаас үүдээд дараагийн ном эхлэх шалтгааныг үүсгэжээ.
Эцэст нь төгсгөлийн дөрөв дэх номд найз Панургийн эхнэр авах, үгүйг шийдэхийн тулд урт холын аянд гарч Шидэт Лонхны хийдэд очин лонхноос асуултын хариугаа авахаар болно.
Номын гол дүрүүд нь аварга биетүүд. Гаргантюагийн эцэг Грангузье наргиан цэнгээн хийж, ууж идэхэд туйлын дуртай мангас байжээ. Ном ч ийм л утгатай өгүүлбэрээр эхэлдэг. Түүний эхнэр Гаргамел бөгөөд уг хоёр мангасын эрийнх нь нэр францаар “их хоолой”, эмийх нь “хоолой” гэсэн утгыг илэрхийлнэ. Тэдний хүү Гаргантюа төрөхөд л Раблэгийн эртний үлгэр домгуудыг уншиж өссөний дүнд илэрсэн уран сэтгэмжийг илэрхийлэх зүйрлэлүүд хөвөрч өгнө дөө. Хүүгийн найранд зориулан 367014 амбан шар төхөөрсөн л гэнэ, хүүдээ бээлий оёхын тулд 16 гэрийн сахиусны арьсыг өвчин, цамцанд нь францын тэргүүн зэргийн 900 тохой даавуу орсон гээд л үл үнэмшим анхаарал татам зүйрлэлүүд хуудсаас хуудас дамжина. Түүгээр үл барам Гаргантюа хэн ч харсан гайхалтай царайлаг хүү агаад арван эрүүтэй, гайхмаар хачин төрхтэй юм гэнэ. Гэхдээ энэ бүгдээс бид уран зохиолын амт шимтийг бус зөвхөн үлгэрийн үйл явдал, түүн доторх зохиогчийн баялаг төсөөллийн мэдрэмжүүдийг олж харж, амтлах билээ.
Зохиолыг үнэ цэнтэй болгосон нэг шалтгаан нь Раблэгийн хошигносон шүүмжүүд болоод мөнхүү Пантагрюэлийн аялалын явцад очсон арал бүр нь нэрийнхээ утгад бүрнээ нийцэж байсан учраас ямар нэгэн нууцалсан агуулга эрэх явдалгүйд оршиж байв. Мөн асуудал бүр дээр түүхэнд үлдсэн тодорхой жишээ, баримт, хуучуудыг гарамгай ашиглаж, дүрүүдийн хоорондох зөрчилдөөнийг шийдвэрлэж байсан нь зохиолчийн анхнаас нь бодож боловсруулсан уран санааны нэг.
Жишээ нь Салхит арал бий. Тэнд хүмүүс нь зөвхөн салхиар л хооллоно. Өвчин туссан хүмүүсийг салхинд цохиулж эмчилнэ. Үүнийг үзээд Пантагрюэль “Та нар юутай амар жимэр амьдарна вэ? Салхины үнэ хөлс гэж төлөхгүй шүү дээ. Салхи салхилбал хоол бэлэн болох тэр” гэхэд арлын эзэн зовлон зүдүүр их болох тухай өгүүлдэг. Бороо их орохоор арал дээр салхи үүсэхгүй. Мөн арлаас нь хол Бренгнариль хэмээх аймшигтай мангас байх бөгөөд гэдэс нь өвдөх үед салхи үүсгэдэг тээрмүүдийг нь үрлэн эмийн оронд залгичихдаг учир үгүйрэл, хоосролын туйлд хүрдэг гэх...
Мөн ондоо нэг жишээ авч үзье л дээ.
“...Энэ мөчид дүүрэн бөмбөр ачсан нэг том хөлөг онгоц бидэнд ойртож ирэхэд, тэр хачин хөлгийн зорчигчдын дотроос хуучин анд Анри Котиралийгаа олж харлаа. Тэр бүсэндээ илжигний том толгой хавчуулж, солгой гартаа том болсон бохир титэм, баруун гартаа байцааны бяцхан шилээгүүр барьжээ.
Анри Котираль намайг үзмэгц, илжигнийхээ толгойг сэгсчин
-Найз минь, чи наашаа хар. Үүний юу болохыг чи мэдэх үү? Чи яаж мэдэх билээ! Энэ бол байгалийн жишээлшгүй гайхамшигт бүтээл мөн. Үүгээр би алив металлыг алт болгож хувиргах шидэт эм хийнэ гэж хашгираад...” хэмээдэг хэсэг бий.
Пантагрюэлийн онгоц далайн хүчтэй хуй салхинаас амь мөлт мултарсан хойно энэ хэрэг болсон юм л даа. Тэрхүү илжигний толгой нь нэг ёсондоо бүхнийг алт болгон хувиргадаг “Философийн чулуу”. Үүнийг эрэгч, үгүй аваас нууц эрдмийг эзэмшигч алхимичүүдийн тухай бид мэднэ. Харин Раблэ ийм ид шидэд огтоос итгэдэггүй байсан нь тодорхой. Тиймдээ ч тэднийг илжгэн толгойтнуудтай зүйрлэн элэглэн шоочлохдоо ийнхүү бичжээ.
Тэгээд ч “Ухаантны вант улс”, “Шаахайн арал”, “Дамшлагчдын арал”, “Гяндан арал” гэх мэтээр урт холын аялалд таарсан арлуудын нэр, тэнд оршин суугчдын тухай эргэцүүлэн санах аваас орчин үеийн үгийн гарамгай суутан Итало Кальвиногийн “Үл үзэгдэгч хотууд” санаанд буудаг юм.
Нэгэн удаа усан онгоц нээлттэй тэнгист хөвж явахад Пантагрюэль болон хөлгийн багийнхан агаарт хүмүүс ярилцаж эхэлснээ тэр нь удахгүй дайчдын уухай, зэвсэг хангинаж, морьд янцгаах чимээ болон хувирч буйг олж сонсдог. Гэвч дүр нь үзэгдэхгүй. Гэтэл нэг нь тэднийг тус газраар дайран өнгөрөхөөс урьд Арамистийчууд болоод Нефлидатуудын хооронд ширүүн тулаан болсон тухай эртний мэргэдийн бичсэнийг уншсанаа санадаг. Тийнхүү энэ нь мөсөн далайн хил байв.
“...тулалдааны аймшигт бүх дуу чимээ цөм агаарт хөлдсөнөө одоо хавар болоход хайлж, сонсогдох болж байгаа нь энэ...”
Энэ жишээ л гэхэд надад тун чиг ер бусын гайхалтай сэдэл өгсөн юм даг. Харин түүнийг энд хуваалцахгүй.
Дээрх жишээнүүдээс харахад үнэхээр Европын олон уншигчдын оноодог индекс ба конкордасын хөгжингүй урлагийн адил эсэн бусын тэнэгүүдийн хоорондын элэглэл төдийхөн гэж авч үзэх нь жинхэнэ тэнэглэл болно.
Түүнээс гадна шашны мухар сүсгийн талаар түүн шиг уран гойд цэцэлж, хошигносон зохиолч Сэргэн мандлын үеэс хойших өдгөө зуунд тийм ч олон төрөөгүй дэг ээ. Энэ талаар номын XXIX, XXX, XXXI бүлгүүдээс унших боломжтой. Гэхдээ шашны үзэл санааны бурангуй талыг Буддизмаас ч тэр, Протестантаас ч, Католикаас ч тэр адилхан олж хараад аль нэгийг нь илт хамгаалалтын хуяггүйгээр нүцгэлж эн тэнцүүхэн хошигносонд л түүний үнэн чанарын илрэл оршиж байгаа юм. Магадгүй тэр Францискан сүмд шавилан сууж байхдаа шашны тийм мухар сүсэг, этгээд гаж үзүүлбэрийг тэвчээгүйдээ л 1530 онд Монпельегийн Анагаахын сургуульд элсэн орох шийдвэр гаргасан биз. Сургуульд орсноос хойш зургаахан долоо хоног өнгөрөхөд бакалаврын шалтгалтаа өгөхөд нэгэнт бэлэн болчихсон байсан гэдэг. Тэгэхээр тэр сүмд байхдаа ч энэ чиглэлээр суралцаж байсан болов уу гэж онолчид таамаг дэвшүүлсэн нь бий.
Номдоо зориулж бичсэн оршил үгээс үзэхэд тэрээр тун гярхай агаад юмыг гадна талаас нь бус дотоод мөн чанараар нь шүүдэг байсан нь илэрхий. Тэгээд ч бусадтай тун найзархаг ханддаг байжээ. Тийм л хүн “Анд нөхөд минь, Сократ хэн байсныг мэдэх үү?” гэсэн өгүүлбэрээр балчиг намаг бүхий сууцандаа аж төрөхүйн буулганд даруулсан хүмүүст хандана шүү дээ. Үүнээс гадна оршилд дурдагдсан “Миний номыг хавтсаар нь бүү шүүгээрэй” гэх өгүүлбэрээс үүдээд “Хүнийг хувцсаар бус ухаанаар шүүдэг шиг Номыг хавтсаар нь бүү дүгнэ” гэх үг гарсан байж ч мэдэх билээ. Хэн хэрхэн хэлснийг судар номд бичсэнээр л тэмдэглэн авч үлдээхээс бус бид яахин таамаглах буюу. Тэгээд ч Раблэ бусдыг инээлгэхийг төдийлөн хүсээгүй юм шиг санагддаг. Учир нь хувийн ашиг сонирхлын төлөө ажилладаг санваартнууд, авилгач, шүүгчид, мунхаг гүн ухаантнуудын тухай ёжилж, тэр бүү хэл зарим мулгуу хаадыг хүртэл тэр өөрөө л шоолон инээж байсан юм. Үнэндээ Пантагрюэлийн найз Панург ч мөн тэдний л нэг шүү дээ. Аюул таарах болгонд айн ширвээтэх атал амгалан тайван мөчид өөрийгөө өргөмжлөн дөвийлгөх түүнийг хөлгийнхөн хэчнээн шоолон инээлдэвч анд нөхөр мэт үзсээр байдаг билээ. Учир нь зохиолын дотоод зөрчил дэх дүрийн үнэн чанарыг илтгэхийн тулд тойрон хүрээлэгсэд нь цөм эр зоригтон, ухаантнууд байх ёстой байв. Тэгж байж л уншигчид Панургийн үнэн нүүр царайг олж харах болно. Эцэст нь Панург Шидэт лонхны асуултын дараа ч мөн “-Та миний гэрлэх талаар юу айлдах сан бол? Эхнэр минь намайг зодох уу, эсхүл зодохгүй юу” гэхэд замч Бакбюк “Найз минь, та хуурамч биш жинхэнэ мэдлэгийн замд ормогц сайн хүнийг муу хүнээс амархан ялгаж чаддаг болно. Тэгэхэд та өөрийн дураар эхнэр сонгон авч чадна гэж найднам” хэмээн хариулдаг шүү дээ. Ерөөс зохиолын төгсгөлд Шидэт лонхноос гарсан “Тринк” буюу “уугтун” гэх үгийг дэлгэрүүлэн жинхэнэ мэдлэгийн тухайд өгүүлсэн бүхэл бүтэн томоохон цогцолбор бий. Төгсгөлийн бүлгийн гуравны хоёр хувийг тэр л цогцолбор эзэлдэг. Тэгэхээр эл зохиолын дуусгавар болох цэг дээр агуулга үндсэндээ өөрчлөгдөнө. Тэд үнэхээр Панургийн эхнэр авах үгүйд хариулт авахаар зорьсон авчиг зохиогчийн хариулт өгөх гол санаа нь жинхэнэ мэдлэгийн тухай эрэлд хатсан явдал болж төгсдөг. Худал хуурмаггүй, үзэл санааны хий хоосон дуун гаргах хонгио төмрийн хүнгэсэн чимээгүй, шившигт явдлыг хүлцэн тэвчих хоосон цуурайгүй тийм жинхэнэ мэдлэг. Тэр нь энэ дэлхийд орших цорын ганц агаад байгалийн мөнхийн тайлагдашгүй нууцын утгыг мэдэж чадах тийм л эрдмийн тухай юм.
“Танай гүн ухаантнууд “бүх зүйлийг эртний мэргэд бичсэн тул бидэнд шинэ нээлт хийх юм үлдсэнгүй” гэж гомдол мэдүүлдэг нь гүн ихээр алдаж байгаа хэрэг”.
Сэргэн мандлын үед ч ийм үзэл санааг хадаах дуу хоолой ховор байсныг Раблэгийн зохиол илтгэдэг. Үнэхээр тэр өнгөн дээрээ элдэв марзан үлгэр хэлсэнгүй ээ. Үлэмж биет мангасуудын тулаан, найр наадам, Одиссэйн аялалын замаар туучсаны адил ертөнцийг тэнгисийн давалгаа дундуур туучсан аялалын урт зам бидэнд чинад нууцыг хошигнож тайлахдаа зарим үед хачин их уйтгарлуулах чөлөө өгөлгүйгээр бүгдийг маань ёгтлон инээсэн нь дур гутам мэдрэмжийг төрүүлнэ. Тэрхүү мэдрэмж нь хүн төрөлхтөн өөрсдийнхөө үнэн төрхийг хараад гэмших сэтгэл юм.
Түүгээр үл барам үлэмж биетнүүд төрөх явдал хийгээд зугаа цэнгэл, наргиан, алиа салбайдай нарын түүхүүд зэрэг уран нарийн зүйрлэлүүд бүхий үйл явдлууд нь хэрхэн харгалдаж буйг нарийн ажиглахгүйгээр унших аваас уртаас урт цаг хугацааг хамарсан асар том багт наадмын дотор орсон мэт сэтгэгдэл төрүүлэх вий. Тэнд та ууж наргиж, Раблэ харсан зүйлээ хэрхэн танд тэнгэр бурхны нэрийг барин үнэн гэдгийг нь тангараглаж буйг ч сонсох боломжтой.
Уг номын зохиолч өөрөө эдгээр түүхийн дотор амьдарсан, адал явдлыг биеэрээ туулснаа батлан өгүүлж Гаргантюагийн аманд орж үзсэн тухайгаа ч бидэнд өгүүлдэг. Аман дотор нь яг л оросын үлгэрт гардаг аварга халимны нуруун дээр бүхэл бүтэн тосгон цогцолсон байдгаас ч илүү хүн төрөлхтөн суурьшиж, хот балгад сүндэрлэсэн байх нь бий. Тэндхийн иргэд аварга Гаргантюагийн аманд суугаагаа үл мэдэн “Манай тив бол маш эртний тив” гэх бөлгөө. Тэнд Раблэ байцаа суулгаж буй эртэй таарч, дээрэмчдэд тонуулж, аварга биетийг эвшээхэд амаар нь нисэн орсон тагтаа агнаж буй хүүтэй хүртэл учирч, зургаан сар илүү хэрэн тэнэдэг. Ийм зугаатай аялал гэж ер нь байх уу, та минь.
Ингээд бодохоор уг зохиол өөртөө багт наадмын сүнсийг агуулсан болох нь зүгээр ч нэг үг биш ажээ. Үүнээс гадна тухайн цаг үеийнхээ нийгмийн амьдрал, соёлын тодорхой хэлбэрүүд хэрхэн бий болж, зарим нь нуран унаж, хэсэг бусаг урлагийн нөхөд хэрхэн дундуур нь шавар шавхай хутгаж байсныг ч дам бэлгэдлүүд болоод аман хошигнолын арга хэлбэрийг уран сайханжуулан үзүүлснээрээ хойшдын олон суут бүтээлүүдэд сэдэл болж, туурвин бүтээгчдийн бичлэгийн аргыг зааж өгсөн гавьяатай. Аварга биетүүдийн эрх мэдлийн дарангуйлал нь хүртэл түр зуурын ноёрхох шинж чанарыг илтгэсэн эсрэг утопи байдаг.
Пантагрюэль эцэст нь нөхдийн хамт дахин тэнгист гарахад “Нар огторгуйн гүнд дэгдэж, алтан туяагараа манай хөлгүүдийг гийгүүллээ” хэмээдэг шиг мэдлэг оюуны наран биднийг мөнхөд гийгүүлэхэд үргэлжид найдан хошигнол, егөөдлийн эцэг болсон Францын сод туурвилч Франсуа Раблэгийн “Гаргантюа ба Пантагрюэль”-ийг цаг хугацааны төгсгөлгүйд бат нот итгэн мөнхжүүллээ.