UBLife Logo
Newsfeed

Зөв хүмүүстэй нөхөрлөж буйгаа мэдэх 7 шинж

Зөв хүмүүстэй нөхөрлөж буйгаа мэдэх 7 шинж

Бидний амьдралд найз нөхөд гэдэг хэчнээн чухал билээ дээ. Бид хэрэв амьдралдаа тэрхүү чухал хүмүүсийг олж чадвал амьдрал тэр чигтээ өөр байх болно. Хайраар дүүрэн, дурсамж бас шинэ содон бүхнээр дүүрэн байх болно. Зөв хүмүүстэй найзлан нөхөрлөснөө олж мэдэх долоон шинж, мэдрэмжийг сонирхуулж байна.

1. Тэд чамайг үнэлж, нандигнана

Өөртөө итгэлгүй, өөрийгөө дутуугаар мэдэрдэг, ямар ч муухай сөрөг бодолтой байлаа гэсэн тэд чиний гэгээн, эерэг талыг ч бас тэр дундаа олж харж чадна. Чиний сайхан талуудыг мэдрүүлж, тэр чинээгээрээ илүү сайн хүн байх хүсэлд хөтөлдөг. Тэдний дунд байгаагаараа чи өөрийгөө зөв газар байгааг мэдэрч, хэзээ ч ганцаардсан орхигдсон эсвэл хэрэггүй хүн мэтээр мэдрэхгүй.

2. Хамтдаа илүү сайжирч, сайхан байхыг хүсэж тэмүүлдэг

Найз нөхөд хамтдаа илүү сайхан зүйл рүү тэмүүлдэг. Илүү эрүүл амьдрахын тулд бөөнөөрөө ингэж байя, цаашид хэдүүлээ үүнийгээ багасгаад, тэр цэгт хүрэхийн тулд энэ замаар явъя гэж хамтдаа зам гаргадаг. Мөн нэгнээ муу зуршлаас нь гаргах гэж хатуухан байр суурийг ч баримтлах хэрэгтэй болно.

3. Тэд таныг бодсон шүүмжлэлийг хэлнэ

Алдаа эндэгдэл хүн болгонд байдаг ч түүнтэйгээ эвлэрч эсвэл засахгүй явсаар байна гэдэг маш буруу билээ. Харин найзууд түүнийгээ засахад тань хамгийн том хөшүүрэг, урам зориг, заримдаа хатуу гар болж өгнө. Танд л гэж хатуухан үгийг хэлэх нь бий. Гол нь тэр болгон өөрийн чинь төлөө гэдгийг та цаанаа л мэдэрдэг.

4. Цаг ямагт хамт байхгүй байлаа ч байгаагаа мэдрүүлдэг

Хэчнээн хол зайтай, завгүй, ойр ойрхон уулзаж чадахгүй байлаа ч тэд зүрх сэтгэлдээ таныг тээж байгааг, та ч бас тэднийг санаж, дотроо тээж явдгаа мэдэрдэг. Тэд таны амьдралыг сонирхож, хэр байгааг чинь асууж, чамд санаа тавина. Чи ч бас тэдэнд санаа тавьж, ажил нь хэр байгаа бол, амьдрал нь яаж байгаа бол гэж байнга бодож, асууж, ярилцаж байдаг.

5. Амьдралыг арай өөр өнцгөөс харж эхэлж байгаагаа ойлгоно

Тэд таныг өнөөх л байсан хэмнэл, газраас тань гаргах хүчтэй. Таны дотор байсан асуудлууд багасаагүй байлаа ч, тэр хүмүүсийн ачаар та илүү хүчтэй болж, асуудлуудаа өөр өнцгөөс харж эхэлнэ. Магадгүй энэ өнцөг бусад бүх зүйлийг харах өнцгийг ч бас өөрчилж, та илүү өөрчлөгдөж байгаагаа мэдэрдэг.

6. Тэр хүмүүсгүйгээр өдөр хоногийг төсөөлөхийг хүсэхгүй болж эхэлнэ

Найз нөхөрлөл гэдэг бидний бодсоноос өөр байдгийг бид цаг хугацааны явцад ойлгодог шүү дээ. Дандаа уулзах, хамтдаа оройн цагаар суух зэрэг биш, бүр уулзаж чадаагүй байлаа ч тэр хүмүүс чиний дэргэд байгааг мэдрэх тэр мэдрэмж сайхан. Тэгээд бас уулзах мөчүүд маш удаан хугацааны турш төлөвлөж биш харин гэнэт л тохионо. Хэзээ ч уулзсан, хэчнээн удаан хугацаа өнгөрсөн ч ердөө өчигдөр уулзаад салсан мэт, ямар ч асуудалгүй шууд л бүх яриа хөвөрч гарна даа.

7. Хэчнээн өөр төрлийн хүмүүс байлаа ч та нар хоорондоо яг тохирно

Харахад үнэхээр өөр өөр сонирхолтой, өөр ажил төрөл, өөр стиль имижтэй, үнэхээр тусдаа оршихуйнууд мэт боловч нийлэхээрээ гайхалтай бүрдэл болж өгнө. Өөр өөр талаараа нийлж байгаа эвлүүлдэг тоглоом шиг гэж ойлгож болох юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
4
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.