UBLife Logo
Урлаг

Х.Сүрэн: Бүтээл бидний амьдралын туршлага, мэдрэмжээс урган гардаг

Х.Сүрэн: Бүтээл бидний амьдралын туршлага, мэдрэмжээс урган гардаг

Дурсамж гэх зүйл бидний амьдралын зүүд, зөн, хүсэл бас урам зоригт хамгийн нөлөөтэй зүйл билээ. Заримдаа бид гайхалтай өдрүүдийн дурсамжийн хүчээр л урагш явж, эсвэл сэтгэл шархлам дурсамжийн хөндүүрээр хөглөгддөг. Энэ мэдрэмжүүдийг бид зургаар байтугай үгээр ч илэрхийлэхэд бэрх. Харин уран бүтээлч Хашийн Сүрэнгийн хувьд өөрийн үзэсгэлэнгээр дамжуулж бидний дотоод ертөнцтэй ярилцаж, бас хуваалцаж чаджээ. Түүний “Made by Memory 3/2” буюу "Дурсамжаар бүтээв 3/2 " үзэсгэлэнг буухаас нь өмнө амжиж үзэхийг та бүхэндээ зөвлөх байна.

-Бүтээлүүдээ хийж байх явцын мэдрэмжийг юутай зүйрлэх вэ?

Энэхүү бүтээлийн төслийг “Гэрэлт морьд” тэтгэлэгт хөтөлбөрийн ачаар амжилттай зохион байгуулж, хүмүүст хүргэх боломжтой болсон. Анх тэтгэлэг хүртсэнээ мэдээд би маш их догдолж байсан. Бас нөгөө талаас хэцүү зүйлтэй ч олон нүүр тулсан. Нэг сэргээд л, нэг унаад л, унаад босоод, унаад босоод л байсан гэхэд болно. Нэг хэсэг бүр орноосоо ч босох чадалгүй болтлоо унасан үе байсан. Тэр үед Рик Рубины “Бүтээлч Үйл: Оршихуйн Ухаан” ном их тус болсон. “Зүгээр л урдах юмаа хий” гэдэг нэг үг байсан юм л даа. Энэ үзэсгэлэнг бэлдэж байх үедээ тэр зузаан номыг уншиж дуусгасан. Тэгэхээр цөөн үгээр бол сэргэлт, уналт, босолт гэж зүйрлэх байх.

-Үзэсгэлэнг сонирхох явцад үнэхээр л яг дурсамж дундаа ороод явж байгаа мэт санагдсан. Тэр цэнхэр, хөх өнгийг гаргаж авахын тулд ямар ажиллагаа, мэдрэмж шаардсан бол гэж бодохоос бас их сонин.

-'Guru Media' компанийн продюсер Ц.Ариунаа эгч над дээр ирээд бид хоёр хэдэн цаг ярилцаж суух мөчид яг энэ асуултыг бас надаас асууж байсан юм. Тэгсэн чинь би “Мэдэхгүй” гэж хариулсан. Зүгээр л надад гоё санагдаад гэх юм уу. Би мэдээж цэнхэр өнгөнд дуртай, огторгуйг бэлгэдсэн, бас их тайвшруулдаг өнгө. Гэхдээ яг үнэндээ яагаад энэ цэнхэр өнгийг голчлон барьж авснаа мэдэхгүй. Магадгүй ирэх зургаадугаар сард гарах дараагийн үзэсгэлэн дээрээс маань энэ асуултын хариулт гарч ирж магадгүй.

-2025 он их завгүй өнгөрөх шинжтэй байгаа шүү дээ. Зургаадугаар сард үзэсгэлэнгээ гаргахаар бэлдэж байгаа гэсэн. Үүндээ хэрхэн бэлдэж, юуг төлөвлөж байна?

-Энэ удаагийн үзэсгэлэнгээ 3/2 гэж нэрлэсэн нь эпилоги буюу явцыг бэлгэдэж байгаа. Энэ үзэсгэлэнд хэд хэдэн нууц түлхүүр ч бий гэж хэлж болно. Би бүгдийг нь дэлгээгүй, өөрт байгаа бүтээл, мэдрэмжүүдээс хэсгийг нь энд гаргасан байгаа. Ирэх зургаадугаар сарын 15-нд хэмээн төлөвлөж буй үзэсгэлэн маань Занабазарын музей дээр гарах юм. Тэрхүү үзэсгэлэнд харин бүтээлүүд маань бүтэн болж гарах юм. Энэхүү үзэсгэлэнг бол та бүхнийг цайзынхаа нэг өрөөнд оруулж буйтай зүйрлэж болох юм.

-Уран бүтээлч хүмүүсийн хувьд өөрийн үзэсгэлэнг гаргана гэдэг маш том даваа, дээрээс нь мөрөөдөл байдаг нь мэдээж. Үзэсгэлэн гаргах үйл явцын тухай үнэндээ бид сайн мэдэхгүй шүү дээ. Хэр нүсэр явц байсан бэ?

-”Гэрэлт морьд” тэтгэлгийг хүртэнэ гэдэг өөрөө маш том нэр хүндийн хэрэг. Тиймээс энэхүү үзэсгэлэнгээ хийх явцдаа яаж ийгээд яг санаандаа тултал гаргаж, хүмүүст харуулахыг хүсэж байсан. Би энэ төслийг дотроо гурван жил бодоод байлгачихсан, гаргахгүй л бол бүр гацчихаад байсан. Яг шийдээд төслөө бичээд, задлаад харсан чинь болчих ч юм шиг санагдаад итгэл төрж байсан. Өөртөө итгэлтэй байсан ч бас их сандарсан. Хүмүүс ихэнхдээ ганц уран бүтээлч юмаа хийгээд л болчихдог гэж ойлгодог ч яг үнэндээ ард нь түмэн хүн ажиллаж, дэмжиж байдаг. Бас нөгөө талаас залуу уран бүтээлчдийг дэмжихэд ямар нэг гоё зүйл хийх юм сан гэх хүсэл төрсөн.

-Зохиолч, дуучин, зураач, ямар ч уран бүтээлч нар өөрсдийн гэсэн өвөрмөц онцлогтой байдаг шүү дээ. Чиний хувьд тэр онцгой тал нь юу гэж боддог вэ?

-Би хэдэн жилийн өмнө жаахан байхдаа ярилцлага өгч байсан юм л даа. Тэр үедээ “Зовлонгоос бүтээл гардаг” гээд бодчихсон байсан. Тэгсэн чинь яг үнэндээ тийм биш зүгээр л чиний амьдралын туршлага, туулсан зүйлс, мэдрэмжээс гарч ирдэг юм билээ. Яг энэ үзэсгэлэнг гаргахын тулд би өөрөө шинээр төрж байгаа юм шиг мэдрэмжийг авсан. Бас энэ бүхнийг гаргаж ирэхэд минь нэг хүн маш их тусалсан. Тэр хүнд баярлалаа гэж хэлмээр байна.

-Энэ бүтээлүүд дунд гэнэт маш гоё улаан өнгөтэй зураг гарч ирэхэд ёстой л алмайрсан. Хаанаас ч тийм гоё өнгийг гаргаж ирдэг юм.

-Би яг тэр улаан өнгөнд маш их хайртай. Ямар ч юман дунд нэг чимх улаан өнгө байхад л маш гоё чимж харагддаг. Энэ өнгө болохоор ууланд ургадаг төмсний улаан цэцэг буюу улаан лилиний өнгө. Италид лили болон цагаан уул цэцгийг тастаж авч болохгүй, хуулиараа хориотой байдаг. Гэтэл бид хүссэнээрээ энэ цэцгийг өөртөө авч болдог үнэхээр азтай. Энэ өнгө яагаад ч юм надад их ойр байдаг даа.

-Брайл үсгээр үзэсгэлэнгийн тайлбаруудаа оруулж, дохионы хэл, тайлбар ашигласан нь үнэхээр хайр хүрэм байсан.

-Манай аав тулгуур эрхтний бэрхшээлтэй хүн байсан. Тэр хүн хүссэн газар луугаа гүйгээд явчхаж чадахгүй, хүссэн бүх зүйлээ шууд саадгүй зориод үзчихэж болдоггүй байсан байгаа юм. Тухайн үедээ би мэддэггүй байсан. Сүүлд би, “Өө манай аав чинь хөгжлийн бэрхшээлтэй хүн байсан юм байна шүү дээ. Гэхдээ бид нар тэр хүнийг энгийн л гэж хардаг байсан шүү дээ” гэж бодсон. Сүүлд Оюутолгойд орсон чинь манай багт хэл ярианы бэрхшээлтэй хүн байсан юм. Тэр хүнээр дохионы хэл заалгуулаад, сураад эхэлсэн чинь надад бүр үнэхээр гоё санагдсан. Тэгээд ер нь хаана ч байсан, ямар ч хүн асуудалгүй, амар хялбар аргаар мэдээлэл авч, хүссэн зүйлдээ оролцдог байх л чухал. Тэргэнцэртэй хүн орж ирээд асуудалгүй үзээд буцчихвал хэчнээн сайхан. Бас 116-р сургуулийн багш захирал, 26-р сургуулийн багш нар бас надад туслаад, Quiz Night-ийг зохион байгуулдаг Мико хоолойг нь уншиж өгөөд, UB LIFE сайтаас мэддэг болсон Ж.Мөнхзул, Тило маань текст засварлаж өгөх зэргээр маш олон хүн надад тус болсон. Тэр бүх хүмүүст маш их баярлалаа.

Хэрэв уншигч та бүхэн түүний бие даасан үзэсгэлэнг үзэж амжаагүй байгаа бол Улаан гэр галерейд 10 дугаар сарын 29-ний өдөр хүртэл нээлттэй гарахыг дахин нэг сануулъя. Цаг заваа гарган зорьж үзээд, өөрийн дурсамжуудаараа аялаарай.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
3
0
4
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Арваннэгдүгээр сарын 19-нд СУИС-ийн Ярих урлаг, театр кино судлалын тэнхимийн 30 жилийн ойн хурал болно

Арваннэгдүгээр сарын 19-нд СУИС-ийн Ярих урлаг, театр кино судлалын тэнхимийн 30 жилийн ойн хурал болно

Эртний зохиол бүтээлд урлах ухааныг биеийн ур, сэтгэлийн ур, хэлний ур хэмээн гурав хуваан номлож байсан нь бидний биеийн үйлдэл, сэтгэхүйн үйлдэл, үгийн үйлдлийн нэгдэл дээр уран чадвар оршин тогтоно гэсэн сургаалтай агаар нэгэн байна