2026 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий урьдчилсан шатны Азийн бүсийн тоглолтууд өчигдрөөс эхэллээ.
Японы шигшээ эхний тоглолтоо Хятадын багтай хийж, 7:0-ээр хожив.
Английн Премьер лигийн одод Каору Митома, Ватару Эндо нар эл тоглолтын эхний хагаст гоол оруулсан юм. “Брайтон”-ы жигүүрийн тоглогч Митома бэртлийн улмаас багагүй хугацааг талбайн гадна өнгөрүүлж, нэгдүгээр сард явагдсан Азийн цомын тэмцээнээс хойш анх удаа шигшээ багтаа тоглосон нь энэ.
“Ливерпүүл” клубт хүчин зүтгэж асан өдгөө Францын “Монако”-д тоглож буй Такуми Минамино завсарлагааны дараа хоёр гоолыг хаалганд шигтгэснээр 2002 оноос хойш ДАШТ-д хоёр дахиа оролцохоор зорьж буй Хятадын шигшээг бүрэн хяналтадаа оруулах нь тэр.
Азийн цомын тэмцээнээс хойш шигшээ багтаа анхны тоглолтоо хийж буй Жуня Итогоос гадна Дайзен Маэда, Такефуса Кубо нар нэмж гоолдсоноор Японы баг өрсөлдөгчөө 7:0-ээр бут ниргэв.
Хятадын шигшээ багийг удирдаж буй Хорват дасгалжуулагч Бранко Иванкович тоглолтын дараа "Япон бол маш хүчтэй баг. Тэд Ази тивийн шилдэг нь төдийгүй дэлхийн хэмжээний баг шүү дээ" гэсэн юм.
Япон болон Хятадын багууд Австрали, Саудын Араб, Бахрейн, Индонезийн хамтаар эл тэмцээний “С” хэсэгт хуваарилагдаад буй. Уг хэсгийг тэргүүлсэн хоёр баг ДАШТ-д оролцох эрхээ шууд авах бол 3, 4-р байрт эрэмблэгдсэн багууд эрхийн төлөөх аяллаа цааш үргэлжлүүлэх учиртай.
Мягмар гарагт Японы шигшээ Бахрейний талбайд зочлон тоглох бол тухайн өдөр Хятад талбайдаа Саудын Арабтай өрсөлдөнө.