UBLife Logo
Спорт

Тамашёохо: Олон жилийн мөрөөдөл минь биеллээ

Тамашёохо: Олон жилийн мөрөөдөл минь биеллээ

Японы сүмо бөхийн холбооноос өнөөдөр ирэх сарын 12-нд Токиод эхлэх Нэгдүгээр сарын тэмцээний банцүкэг зарлалаа. Шинэ банцүкэгээр Катаонами дэвжээний Тамашёохо Э.Энхманлай дээд зиндаанд дэвшлээ. Тэрээр Монголын жүдо бөхийн шилдэг мэргэжилтэн Ш.Эрдэнэбилэг багшийн хүү. Ш.Эрдэнэбилэг багш Монголд "Удам" гэж клуб байгуулж, манай алдарт бөхчүүдийн удмынханд жүдо заадаг байсан юм. Их аварга Асашёорюү, ёкозүна Харүмафүжи, сэкивакэ Асасэкирюү, комүсүби асан Токитэнкү нар түүний шавь билээ.

Тамашёохо 2011 оноос сүмо барилдсан. Нийт 79 башё мэргэжилд барилдсаны эцэст дээд зиндаанд дэвшиж байгаа нь гадаад бөхчүүдийн хувьд хамгийн удаан рекорд болжээ. 31 нас, 9 сартайдаа макүүчид орсон нь дэлхийн хоёрдугаар дайны дараах 8 дахь ахмад маэгаширагийн үзүүлэлт болсон. Тэрээр Монголын 31 дэх дээд зиндааны бөх. 13 жил барилдахдаа дэвжээ нь хаагдах, өөр дэвжээтэй нийлэх зэргээр таван дэвжээ, 6 оякатагийн нүүр үзэж, дөрвөн өөр нэрээр барилдсан.

Өнөөдөр Тамашёохо дэвжээн дээрээ хэвлэлийн бага хурал хийлгэлээ. “Маш их баяртай байна. Олон жилийн мөрөөдөл минь биеллээ. Удаан дэвшсэн хамаагүй, тоохгүй байгаа. Гол нь дэвшсэн хойноо удаан барилдах нь чухал. Дэвжээ солигдох болгонд л дотроо маш дургүй байдаг байлаа. Одоогийн Катаонами ояката надад “Өөрийгөө сайн таньж мэд” гэж хэлснээс эхлэн барилдаан өөрчлөгдөж, амжилт гарч эхэлсэн. Юмыг сөргөөр хүлээн авах хандлагаа хүлээн зөвшөөрсөн минь ч нөлөөллөө. Тамаваши сэкитэй хамт дохёнд гарах ёслол хийх нь мөрөөдөл байлаа. Нэгдүгээр сарын тэмцээнд барилдаандаа анхаарч, хичээх болно” гэж ярьжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
13
1
3
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.