UBLife Logo
Спорт

Конишикид эхнэр нь бөөрөө өгчээ

Конишикид эхнэр нь бөөрөө өгчээ

Мэргэжлийн сүмо бөхийн озэки асан Конишики өнөөдөр өглөө /2024.12.23/ Камакүра хотын эмнэлгээс гарч, хэвлэлийн бага хурал хийлгэлээ.

Санта Клаусын дүрээр сэтгүүлчдийн өмнө гарч ирсэн тэрээр эхнэр нь түүнд бөөрөө хандивласан талаар мэдэгдсэн байна. Мэс ажилбар амжилттай болжээ.

Конишики нэлээд эртнээс бөөрний өвчтэй байсан бөгөөд өнгөрсөн наймдугаар сард бөөр шилжүүлэн суулгаж болох эсэх шинжилгээ өгчээ. Ингээд эхнэр Чиэ нь донор болж, 12 дугаар сарын 4-нд зургаан цаг үргэлжилсэн хагалгаанд орсон гэнэ.

Тэрээр “Та бүгдэд Зул сарын баярын мэнд хүргэе. Та бүхний ач дэмжлэгтэйгээр мэс засал амжилттай боллоо. Чиэ эхлээд эмнэлгээс гарсан. Миний бие сайн байна. Гэргийнхээ бөөрийг авч, 99.9 нас хүртлээ амьдарч чадах боллоо. Энэ шийдвэрийг гаргахад тун хүнд байлаа. Чиэгийн бие муудахгүй байгаа, түүнд аюулгүй юу гээд л санаа зовох зүйл их байсан. Хайртай хүнийхээ бөөрийг авна гэж толгойд огт бууж өгөхгүй. Харин Чиэ зүгээр, зүгээр болно гээд л. Эмнэлгийн ажилтнууддаа баярлалаа” гэж ярьсан юм.

Конишики – 1963 онд төрсөн. Хавайн уугуул. 1987 оны тавдугаар сард гадаадын анхны озэки болсон. 39 башё озэки цолтой барилдсан. Дээд зиндаанд гурван удаа түрүүлж, 1997 оны 11 дүгээр сард зодог тайлсан. 1998 онд Сүмо холбооноос гарч, урлагийн замналаа эхлүүлсэн. 2004 онд Чиэтэй гэрлэжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.