UBLife Logo
Спорт

Кевин де Брейне бэртэж, “Арсенал”-ын эсрэг тоглох эсэх нь эргэлзээтэй боллоо

У.Чинзориг
У.Чинзориг
Кевин де Брейне бэртэж, “Арсенал”-ын эсрэг тоглох эсэх нь эргэлзээтэй боллоо

“Манчестер Сити” клуб Аваргуудын лигийн нээлтийн тоглолтыг Этихад цэнгэлдэхдээ хийсэн ч, “Интер Милан”-тай 0:0-ээр тэнцлээ.

Лхагва гарагт явагдсан эл тоглолтын үеэр Кевин де Брейне цавиндаа бэртэл авч, эхний хагасын завсарлагаанаар талбайг чөлөөлсөн юм.

Тэд 2023 оны Аваргуудын лигийн финалд тааран тоглоход “Сити” 1:0-ээр хожсон билээ. Премьер лигийн эхний дөрвөн тоглолтод есөн гоол оруулаад буй Эрлинг Хааланд “Сити”-гийн төлөөх 100 дахь гоолоо энэ үдэш бүртгүүлж хараахан амжсангүй. “Интер”-ийн хамгаалалт зохион байгуулалт сайтай, нягт байлаа, тэр тусмаа хаалгач Янн Зоммерийн сайн формыг магтахгүй байхын аргагүй юм.

“Манчестер Сити” клуб 2022 оны аравдугаар сараас хойш анх удаагаа Аваргуудын лигийн тоглолтод гоолдож чадаагүй нь энэ. Өөрөөр хэлбэл, сүүлийн хоёр жил хагасын хугацаанд Ситигийн тоглогчид Этихад цэнгэлдэхдээ хоёр дахь удаагаа гоол оруулж чадалгүй өнжсөн нь энэ. Нөгөө нь өнгөрсөн улиралд “Арсенал”-тай хийсэн тоглолт юм.

Ням гарагт Этихад цэнгэлдэх хүрээлэнд “Арсенал”-тай хийх Премьер лигийн чухал тоглолтын өмнө де Брейне бэртсэн нь аваргуудын санааг зовоож байна. Харин Фоден бэртлээ эдгээж, тоглох боломжтой болсон нь Пеп Гуадиолаг тайтгаруулж буй нь гарцаагүй.

Хэдийгээр Премьер лигийн ердөө тавдугаар тойрог явагдаж байгаа ч, Микел Артетагийн баг сүүлийн хоёр улиралд “Сити”-гийн чанх ард эрэмблэгдэн 2-р байраар тэмцээнийг өндөрлүүлээд байгаа тул хоорондын тоглолтын үр дүн чухал байх нь гарцаагүй.

Родри “Интер”-ийн эсрэг гарааны бүрэлдэхүүнд багтсан нь энэ улирлын эхний тохиолдол. Тэгвэл өнгөрсөн улирлын Премьер лигийн шилдэг тоглогч Фил Фоден энэ намар ганц ч тоглолтод бүтэн оролцоогүй байна. Мөн “Интер”-ийн эсрэг Кайл Уолкерийг тоглуулсангүй.

Гүндоган болон Уолкер нарыг бямба гарагт “Брентфорд”-ыг 2:1-ээр хожсон тоглолтод л ганцхан удаа гараанаас тоглуулав. Мөн Натан Аке бэртсэн тул Пепийн хамгаалалтын шугам том өрсөлдөөнд хангалттай бэлэн эсэхэд эргэлзэхэд хүргэж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.