UBLife Logo
Спорт

“Дортмунд”-оос тодорч буй англи авьяастан Жэйми Гиттенс

У.Чинзориг
У.Чинзориг
“Дортмунд”-оос тодорч буй англи авьяастан Жэйми Гиттенс

“Дортмунд”-аас гялалзсан замналаа эхлүүлсэн англи тоглогчдын цуваа Жейдон Санчо болон Жуд Беллингхэм нараас эхлэлтэй.

Харин тэдний халааг залгамжлах дараагийн шидтэн Жэйми Гиттенс үү? гэсэн асуултыг хөгжөөн дэмжигчид өвөр зуураа Аваргуудын лигийн эхний тойргийн дараа жиг жуг хэлэлцэх боллоо.

20 настай Английн залуучуудын шигшээ багийн тоглогч лхагва гарагт “Брюгге” клубийн хаалганд хоёр гоолыг оруулсан юм. Тэрбээр 68 дахь минутад сэлгэгдэн талбайд орж ирсэн гэхэд чамлахааргүй сайн үр дүн байлаа.

Хэдийгээр эхний цохилт нь хамгаалагчийн биед ойгоод азтай байдлаар хаалганд орсон байж болох ч, хоёр дахь гоолыг нь бишрэхгүй өнгөрч яахин болох билээ.

“Дортмунд”-чууд 3:0-ээр өрсөлдөгчөө буулгаж авсан бол Гиттенс маргаангүй тоглолтын шилдгээр нэрлэгдэв.

Гэлээ ч энэхүү гялалзсан тоглолт нь түүний анхны цойлолт биш юм. Тэрбээр наймдугаар сард “Франкфурт”-ыг 2:0-ээр хожсон тоглолтын төгсгөл хэрд сэлгэгдэн талбайд гараад гурван онооны үнэ цэнтэй хоёр гоол оруулсан.

Жэйми Гиттенс 2004 оны 8-р сард Лондонд төрсөн төдийгүй “Рийдинг”-ийн академиас хөлбөмбөгчний замналаа эхлүүлсэн. Тэрээр 2018 онд “Манчестер Сити”-гийн академи руу буурь сэлгэсэн ч, Санчогийн адилаар хоёр жилийн дараа Английн аваргуудтай гэрээ үзэглэхээс татгалзаж, улмаар Дортмунд руу нүүсэн юм.

Гиттенс 2022 оны 4-р сард “Дортмунд”-ын үндсэн багийн төлөөх эхний тоглолтодоо оролцож, үүнээс 10 сарын дараа “Челси”-гийн эсрэг тоглосноор Аваргуудын лигийн тэмцээнд анхны жимээ гаргасан билээ.

Улмаар Аваргуудын лигийн анхны гоолоо өнгөрсөн жил “АС Милан”-ы эсрэг оруулсан. Тэрбээр 2022 онд Английн залуучуудын шигшээ багийн хамтаар 19 хүртэлх насны Европын АШТ-д түрүүлсэн юм.

Дортмунд дахь замналынхаа ихэнх хугацаанд өөрийгөө хөгжүүлэх, өсөн дэвжихэд анхаарч өнгөрүүлсэн Гиттенс өдгөө супер од болох шилжилтийн үедээ ирээд буй.

Өнгөрсөн улиралд тэрээр Бундес лигт хоёр, Аваргуудын лигт нэг гоол оруулсан. Гэхдээ энэ улирлын эхэнд ердөө тавхан тоглоод л энэ тоогоо хэдийнэ гүйцээжээ.

Хэрэв тэр энэхүү гялалзсан формоо үргэлжлүүлэх аваас “Дортмунд”-ын гарааны боломжийг атгах төдийгүй Английн шигшээ багт ч дуудагдах цаг удахгүй биз ээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Кевин де Брейне бэртэж, “Арсенал”-ын эсрэг тоглох эсэх нь эргэлзээтэй боллоо

Кевин де Брейне бэртэж, “Арсенал”-ын эсрэг тоглох эсэх нь эргэлзээтэй боллоо

Хэдийгээр Премьер лигийн ердөө тавдугаар тойрог явагдаж байгаа ч, Микел Артетагийн баг сүүлийн хоёр улиралд “Сити”-гийн чанх ард эрэмблэгдэн 2-р байраар тэмцээнийг өндөрлүүлээд байгаа тул хоорондын тоглолтын үр дүн чухал байх нь гарцаагүй.