Японы БХЯ-ны сайд асан Шигерү Ишиба эрх баригч Либерал Ардчилсан намын даргаар сонгогдож, тус улсын түүхэн дэх 102 дахь Ерөнхий сайдаар батлагдлаа. Тэрээр гол зорилгоо нам доторхи авлига, мөнгөний асуудлыг цэгцэлж, ард түмний итгэлийг эргүүлэн авах гэж мэдэгдсэн юм. Мөн БХЯ-ыг удирдаж байсан хүний хувьд аюулгүй байдалд онцгой анхаарахаа зарласан.
Шинэ Ерөнхий сайд Засгийн газраа шинээр бүрдүүлснийг өнөөдөр Эзэн хаан Нарүхито баталлаа.
ГХЯ-ны сайдаар Такэши Ивая, БХЯ-гы сайдаар Гэн Накатани томилогдлоо. Энэ хоёр сайд хоёулаа Батлан хамгаалах салбарт ажиллаж байсан туршлагатай. Ерөнхийдөө БНХАУ-тай зөрчил хурцадсан, Тайвань, Солонгосын хойгийн асуудал гээд бүс нутгийн улс төрийн байдал түгшүүртэй үед хийсэн сонголтууд гэж хэлж болох юм.
Санхүүгийн сайдад Кацунобу Като, Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайдад Ёжи Мүто сонгогдсон байна. Мүто өмнө нь ОХУ-тай эдийн засгийн хамтын ажиллагааны сайдаар ажиллаж байв. Шинэ Засгийн газар Оростой хамтын ажиллагааны сайдын албан тушаалыг болиулжээ.
Японы Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ёшимаса Хаяши болон Газар, дэд бүтэц, тээврийн сайд, Комэйто намын гишүүн Тэцүо Сайто суудлаа хадгалан үлдсэн байна.
Бусад сайд нар:
Сэйичиро Мүраками – Захиргаа, харилцаа холбооны сайд
Хидэки Макихара – Хууль зүйн сайд
Такамаро Фүкүока – Эрүүл мэнд, хөдөлмөрийн сайд
Ясүхиро Озато – ХАА, ой, усны аж ахуйн сайд
Кэйичиро Асао – Байгаль орчны сайд
Масааки Тайра – Цахим хөгжлийн сайд
Олон нийтийн аюулгүй байдлын үндэсний комиссын тэргүүн - Манабү Сакаи
Эдийн засгийн сэргээн босголтын сайд - Рёсэй Аказава
Эдийн засгийн аюулгүй байдлын сайд - Минорү Киүчи
Орон нутгийн хөгжлийн сайд - Ёшитака Ито.
Шинэ засгийн газар хоёрхон эмэгтэй сайдтай.
Хүүхэд, төрөлт нэмэгдүүлэх, хүйсийн тэнцвэртэй байдлыг хариуцсан тусгай сайдад Жюнко Михара, Боловсролын сайдад Тошико Абэ сонгогдлоо.