UBLife Logo
Дэлхий

Израил НҮБ-ын тэргүүнийг “хоригт” оруулав

Израил НҮБ-ын тэргүүнийг “хоригт” оруулав

Израилын Засгийн газраас НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерришийг алан хядагчдыг дэмжсэн гэж буруутган, Израилд ирэхийг нь хориглосон шийдвэр гаргалаа. Иран улс Израилд пуужингийн цохилт өгсний дараа Гутерришийн хийсэн мэдэгдлийг тэд хэт зөөлөн, Израилын эсрэг мэдэгдэл гэж үзсэн юм.

Антониу Гутерриш довтолгооны дараа X хуудсандаа “Би Ойрх Дорнод дахь сөргөлдөөн өргөжиж байгааг буруушааж байна. Тэнд сөргөлдөөн улам бүр газар авч байна. Энэ явдал зогсох ёстой” гэсэн богинохон гурван өгүүлбэр бичсэн байлаа.

Израилын улстөрчид энэ мэдэгдэлд Израил гэж бичээгүй, Ираны довтолгоог шүүмжилсэн нэг ч үг алга гэж ихэд хилэгнэн шүүмжилж эхэлсэн юм. Тус улсын ГХЯ-ны сайд Исраэль Кац “Гутерриш бол алан хядагчдыг өөгшүүлдэг, Израилын эсрэг Ерөнхий нарийн бичгийн дарга. Ираны зэрлэг дайралтыг шүүмжилж чаддаггүй хүний хөл манай улсын газар шороон дээр гишгэх учиргүй. Бид Антониу Гутерриш байсан байгаагүй, улс орон, иргэдээ хамгаалсаар байх болно” гэж мэдэгдлээ.

Өнгөрсөн оны аравдугаар сарын 7-нд эхэлсэн Израил, ХАМАС-ын дайнаас хойш Израилын Засгийн газар НҮБ хоёр хатуу ширүүн мэдэгдлээр олон удаа маргалдсан. Израилын тал палестин дүрвэгчдэд туслах зорилготой НҮБ-ын Ойрх Дорнодын агентлаг UNRWA-гийн зарим ажилтан ХАМАС-ын довтолгоонд тусалсан гэж үзэж байгаагаа зарлаж байлаа. Хариуд нь UNRWA дотоодын мөрдлөг явуулж, ХАМАС-тай холбоотой байж магадгүй есөн ажилтнаа халсан. Энэ нь Израилд хангалттай санагдсангүй, тэд UNRWA-гийн 450 ажилтан алан хядагчдын тагнуул, Газын зурвасын эмнэлэг, сургуульд ХАМАС-ын дайчид орогнодог гэж ял тулгасан.

Харин UNRWA Израилыг энгийн иргэдийг олноор нь хоморголон устгасан, тус агентлагийн 214 ажилтан бөмбөгдөлтөд амиа алдсан гэж шүүмжилж байгаа юм.

Ямар ч гэсэн бүс нутаг дахь мөргөлдөөн, дайныг зогсоож чаддаггүй НҮБ-ын нэр хүнд унасаар байгаа нь тодорхой. Тэр тусмаа Газын зурвас, Ливанд энгийн, цэрэг ялгалгүй хядан, маш зэрлэг байлдаж байгаа Израилын эсрэг ямар ч арга хэмжээ авч чадахгүй байгаа нь энэ байгууллага цаашдаа өөр хэлбэрээр оршин тогтнохгүй бол устах болжээ гэдгийг харуулж байгаа билээ. Хамгийн том жишээ дурдахад Ливанд НҮБ-ын энхийг сахиулагч хүчин байдаг. Тэд Израилын цэрэг халдахад бүгд байгаа эсэх нь мэдэгдэхгүй далд байдалд орсон байдаг. Мөн Украинтай дайтаж байгаа ОХУ “Бид хэзээ ч Израилын байлдаан шиг харгис дайн хийхгүй” гэж мэдэгдэж байв.  

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.