UBLife Logo
Дэлхий

Нобелийн шагналын тухай сонирхолтой 11 баримт

Нобелийн шагналын тухай сонирхолтой 11 баримт

Шведийн нийслэл Стокхольм хотод Небелийн шагналын 7 хоног эхэллээ. Өчигдөр физиологи, анагаах ухааны салбарын Нобелийн шагналын эзнээр генийн үйл ажиллагааг зохицуулдаг микроРНХ-г нээсэн Америкийн эрдэмтэн Виктор Эмброс, Гэри Равкан нар тодорлоо. Өнөөдөр физик, 9-нд хими, 10-нд утга зохиол, 11-нд Энх тайван, 14-нд эдийн засгийн Нобелийн шагналтнуудын нэрийг зарлах юм. Шагналыг 12 дугаар сарын 10-нд буюу Альфред Нобелийн нас барсан өдөр Стокхольм хотын филармонид гардуулна. Мөнгөн шагналын хэмжээ 11 сая крон ($1,09 сая) юм.

1, Нобелийн шагналыг хими, физик, анагаах ухаан, утга зохиол, энх тайвны салбарт олгодог байсан. 1969 онд Шведийн банкнаас эдийн засгийн салбарыг нэмсэн юм. Нобелийн гэрээслэлд эдийн засаг гэж байгаагүй тул мөнгөн шагналыг Нобелийн сангаас бус Шведийн банк гаргадаг байна.

2, Гэмт хэргийн Crips бүлэглэлийн босс Стэнли Уильямс Нобелийн шагналд есөн удаа нэр дэвшиж байсан. Утга зохиол болон энхтайвны шагналд гэж байгаа. Түүний бүлэглэл Лос-Анжелес хотын гудамжинд цагдаа нар дураар аашилж байгаагийн эсрэг тэмцдэг байлаа. Гэвч хэсэг хугацааны дараа хэд хэдэн цагдаагийн амь насанд халдаж, банк дээрэмдсэн байна. Стэнли Уильямсийг баривчилж, цаазын ял оноосон. Шоронд түүний бичсэн зохиолууд бестселлер болж, АНУ-ын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал авч байв. Гэвч Калифорнийн амбан захирагч Арнольд Шварцнегер түүнд өршөөл үзүүлсэнгүй, 2005 онд цаазаар авчээ.

3, Хамгийн их маргаан дагуулдаг шагнал бол Энх тайвны шагнал. Энэ шагналд Адольф Гитлер, Бенито Муссолини, Иосиф Сталин, Владимир Путин нар дэвшиж байжээ. 2009 онд Барак Обамад энх тайвны шагнал гардуулахад тэр Ерөнхийлөгчийн суудалд ердөө 9 сар болсон, юу ч бүтээж амжаагүй байлаа. Обама өөрөө ч гайхан, хүлээж авсан. Зарим хэвлэлд “Обамаг Жорж Буш биш гэдгийнх нь төлөө шагнасан” гэж бичиж байв.

4, Нобелийн шагналтнуудын дундаж нас 50. Хамгийн залуу нь 17 настайдаа авсан хүний эрхийн төлөө тэмцэгч Малала Юсуфзай бол хамгийн ахмад нь АНУ-ын эдийн засагч  Леонид Гурвич байлаа. Тэр 90 настайдаа хүртэж байв.

5, Түүхэнд хоёрхон хүн л Нобелийн шагналаас татгалзсан. Вьетнамын улстөрч Ле Дых Тхо нутагт нь дайн болж байсан тул аваагүй бол Францын зохиолч Жан-Поль Сартр зарчмын хувьд ямар ч шагналыг хүлээн зөвшөөрдөггүй хүн байлаа.

6, Альфред Нобель хими, биолог, анагаах ухаан, оптик, металлургийн салбарт нийт 355 нээлт хийсэн. Тэрээр гэрлэж байгаагүй, хүүхэдгүй байсан тул хөрөнгөө хэнээс ч асуухгүй зарцуулах эрхтэй байлаа. Ингэж Нобелийн шагналын сан бий болжээ.

7, Нобель шүлэг бичдэг, зохиолч болохыг хүсдэг залуу байв. Хэд хэдэн жүжиг бичсэний нэг “Немезида” нь хэвлэгдсэн ч Католик сүм хийдээс шашны эсрэг гэж үзэн устгажээ.

8, Махатма Гандиг Энх тайвны шагналд 5 удаа дэвшүүлсэн ч түүнд олгоогүй. Түүнийг алагдсаны дараа Нобелийн шагналын хороо алдаагаа хүлээн зөвшөөрч, 1948 онд Энх тайвны шагналыг хэнд ч олгохгүй байхаар шийдвэрлэжээ.

9, Нобелийн эхнэр нь математикч залуутай хамт зугтсан тул Нобель математикийн шагнал олгохгүй байхаар шийдсэн гэдэг яриа бол худал домог. Үнэндээ Альфред гэрлэж байгаагүй, зүгээр л математикийг дэмий шинжлэх ухаан гэж үздэг байв.

10, 1930-аад оны сүүлээр Германы физикч Жеймс Франк, Макс фон Лауэ нар фашистууд Нобелийн медалийг нь хураан авахаас айгаад Данийн эрдэмтэн, мөн Нобелийн шагналт Нильс Борт медалиа хадгалуулжээ. 1940 онд Германы арми Данийг эзлэхэд Бор медалиудаа химич Дьёрдю де Хевешид шилжүүлсэн байна. Хевеши медалийг тусгай шингэнд уусгаж хадгалсан бөгөөд дайны дараа уусмалаасаа алт гарган, Шведийн Шинжлэх ухааны академид гардуудлан өгчээ. Тэр алтаар эрдэмтдэд медалийг нь дахин хийж өгсөн байна.

11, 1971 онд Чилийн яруу найрагч Пабло Неруда утга зохиолын шагнал хүртжээ. Тэрээр хараа муутай хүн байсан тул ёслол дээр шатанд тээглээд унажээ. Ингээд зочид дунд сууж байсан Эзэн хаанд ёслох гээд андуурч, хаалгачид мэхийн ёслосон байна. Энэ явдлын дараа Эзэн хааныг тайзан дээр суулгадаг болсон юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.