UBLife Logo
Кино

Фото: Эрийн цээнд хүрсэн “Улаанбаатар” кино наадам нээлтээ хийлээ

Фото: Эрийн цээнд хүрсэн “Улаанбаатар” кино наадам нээлтээ хийлээ

Монголын кино сонирхогчид, үзэгчдийн тэсэн ядан хүлээдэг “Улаанбаатар” олон улсын кино наадам өчигдөр “The Corporate Hotel and Convention Centre” төвд нээлтээ хийлээ. Монголын урлагийн зөвлөлөөс Нийслэлийн ЗДТГ, Нийслэлийн соёл урлагийн газар, Монголын Үндэсний кино урлагийн зөвлөлтэй хамтран зохион байгуулдаг энэхүү наадам энэ жил 16 дахь удаагаа явагдах гэж байна. Өөрөөр хэлбэл 16 настай болж, эрийн цээнд хүрчээ. Канн, Венец, Берлин, Торонто, Бусан гээд олон арван жилийн түүхтэй наадмуудын эгнээнд орж, он удаан жилийн дараа ч “Улаанбаатар” хэмээн нэрээ дуудуулж байх нь гарцаагүй.

Гэрэл зургийг Ш.Аюур

Өчигдөр наадмыг зохион байгуулагчид хэвлэлийн бага хурал хийж, Нийслэлийн соёл урлагийн газрын дарга Э.Цэнд-Аюуш, Монголын урлагийн зөвлөлийн Гүйцэтгэх захирал О.Одгэрэл, Монгол кино урлаг нэгтгэлийн захирал Б.Түмэн-Өлзий, наадмын нээлтийн кино болох “Гажуудал” киноны найруулагч Б.Баатар, Кино урлагийн зөвлөлийн гишүүн Н.Ганхуяг, Австралийн найруулагч, зохиолч Габриелла Брэди нар оролцлоо.

Энэ сарын 16-22-нд зургаан өдрийн турш 25 улсын 24 бүтээл Тэнгис, Өргөө 3 болон Синема Нэкст кино театруудаар үзэгчдийн хүртээл болно. Энэ жилийн наадам нь нээлтийн ёслол, нээлтийн үзвэр, Монгол кино үзвэр, Олон улсын баримтат ба уран сайхны үзвэр, “Үзэхийн Хязгаар” монгол сонгодог бүтээл, “Залуу үзэгч” хөтөлбөр болон кино уран бүтээлчдэд зориулсан мастер хичээлүүдээс бүрдэж байгаа юм.

Монголын урлагийн зөвлөлийн Гүйцэтгэх захирал О.Одгэрэл “Манай наадмыг үзэхийг хүсдэг олон хүн бий. Бид Канн, Берлин, Торонто, Сандэнс зэрэг наадмуудаас шагнал хүртсэн, албан ёсны хөтөлбөрт шалгарсан болон дэлхийд нэрээ алдаршуулж байгаа залуу найруулагчдын бүтээлийг сонгосон. Энэ жилийн онцлог нь “Залуу үзэгч” хөтөлбөрийг санаачиллаа. Энэ нь ирээдүйн үзэгчдийг бэлтгэх буюу арилжааны бус найруулагчийг онцолсон артхаус кинонуудыг залуучуудад, сурагчдадаа бэлтгэлээ. Мэргэжлийн уран бүтээлчдийн ур чадварыг дээшлүүлэх сургалтыг АНУ, Итали, Австрали, Англи зэрэг орнуудын ЭСЯ-тай хамтран зохион байгуулж байгаагаараа онцлогтой”  

“Улаанбаатар” олон улсын кино наадмын нээлтийн киногоор найруулагч Б.Баатарын “ГАЖУУДАЛ” уран сайхны кино шалгарсан. Энэхүү кино нь 2024 оны Бусан олон улсын кино наадмын “Азийн Цонх” хэсэгт албан ёсоор сонгогдон дэлхийн нээлтээ хийж, “Улаанбаатар” кино наадмаар Монголд нээлтээ хийлээ.

Найруулагч Б.Баатар “Би “Улаанбаатар” наадамд хоёр дахь удаагаа оролцож байна. Энэ удаад “Гажуудал” кино маань нээлтийн киногоор сонгогдсонд их баяртай байна. Би уран бүтээлдээ тухайн нийгмийн болж бүтэхгүй байгаа зүйл, асуудлууд, хүн юуны төлөө зүтгээд, юуны төлөө амьдарч байгаа вэ гэх мэт дотроо эмзэглэж явдаг зүйлээ шингээж өгөхийг хичээдэг. Энэ кино ч ялгаагүй өнөөгийн нийгмийн байгаа байдал, бодит дүр төрх, бид яг хэн болж хувирав, бид ямар газар амьдраад оршоод байгаа юм гэсэн хүн хоорондын харилцааг харуулсан. Бидний буруу сонголтын золиос нь бид өөрсдөө гэдгийг жижиг сууринд болж байгаа үйл явдлаар харуулахыг зорьсон. Монголчууд эндээс өөрсдийгөө ямар байдалд байгаагаа олж хараасай гэж хүсэж байна. Олон улсын хэд хэдэн кино наадамд киногоо илгээсэн. Эхнээс нь сайхан мэдээ аваад байж байна”

Монгол кино урлаг нэгтгэлийн захирал Б.Түмэн-Өлзий “Би энэ жилийн наадамд шүүгчээр ажилласан. Монголын болон гадаадын залуу уран бүтээлчдийн бүтээлтэй танилцлаа. Ур чадвар нь жилээс жилд ахиж байна. Сэтгэл хангалуун байна. Тэдний бүтээлүүд цаашдаа өөр кино наадмуудад шалгараад явна гэдэгт итгэж байгаа. Түүнээс гадна Монголын кино нэгтгэлийн урын сангаас сонгодог, сор болсон бүтээлийг үзэгчдэдээ толилуулна. Төрийн шагналт, Урлагийн Гавьяат зүтгэлтэн, нэрт найруулагч Б.Балжиннямын “Сүүдэр”, “Тань руу нүүж явна” хэмээх хоёр өвөрмөц бүтээлийг өргөн дэлгэцээр үзүүлэх юм”  

Австралийн найруулагч, зохиолч Габриелла Брэди “Би энэ наадамд анх удаа оролцож байна. Гэхдээ би Монголд өмнө нь олон удаа ирж байсан, хоёр жил Монголд амьдарч байсан. Австрали, Герман, Монголын хамтарсан “Чоно үүр шөнөөр ирдэг” гэсэн киногоор оролцож байна. Энэ киног олон улсын бүтээл гэхээс гадна монгол кино гэж хэлж болно. Гол дүрийн баатар маань монгол эгэл жирийн хүн байгаа. Маш олон монгол уран бүтээлчид оролцсон, энд зураг авалтаа хийсэн. Та бүхэн энэ киноноос Монголын ахуй амьдралыг харна гэдэгт итгэлтэй байна”

Хэвлэлийн бага хурлын дараа “Улаанбаатар” олон улсын кино наадмын хүндэт зочид, уран бүтээлчдийн улаан хивсний ёслол болж, хүндэтгэл үзүүллээ.

“Зорчигч” Найруулагч Ц.Мөнхням

“Зүүдний кафе” Найруулагч Г.Ганлхагва

“Өмнөдийг зорих замд” Найруулагч С.Баттулга, Ким Сан Рэ

“Пагмадулам” Найруулагч Б.Ганболд

“Хувь заяа” Найруулагч Г.Бямбасүрэн

“Үхлийн тойрог” Найруулагч Ц. Цэрэндорж, Tanit jitnukul

“Гажуудал” Найруулагч Б.Баатар

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.