UBLife Logo
Дэлхий

Ливаныг хэн удирддаг вэ буюу Хезболла хэр чадалтай вэ?

Ливаныг хэн удирддаг вэ буюу Хезболла хэр чадалтай вэ?

Сүүлийн 14 хоногийн турш Ливан улс Израилын байнгын пуужин, бөмбөгдөлтийн дунд амьдарч байна. Одоогийн байдлаар мянга хол давсан хүн амиа алдаж, олон зуун мянган хүн дүрвэжээ. Энх үеийн энэ дайн аравдугаар сарын 1-нд Израилын арми Ливаны хилийг давснаар эхэлсэн билээ.

Хезболла бол өөрийн гэсэн армитай, улс төрийн нам. Ливаны үндэсний армийг бодвол зэвсэг сайтай, ард түмний, ялангуяа Исламын шийтүүдийн дэмжлэгийг авсан хүчирхэг арми. Хэдий Хезболла төрийн байгууллага биш ч сүүлийн 40 жилд Ливаны улс төрд тэргүүлэх байр суурьтай болсон.

Ливаныг хэн удирддаг вэ?

Ливаны улс төрийн систем нь янз бүрийн шашны урсгал, бүлэглэлүүдээс бүрдэнэ. 1943 онд Ливан улс Францаас тусгаар тогтнож, баталсан конвенцоор Ливаны Ерөнхийлөгч нь маронит сектийн христос шашинтан, Ерөнхий сайд нь суннит, парламентын тэргүүн нь Исламын шийт байхаар заасан юм. Үнэхээр тэр үеийнхээ шашны урсгалуудын хүчний харьцааг харуулсан баримт байлаа. Христ шашинтнууд хүн амын талаас илүү хувийг эзэлж, парламентын талаас илүү  суудлыг авч байв. Гэвч тэр үеэс хойш цаг хугацаа өнгөрч, конвенц хуучирсан гэж олон хүн үздэг болсон. Одоо христ, суннит, шийтүүд хүн амын ижилхэн 30 хувийг эзэлж байгаа.

Ливанд нэг нам, шашны нэг урсгал дангаараа засаг барьж байгаагүй. Чухал том шийдвэр гаргахдаа парламент, засгийн газар нь бүх урсгал, намын дунджийг л барьж шийддэг нь их хүндрэл учруулдаг байна.

Хезболла хэр хүчтэй вэ?

Хезболла анх 1982 онд иргэний дайны үеэр Өмнөд Ливаныг булаан эзэлсэн Израилын армитай тэмцэх шийтийн хөдөлгөөн болж, байгуулагдсан юм. Дэлхийн хамгийн том шийт орон болох Иран зэвсэг, санхүүгээр тогтмол хангаж байв.  Хезболла гэдэг нь араб хэлний “Аллахын нам” гэсэн үг. 1985 онд Хезболла албан ёсоор зорилгоо “Ливанд Иран шиг Исламын улс байгуулах” гэж тодорхойлсон юм. Мөн Өмнөд Ливан, Палестинаас Израилыг хөөн гаргана гэж мэдэгдсэн.  

Харин 2009 онд гаргасан шинэ тунхагдаа Исламын улс байгуулах талаар дурдахаа больсон ч Израилыг устгах нь хэвээр үлдсэн байлаа. 1990 онд иргэний дайн дуусаж, бүх зэвсэгт бүлэглэл зэвсгээ хураасан ч харин Хезболла тэгсэнгүй. Тэд эх орныхоо өмнөд хэсэгт Израилтай тэмцэнэ гэж мэдэгдсэн. 2000 онд Израил Ливанаас цэргээ гаргахад Хезболла ялалт байгууллаа гэж баярлан тэмдэглэж байлаа.

Хезболла 1992 оноос Ливаны парламентад төлөөлөгчөө илгээж эхэлсэн. Одоо хэд хэдэн суудалтай. Засгийн газрын сайд нарын дунд ч Хезболлагийн гишүүд бий.

Шийтүүд амьдардаг бүс нутагт Хезболла сургууль, эмнэлэг барьж, нийгмийн дэмжлэг үзүүлдэг. Ливаны бусад нам ч сонгогчид дундаа тусламжийн арга хэмжээ явуулдаг ч Хезболлагийн хэмжээнд хүрдэггүй.

Хезболла үнэнч цэрэг, дайчдынхаа ачаар Ливанд маш их нөлөөтэй болсон. Эгнээндээ 100 мянган дайчинтай гэдэг ч шинжээчдийн үзэж байгаагаар 20-50 мянган цэрэгтэй. Ливаны армиасаа илүү хүчирхэг, сайн зэвсэглэсэн, 120 мянган пуужинтай гэж тэмдэглэсэн байдаг.  

Үүнээс гадна Засгийн газрын сул талыг маш идэвхтэй ашиглаж чаддагаа харуулсан. Ганц жишээ дурдахад, Хезболла саад хийж, улс төрийн намууд тохиролцож чадахгүй байгаагаас Ливан улс хоёр жил Ерөнхийлөгчгүй байна.

BBC News

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.