UBLife Logo
Дэлхий

Эрдоаны хамгийн хүчтэй сөрөг хүч Гюлен нас нөгчлөө

Эрдоаны хамгийн хүчтэй сөрөг хүч Гюлен нас нөгчлөө

Исламын номлогч Фетхулла Гюлен нас барсан мэдээ АНУ-аас ирлээ. Туркийн ерөнхийлөгч Режеп Эрдоан түүнийг 2016 онд төрийн эргэлт хийх оролдлогод буруутгаж байсан билээ.

Гюлений дагагчдын Herkul сайтаас мэдээлснээр номлогч энэ сарын 20-нд амьсгал хураасан бөгөөд 83 настай байлаа. Гюлений хөдөлгөөн болох Хизмет хүлцэнгүй исламын бодлогыг дагадаг, боловсрол, чөлөөт зах зээл, янз берийн шашны урсгалын хамтын ажиллагааг дэмждэг юм. “Хизмет” хөдөлгөөний үр дүнд дэлхий даяар Гюлений сургууль байгуулагдсан. Үйл ажиллагаа нь өргөжихийн хэрээр тэд бизнес эрхэлж, Засгийн газар, армид том албан тушаалд орж эхэлсэн. Удаан хугацааны турш Гюлен Туркт Эрдоаны дараа орох нөлөөтэй эрхэмд тооцогдож байв. Эрдоан, Гюлен хоёр хамтран ажилаж байсан үе бий. Гэвч Гюлений нөлөө улам бүр өсөж байгаа нь Эрдоанд таалагдсангүй. 2013 онд Эрдоаны талын албан тушаалтнуудад авлигын хэрэг тохсоны ард Хизмет хөдөлгөөний талын цагдаа, прокурор нар байсан гэж олон хүн үздэг.

Туркийн Ерөнхийлөгч тус хөдөлгөөнийг “Улсын доторх улс” хэмээн нэрлэж, Засгийн газраас цэвэрлэн, бүх сургуулийг нь хаана гэдгээ мэдэгдсэн. Үүний дагуу 2014 онд Хизмет хөдөлгөөнийг алан хядагч байгууллага гэж зарлан, Гюленийг эрэн сурвалжилж эхэлсэн юм. Энэ үед Гюлен АНУ-д амьдарч байлаа. Тэр 1999 онд эмчилгээнд яваад эх орондоо эргэж очоогүй юм. 2016 онд Туркийн арми Эрдоаныг унагаах гэж оролдон, “Дарангуйлагч Ерөнхийлөгчөөс Туркийг хамгаалах зорилготой” гэж зарлав. Нэг шөнийн дотор арми телевизийн сувгуудыг эзэлж, Ерөнхийлөгч, парламентын ордон, жагсагчдыг буудан, Истанбул, Анкарад үйл ажиллагаа явуулсан ч ард түмэн, цэргүүдийн дэмжлэгийг олж чадалгүй, бууж өгөхөөс өөр аргагүй боллоо.   

Засгийн газар, Ерөнхийлөгч Эрдоан Гюленийг төрийн эргэлт хийх гэсэн оролдлогод буруутгасан ч Гюлен хүлээн зөвшөөрсөнгүй, харин ч төрийн эргэлтийг шүүмжилж байлаа.

Энэ явдлын дараагаар Гюлений талынхныг мөрдөн хавчиж, 150 мянган хүнийг ажлаас нь халж, чөлөөлж, 77 гаруй мянган хүнийг баривчилсан байна. Гюлентэй холбоотой компани, хэвлэлийн байгууллагуудыг улсын мэдэлд авч, үйл ажиллагааг нь зогсоов.

Гюлен Эрзурум мужийн нэгэн тосгонд 1941 онд төрсөн. 1959 онд имам болж, 1960-аад онд Измирт номлогч гэдгээрээ алдаршсан. 2000 онд түүний эсрэг Туркт эрүүгийн хэрэг үүсгэсэн ч 2008 онд гэмт хэргийн чанаргүй гэж хааж байсан юм.

BBC news

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
1
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.