UBLife Logo
Дэлхий

Тэд бидний тухай: Эгийн голын УЦС хэзээ ч баригдахгүй

Тэд бидний тухай: Эгийн голын УЦС хэзээ ч баригдахгүй

ОХУ-ын “Московский Комсомолец” цахим хуудсанд “Лучше обсуждать, чем строить ГЭС, угрожающие бедами Байкалу, считает известный эколог” нэртэй нийтлэл гарсан байна. Үгчлэн орчуулаад үзэхэд “Байгаль нуурт хортой УЦС-ыг барьснаас хэлэлцээд сууж байсан нь дээр” гэж алдартай экологич үзэж байна”. Өөрөөр хэлбэл Эгийн Голын УЦС гээд хэдэн жил ч яриад сууж болно, цаашдаа ч ингээд л байж байя гэсэн утгатай. Орчуулан хүргэж байна. 

“Лучше обсуждать, чем строить ГЭС, угрожающие бедами Байкалу”, считает известный эколог

Московский Комсомолец

УЦС-ын төслийн барилгын ажил эхэлсэн ч ОХУ-ын ЮНЕСКО-д гаргасан гомдлын дагуу зогсоосон.

Монгол, Орос улсууд Сэлэнгэ мөрөнд цутгадаг Эгийн гол дээр усан цахилгаан станц барих нь ямар нэг хортой нөлөө үзүүлж болох эсэхийг дүгнэх хамтарсан шинжлэх ухааны ажлаа эхлүүлэх гэж байна.

Нөхөд түшмэд, нөхөд эрдэмтдээ...

“ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд Александр Козлов, Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа, ОХУ-ын ШУА-ийн Ерөнхийлөгч Геннадий Красников нар хамтарсан судалгаа хийхээр тохирлоо” гэж Байгалийн нөөц, экологийн яамны хэвлэлийн албанаас мэдээлсэн.

Тус яамнаас “Монгол улс хэдэн жил “Эгийн гол” УЦС төслийг хэрэгжүүлэх гэсээр байгаа ч Оросын тал төслийн экологийн эрсдэлд анхаарлаа хандуулж, Сэлэнгэ бол Байгаль нуурын гол цутгал шүү гэж анхааруулсаар ирсэн” гэж мэдэгдсэн. Одоо ч гэсэн.

Александр Козловын хэлснээр хоёр улс байгаль орчноо хамгаалах салбарт маш сайн харилцан ойлголцож байгаа бөгөөд Монголын тал болзошгүй эрсдэлийг тооцож байгаад ОХУ талархаж байгаа ажээ.

“Сэлэнгэ мөрөн Байгаль нуурт цутгадаг тул бид нууртай холбоотой төслүүд аюулгүй байна гэдэгт бүрэн итгэлтэй байх ёстой. Тиймээс л усан цахилгаан станцын төсөл хүрээлэн буй орчинд ямар нөлөө үзүүлэхийг бодитойгоор дүгнэх нь чухал” Александр Козлов

Монголын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа энэ сэдэвт эргэн хандах хэрэгтэй гэдгийг онцлоод сөрөг нөлөө байж болзошгүй талаар олон нийтийн сонсгол ч хийж байснаа тэмдэглэлээ.

“Бид академичдынхаа бодол саналыг анхааралтай сонсох шаардлагатай. Өмнөх он жилүүдэд маш олон судалгаа хийгдсэн ч эрдэмтэд биш албан тушаалтнууд хийж байлаа. Шинжлэх ухааны салбарынхан энэ төслийг хэрэгжүүлэх үү, үгүй юу гэдгийг хэлэх ёстой” С.Одонтуяа

Сайд нар худлаа яриад л...

Асуудлыг өмнө нь эрдэмтэд биш албан тушаалтнууд хэрэгжүүлж байсан гэж хэлэхдээ Монголын сайд худлаа ярьж байгаа нь илт байлаа. Монголын УЦС-ын барилгын асуудлыг олон нийтийн хэлэлцүүлэгт оруулахын өмнө үнэхээр яамны ажилтнууд шинжилгээ хийсэн. Гэхдээ мэдээж эрдэмтдийн судалгаанд үндэслэж тэр шүү дээ. Өөр ямар ч зам байхгүй.

2016 онд болсон нээлттэй хэлэлцүүлгийн үеэр Улаан-Үд болон Буриадын хил орчмын нутгийн иргэд бараг санал нэгтэй усан цахилгаан станцыг Сэлэнгэд барихыг эсэргүүцсэн. Эрхүү мужийнхан ч ижилхэн эсрэг байр суурьтай байлаа. 2017 оны намар монголчууд төслийн ТЭЗҮ, байгаль орчинд үзүүлэх нөлөөг судлах болон Орхоны усан сангийн ажлын тендерээ цуцалсан юм.  

Эхлээд байсан барилгын ажлыг ОХУ-ын ЮНЕСКО-д гаргасан гомдлын мөрөөр зогсоосон. Үндэслэл нь ойлгомжтой – Эгийн гол бол Байгаль нуурын гол цутгал Сэлэнгэ мөрөнд цутгадаг гол. Эгийн гол нь Байгаль нуурын дүү гэгддэг Хөвсгөлөөс эх авдаг. Дэлхийн банк Орхоны усан сангийн шуугиант төслийг санхүүжүүлэхээс татгалзаж, харин Эгийн голын УЦС-д хөрөнгө гаргахаар болсон байсан Хятадын тал ОХУ-ын шахалтаас болоод мөн л татгалзлаа.

2019 онд Киргизэд болсон ШХАБ-ын орнуудын дээд хэмжээний уулзалтад БНХАУ-ын тэргүүн Ши Жиньпин, Монголын Ерөнхийлөгч Х.Баттулга нартай уулзахдаа В.Путин “Эрчим хүчний салбарт илүү ойр хамтран ажиллахад бэлэн” гэж мэдэгдсэн.  

“Бид хоёр хөршөөсөө хамтын тодорхой төсөл хүлээн авахад бэлэн. Өөрийн зүгээс Оросын эрчим хүчээр хөршүүдийнхээ эрчим хүчний хомсдолтой байгаа нутгуудыг саадгүй хангах санал тавьж байна” В.Путин

Энэ үед ОХУ-аас БНХАУ-д нийлүүлэх байгалийн хийн хоолой Монголоор дамжин өнгөрөх төсөл бодит болж ирсэн юм. Ингээд бүх асуудал хаагдсан мэт санагдаж байлаа. Гэвч...

Дорнынхон зальтай

2019 оноос эхлэн Эгийн голын УЦС-ын барилгын асуудал ОХУ, Монголын харилцаан дээр байнга гарч ирдэг боллоо. Дорнын эдийн засгийн форум, хоёр талын уулзалт болгон дээр сөхөгдөж байв.

2022 оны долоодугаар сарын 5-нд ГХЯ-ны сайд С.Лавровын Улаанбаатарт хийсэн айлчлалын үеэр Монголын тал Эгийн гол дээр усан цахилгаан станцыг хамтран барих санал гаргалаа.

Дараа нь “хүнд их буу” галлаж эхэллээ. Өнгөрсөн есдүгээр сард В.Путины Улаанбаатарт хийсэн айлчлалаар Монголын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Эгийн гол УЦС-ын талаар хоёр орны хамтарсан ажлын хэсэг гаргах зэрэг чухал бичиг баримтад гарын үсэг зурсанд сэтгэл ханамжтай байна. Мөн ДЦС-3-ын хүчин чадлыг нэмэгдүүлж, шинэчлэх гэрээ байгууллаа. ОХУ-ын тал Монголыг нефтийн бүтээгдэхүүнээр саадгүй хангахаар боллоо” гэж мэдэгдсэн.

Барьснаас яриад сууж байя

Монголын УЦС-ын асуудал хэдэн жилийн өмнө хаагдсан мэт байсан ч үргэлжилсээр байна. Яагаад? УЦС Байгаль нуурт хортой шүү дээ. Юу өөрчлөгдөв? Бид энэ талаар Оросын ардын фронт хөдөлгөөний дэд тэргүүн Евгений Кисловоос тодрууллаа.

-Миний хувьд юу ч өөрчлөгдөөгүй. Энэ УЦС-ыг барьснаар Сэлэнгэ мөрний усны хэмжээ багасна. Далан барих нь голыг хаана гэсэн үг.   

-Ерөнхийлөгч Путины Монголд хийсэн айлчлалын дараа бид их том улс төртэй нүүр туллаа. Яг юу болоод байна вэ?

-Монголчууд орос нефтийн бүтээгдэхүүнийг хямд авахаар наймаацаад байна гэж би бодож байна. Мөн монголчууд эрчим хүчний хомсдолд орохоос эмээж байгаа. Учир нь тэд төмөр зам олноор барьж байгаа болохоор эрт орой нэгэн цагт их хэмжээний цахилгаан тог шаардлагатай болно. БНХАУ, Францын хөрөнгө оруулалтаар уул уурхайд шинэ том төслүүд хэрэгжүүлэхэд ч эрчим хүч шаардлагатай. Ташрамд дурдахад Франц улс Монголын ураныг ихэд сонирхоод байгаа.

-Өмнө нь УЦС нь Монголд эрчим хүч гэхээсээ илүү эзгүй цөл газрыг усжуулахад хэрэгтэй гэдэг байсан.

-Тиймээ, гэхдээ тэнд Хятадын ашиг сонирхол бас бий. Бээжин болон бусад хотуудад болдог түйрэнг зогсоохыг Хятад хүсэж байна.

-За тэгвэл Эгийн гол УЦС-ыг барих талаар дахин хэлэлцүүлэг явуулах хэрэггүй юу?

-Эхний хэлэлцүүлэг бүх зүйлд хариу өгсөн тул хэрэггүй. Гэхдээ барилгын ажлыг эхлүүлснээс яриад сууж байх нь бидэнд хэрэгтэй.  

Үнэхээр тийм. Байгаль нуур, Сэлэнгэ мөрнийг хамгаалаад хамтран ажиллах бичигт ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд Александр Козлов, Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа нар Ерөнхийлөгч В.Путин, У.ХҮрэлсүх нарын дэргэд гарын үсэг зурсан.

“Цаашдаа бид энэ бичиг баримтыг дагаж ажиллах болно” гэж Александр Козлов хэлсэн. Талууд дахиад л Эгийн голын УЦС аюултай, аюулгүй эсэхийг судална, ажлын хэсэг гаргана. Үлгэр шиг л үргэлжлээд байна...

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
1
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Зочин\47.129.164.215
Новшийн оросууд