UBLife Logo
Дэлхий

Үнэнч нөхөрлөл, үлэмж хайрын үлгэр дууриал-ХАЧИКО

Үнэнч нөхөрлөл, үлэмж хайрын үлгэр дууриал-ХАЧИКО

Японы Токио хотноо болсон Зуны олимпийн XXXII наадмыг сурвалжлах үеэр зорин байж очсон нэгэн хөшөө бий. 14 сая хүн амтай, түм түжигнэж, бум бужигнасан Токиогийн хөл хөдөлгөөн хамгийн ихтэй Шибуя өртөөний хажууд орших Хачико нохойны шавилхаан хөшөө яагаад тэгж сэтгэлийг минь татаж, урин дуудсаныг одоо өгүүлсү.

Дэлхийд биш юм гэхэд Наран улсдаа хамгийн нэр алдартай нохой гэж бардам хэлж болох Хачико нэртэй акита үүлдрийн энэ нохой Японы нэгэн фермерийн эзнийд 1923 онд нүдээ нээсэн болой. Удалгүй Токиогийн Их сургуулийн нэртэй профессор Хидэсабуро Уэнод эзэн гөлгийг бэлэглэж, профессор түүнд Хачико хэмээх хожимоо үүрд дуурсагдах нэрийг өгчээ. Уэно гэрийн тэжээмэл амьтан, тэр тусмаа нохойд тун ээлтэй хүн байсан гэдэг. Хачико түүний тэжээсэн найм дахь нохой нь байсан бөгөөд хачи гэдэг нь "найм", ко нь "эрхэм", "ноён" хэмээх утга илэрхийлэх авай.

Уэно, Хачико хоёрын нөхөрлөл ийн эхэлсэн аж. Хачико  эзэндээ туйлын үнэнч тул өглөө профессорыг даган метроны Шибуя өртөөнд хүргэн өгөөд гэртээ буцан ирэх бөгөөд Уэног ажлаас ирэх үед өдрийн 15 цагт буцан Шибуя орж, эзнээ тосон авдаг дадалд сурчээ. Энэ үйлдэл өдөр бүр давтагдана. Харамсалтай нь Уэно профессор 1925 оны тавдугаар сарын 21-нд ажилдаа яваад эргэн хэзээ ч ирсэнгүй. Нэрт профессор Их сургууль дээрээ цус харваад эмнэлэгт хүргэгдсэн ч хорвоогийн мөнх бусыг үзжээ.

Харин үүнийг үл мэдэх Хачико эзнээ Шибуя өртөөн дээр хүлээсээр л...

Токио, Шибуя, 2021 оны наймдугаар сар.

18-хан сартай Хачико өдөр бүх өглөөнөөс үдшийн бүрий хүртэл эзнээ хүлээж, өдөр сар, он жилүүд урссаар л ... Хачико эзнээ ийн бүтэн арван жил буюу 1935 он хүртэл хүлээгээд тэнгэрт буй эзэн дээрээ очихоор араас нь зорьжээ.

1932 онд Японы "Асахи шимбүн" хэмээх томоохон сонинд эзнээ долоон жил хүлээж буй үнэнч нохойны тухай нийтлэл хэвлэгдэж, Хачиког бүх Япон даяар мэдэх болжээ. Үнэнч, тууштай байдал нь япончуудын зүрх сэтгэлийг хөдөлгөж, хайрыг нь татан түүнийг харахаар мянга мянган хүмүүс Шибуяг зорих болсон байна.

1934 онд Хачикод зориулсан хүрэл хөшөөг босгон, нээлтэд нь домогт нохой маань өөрөө байлцсан гэдэг. Дэлхийн II дайны үед Хачикогийн хөшөөг буулган, хүрлийг нь ашигласан ч 1948 онд дахин сэргээн босгожээ.

Хачикогийн чихмэл Японы Шинжлэх, ухаан байгалийн үндэсний музейд хадгалагдан өнөөг хүрсэн бол 1987 онд "Хачикогийн түүх", 2009 онд "Хачико-хамгийн үнэнч нөхөр" зэрэг кино бүтээгдэж, олон тооны ном зохиол түүний хосгүй түүхийг дурьдсан байдаг.

Эдүгээ ч үүрдийн нөхөрлөл, үлэмж хайрын бэлгэдэл болсон Хачико нохойны хөшөөг үзэхээр Япон  төдийгүй  дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс зорин очсоор л байдаг ажгуу.

P.S. Сонирхолтой  нь нэгэн арваны турш   эзнээ хүлээсэн Хачикогоос урт хугацаанд буюу 14 эзнээ хүлээн үнэнчээ харуулсан Шотландын Грэйфрайерс Бобби хэмээх нохой бас байдаг гэнэ.

Ц.Энхтүвшин,"Таван цагариг". Токио, Шибуя, 2021 оны наймдугаар сар.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\122.248.218.180