UBLife Logo
Дэлхий

Хойд Солонгос ямар улсуудад цэргийн тусламж үзүүлж байсан бэ?

Хойд Солонгос ямар улсуудад цэргийн тусламж үзүүлж байсан бэ?

ОХУ-ын Төрийн Дум Хойд Солонгостой байгуулсан иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээг баталлаа. Энэхүү баримт бичигт хэн нэгэнд нь зэвсэгт халдлага гарсан тохиолдолд харилцан цэргийн тусламж үзүүлэх заалт багтжээ. Wall Street Journal-д тус гэрээнд Украинтай хийж байгаа дайнд Хойд Солонгосын цэрэг оролцох нууц заалт байгаа гэж бичсэн байна.

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин Хойд Солонгосын цэргүүд Орост очсон гэсэн нотолгоо Пентагонд байгаа гэж мэдэгдсэн. Өмнөд Солонгосын Тагнуулын албанаас БНАСАУ Москвад 3000 цэргийн албан хаагч илгээсэн, удахгүй 10 мянга болно гэж мэдээлсэн бол Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский тус бүр 6000 цэрэгтэй хоёр бригад ОХУ-д очсон гэдгийг батлаад байгаа. Хэрэв үнэхээр БНАСАУ Орост хэдэн мянган цэрэг дайчнаа илгээсэн бол энэ нь тус улс гадаад оронд болж байгаа дайнд анх удаа ийм олон цэрэг илгээсэн тохиолдол болох юм.

Гэхдээ БНАСАУ-ын арми өмнө нь нөхөрсөг харилцаатай орнууддаа цэргийн тусламж үзүүлж байсан үе бий. Хэдий өнөөдрийнх шиг их хэмжээгээр биш ч гэсэн солонгос цэргүүд Зүүн-Өмнөд Азиас Ойрх Дорнод, Африкт байлдаж явсан түүхтэй.

Вьетнамын дайн

Гадаад оронд болсон дайнд БНАСАУ анх удаагаа 1960-аад онд оролцсон. Вьетнамын дайн олон талаараа Солонгосын дайнтай төстэй байлаа. Коммунист Хойд Солонгос Америкийн талын Өмнөдтэйгөө тулалдаж, ялалт байгуулсан бөгөөд энэ удаад Вьетнамд АНУ-ын эсрэг тэмцэхэд нь туслахад бэлэн байв. 1966 оны аравдугаар сард Хойд Солонгосын Хөдөлмөрийн нам Вьетнамд цэргийн тусламж үзүүлэх шийдвэр гаргалаа. 1967 оны эхээр Ханойд зэр зэвсгийн тусламж үзүүлж, 2 сая дүрэмт хувцас илгээгээд байв. Ханой хотын хамгаалалтад зориулан, ЗХУ-ын МиГ-17, МиГ-21 сөнөөгч онгоцнуудыг бэлэглэжээ. Тэр үед “ямар нэг орон” онгоц өгсөн гэж л мэдээлж байсан бол Пентагон 1996 онд тэр улс нь Хойд Солонгос байсныг тогтоосон байна. Харин Вьетнам 2001 онд Хойд Солонгосоос тусламж авснаа хүлээн зөвшөөрсөн юм. Энэ дайнд БНАСАУ-ын нийт 200 нисгэгч оролцсон тооцоо бий.

Вьетнам дахь солонгос нисгэгчдийн оршуулгын газар

Ойрх Дорнод

БНАСАУ-ыг үүсгэн байгуулагч, олон жилийн удирдагч Ким Ир Сен Израилыг “Империалист гүрнүүдийн дагуул” хэмээн нэрлэж, 1960-аад онд еврейн улсын дайснуудад тусламж үзүүлдэг байлаа. Пхеньян албан ёсоор Египет, Сиритэй хамтран ажиллаж, албан бусаар Палестины чөлөөлөх байгууллага, бусад бүлэглэлүүдэд дайны бэлтгэл, сургууль хийхэд нь тусалж байв. Харин 1973 онд Араб, Израилын дайнд солонгос цэргүүд шууд оролцсон юм. 1972 оны долоодугаар сарын 18-нд Египетийн Ерөнхийлөгч Анвар Садат улсаасаа ЗХУ-ын бүх цэргийг гаргаж, баазыг нь улсын мэдэлд авав. ЗХУ энэ үед АНУ-тай шууд зөрчилдөхгүй байх бодлого барьж байв. Харин Садат Москвагаас элдэв хязгаарлалт тавиад байгаад дургүйцжээ. ЗХУ-ын цэргийг гаргасны дараа Египет цэргийн зөвлөх, нисгэгч, мэргэжилтэнгүй үлдэв.

Анвар Садат

Гэтэл Египетийн армийн зэвсэглэл тэр чигээрээ ЗХУ-д үйлдвэрлэсэн эд байв. Ингээд 1973 оны зургаадугаар сард Хойд Солонгосын зөвлөхүүдийг урьлаа. Тэд л Зөвлөлтийн техник хэрэгсэлтэй ажиллаж чадна. БНАСАУ Египетэд нийт 1500 мэргэжилтэн илгээсэн. Мөн 20 туршлагатай сайн нисгэгч Египетийн талд байлджээ. Дайны дараа 1973 онд Израилын тагнуулууд Сирийн нисэх хүчний холбоог нууцаар сонсоход Хойд Солонгосын нисгэгчид байсан байна.

Сирийн Ерөнхийлөгч Хафез Асад, Ким Ир Сен нар Пхеньянд, 1974 он

Иран-Иракийн дайн

Иранд 1979 онд болсон Исламын хувьсгалын дараа Ким Ир Сен Ираны шинэ удирдлагатай холбоо тогтоохыг эрмэлзэж байв. АНУ Ираны эсрэг хориг арга хэмжээ авч, 1980 онд Иракийн цэрэг Иранд нэвтэрсний дараа зэр зэвсгийн худалдаанд нь нэмэлт хориг тавьжээ. Харин Пхеньян хоригоос гадуур Иранд зэвсэг, пуужин нийлүүлж, 100 гаруй цэргийн зөвлөхөө явуулсан байна. Хоёр орны цэргийн идэвхтэй хамтын ажиллагаа 1990 он хүртэл үргэлжлээд Хойд Солонгос эдийн засгийн хямралд орсноор өндөрлөсөн юм.

Африк

Хүйтэн дайны төгсгөлийн үед Хойд Солонгос Африкийн орнуудын улс төрд оролцож байлаа. Солонгос зөвлөх нар Баруун Сахарын салан тусгаарлагчдад тусалж, Ангол, Намибийн босогчдыг сургаж байв. 1970-аад онд Пхеньян Экваторын Гвинейн Ерөнхийлөгч Франсиско Нгема, Угандагийн удирдагч Иди Амин гэсэн хоёр дарангуйлагчтай холбоотой ажиллаж байлаа. Нгема Ким Чен Ирээр бахархдагаа нуудаггүй, түүний бие хамгаалагч нарын дунд солонгос зөвлөх багш нар байв. Экваторын Гвинейгээр дамжин, Баруун Өмнөд Африкийн босогчдод солонгос зэр зэвсгийг нийлүүлж байлаа. Засгийн эрхээс буусныхаа дараа Нгема гэр бүлийн хамт Хойд Солонгост зугтаж очсон байдаг.

Угандагийн цэргийн академи, 2013 он

Хойд Солонгос, Угандагийн дотно харилцаа Иди Амины дэглэм унасны дараа ч үргэлжилсэн. Угандад Хойд Солонгосын тусламжтайгаар цэргийн үйлдвэр баригдсан байна. БНАСАУ-ын эсрэг олон улсын хориг арга хэмжээ тавигдсаны дараа ч хамтарсан хэвээр байв. 2007 онд хоёр орон Угандагийн армид нисгэгч, техникийн ажилтнуудыг сургах гэрээ байгуулсан юм. 2016 онд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс БНАСАУ-ын зөвлөх, мэргэжилтнийг цагдаа, цэргийн ажилтнуудыг сургахад ашиглахыг хориглосон тогтоол гаргасан. Үүнээс хоёр жилийн дараа Уганда олон улсын дарамтад орж, Пхеньянаас цэргийн хамтын ажиллагаагаа тасалж, 14 солонгос нисгэгчид виза өгөөгүй юм.

BBC News

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.