ОХУ-ын түүхэн дэх хамгийн том цуврал алуурчин, Ангарскийн маньяк Попков гэмт үйлдлээ цусаараа цагаатгахын тулд Украины дайнд сайн дураар явах хүсэлт гаргажээ. Хэдийгээр Орост хоригдлуудыг дайнд оролцуулж байгаа ч цуврал алуурчин, алан хядагчдыг фронтод илгээхгүй байгаа билээ.
Михаил Попков 1992 оноос 2010 он хүртэл мэдэгдэж байгаагаар наян эмэгтэйн амь насыг хохироосон нь тогтоогдоод байгаа. Түүнд хоёр удаа бүх насаар нь хорих ял оноогоод байгаа юм.
Попков “Би дайны талбарт байлдахыг хүсэж байна. Гэхдээ мэдээж энэ бол компьютер тоглоом, уран сайхны кино биш тул аюултай. Үнэнийг хэлэхэд би өвөл Украин явмааргүй байна. Дулаан камераасаа гараад хүйтэнд байлдана гэдэг хэцүү. Би хүйтэнд дургүй. Харин хавар бол би дайнд явах саналыг шууд хүлээн зөвшөөрнө. Даанч надад хэн ч санал тавихгүй байгаа. Шоронд ороод арван жил болсон ч орчин үеийн техник хэрэгсэл дээр ажиллаж сурахад хэцүү биш байх гэж бодож байна” гэж сэтгүүлчдэд ярьжээ.
Михаил Попков 79 эмэгтэй, нэг цагдааг хөнөөсөн хэрэгт бүх насаараа хоригдох ял хоёр удаа сонссон анхны орос хэрэгтэн болсон. 1998 он хүртэл ДХЯ-нд бага түрүүчээр ажиллаж байсан. Зарим хэргээ өөрөө мөрдөн, шалгаж байсан тул баригдахгүй удсан байна. Түүний гэмт хэргийг 2012 онд л илрүүлж чадсан юм.