Ганцхан өрсөлдөгчдөө насан туршдаа ялагдах ямар байдгийг төсөөлөхөд бэрх. Насан туршдаа биш ч удаан хугацаанд байнга ялагдах нь тун хүнд зүйл. Жишээ нь, Ираны Хасан Яздани, АНУ-ын Кайл Снайдер хоёр байна. Дэлхийд хүчирхэг, шилдэг гэдэг нь хүлээн зөвшөөрөгдсөн ч том тэмцээний финалд заавал тэр нэг заналт өрсөлдөгч нь гарч ирээд түүнийг ялчихна. Язданигийн хувьд тэр том саад нь Тейлор, харин Снайдерт Садулаев байлаа. Гэхдээ Хасан, Кайл хоёр ямар ч гэсэн ганц удаа тэднийг ялж чадсан юм. Снайдер Садулаевыг 2017 онд, Яздани Тейлорыг 2021 онд давсан билээ. Энэ бүхнийг яагаад яриад байна вэ гэвэл одоо бид ертөнцийн хамгийн азгүй бөх болох Осман Дуралиевийг дурсах гэж байна.
Осман Дуралиев бол Болгарын турк гаралтай, хүнд жингийн бөх. Олимпын наадам, ДАШТ, Европын АШТ-ий финалд Осман арван удаа шалгарч байсан ч нэг ч удаа түрүүлж байгаагүй. Жингийнхээ хөдөлшгүй хоёр дахь бөх гэж тооцогдох нь түүнд сайхан байгаагүй нь мэдээж.
Османы замд хөндөлсдөг тэр нэгэн “гай” нь Александр Медведь байлаа. Чөлөөт бөхийн түүхэн дэх анхны олимпын 3 удаагийн аварга, дэлхийн 7, Европын 3 удаагийн аварга бөх. Осман Дуралиев Александр Медведьтэй найман удаа барилдсан. Бүх барилдаан нь хамгийн том тэмцээний финалд таарсан учраа.
1967 оны ДАШТ-ий финалд анх Медведь Дуралиевийг ялсан. 1968 онд нь Европын АШТ-ий финалд ялаад дараа нь олимпын алтан медалийн төлөөх барилдаанд унагааж, хоёр алтыг нь “булаагаад” авчихлаа.
1969-1971 онд Медведь хөөрхий болгар залууг гурван дэлхийн аваргын тэмцээний финалаас мулталж, мөнгөн медальтай гэрт нь хариулаад зогссонгүй, барилдааны харьцаагаа 6:0 болгон илүүрхэв.
1972 онд Мюнхенд олимпын наадам боллоо. Домогт Медведь тэр жил зодог тайлна гэдгээ зарлаад байв. Осман Дуралиев ч бас дэвжээгээ орхих бодолтой, гэхдээ гол өрсөлдөгчөө эцсийн удаа ялаад том тэмцээний алтан медаль амталж үзэх санаатай байв. Даанч Медведь тун өршөөлгүй, бас л финалд түүнийг ялаад 3 дахь удаагаа олимпын аварга боллоо. Тэр жилээ тивийн аваргын финалд мөн л Медведь ялсан билээ.
Ийнхүү Осман Дуралиев Медведийг ганц ч удаа ялж чадалгүй, 1972 онд хамтдаа зодог тайлцгаасан юм. Барилдааны харьцаа 8:0 олимпын аварга илүү. Медведьтэй нэг үед төрснийхөө “лайгаар” Осман 2 олимп, дөрвөн ДАШТ, хоёр Европын АШТ-д түрүүлэх боломжоо алдсан. 1967 оны Европын АШТ-ий финалд Германы Вильфрид Дитрих, 1969 оны тивийн аваргын финалд ЗХУ-ын Шота Ломидзед ялагдсаныг нэмээд нийт арван финалаас нэг ч алт аваагүй бөх.
Осман Дуралиев 1989 онд Туркт цагаачилж, 2011 онд Истанбулд нас барсан юм.