Мэргэжлийн сүмо бөхийн 52 дахь ёкозүна, сүмо тайлбарлагч асан Китанофүжи 82 настайдаа таалал төгсчээ. Намрын тэмцээний дараа бие нь чилээрхэж, эмнэлэгт хэвтээд байсан гэнэ. Ирэх 12 дугаар сард Хаккакү дэвжээнд салах ёслол гүйцэтгэх юм.
Тэрээр 1970 онд ёкозүна болж, нийт 10 түрүүлсэн. Зодог тайлаад ояката болж, Чиёоноүми, Хокүтоүми гэсэн хоёр ёкозүна төрүүлсэн. Холбооны захирал болно гэгдэж байсан ч 1998 онд ажлаасаа гарч, NHK телевизэд сүмо тайлбарлаж эхэлсэн юм. Хэнээс ч эмээдэггүй, хатуу ширүүн, шударга тайлбар нь бөх сонирхогчдод ихэд таалагддаг байлаа. 2024 оны гуравдугаар сард 82 нас хүрээд байв.