Дараах бөхчүүд ирэх цагийн өнгийг тодорхойлж, заалны барилдаануудад дийлж барилдах нь гарцаагүй. Бид энэхүү жагсаалтыг гаргахдаа насны залуу, эрэмбэ дээгүүр, мөн нягт барилдаанч байдал, мэхэндээ даацтай, цолондоо багтаж зодоглодог байдлыг нь онцолж үзлээ. Нэгэн арванд бөхийн өргөөг эзэгнэсэн харьшгүй хүчит Н.Батсуурь, Ч.Санжаадамба, П.Бүрэнтөгс, С.Мөнхбат, Ц.Содномдорж, Х.Мөнхбаатар, Р.Пүрэвдагва, Э.Оюунболд нарын тэргүүтэй олон хүчтнүүдийн халааг залгаж, ирэх арван жилд ямар бөхчүүд дийлж барилдахыг таамаг байдлаар та бүхэнтэй хуваалцаж байна.
Улсын арслан Баярсайханы Орхонбаяр
Бага залуудаа тодорсон Баярсайханы Орхонбаяр өнөө жилийн наадмаар үзүүрлэж мөд удахгүй аварга болохоо тунхагласан. Тэрбээр 20 настайдаа аймгийн арслан, 21 насандаа аймгийн арслан цолоо баталж хурц чимэг, мөн тэр жилээ тунаж барилдаад улсын начин, 23 настайдаа улсын харцага, 24 насандаа Улсын арслан цолонд хүрсэн төдийгүй 26 насандаа Үндэсний Их баяр наадамд хоёр дахиа үзүүрлээд байна. Нас залуу түүнийг олон наадам хүлээж байна, итгэл найдвар ч төдий их бий. Бэртлээ л эдгээчихвэл баараггүй дээш зүтгэж барилдах, олон ч наадмыг чимэх бөх өө.
Улсын арслан Цэдэнсодномын Бямба-Отгон
Улсын арслан Ц.Содномдорж 2021 оны 12-р сар, 2022 оны 1, 2-р сард зодоглосон гурван барилдаандаа нэг бөхөд дараалан өвдөг шороодож шуугиан дэгдээсэн юм. Тухайн үед арслангийн тэсрэлт эрс багассан нь анзаарагдаж байсан ч барилдааны ур, ухаан нь хаачих вэ гэтэл гурав уначихав. Хүчит арслантай гурав дараалан оноолт таарахдаа гурвантаа давж, жинхэнэ шуугиан дэгдээсэн бөх бол тухайн үед аймгийн заан цолтой байсан Ц.Бямба-Отгон билээ. Тэрбээр хойтон жил нь Үндэсний их баяр наадмаар тав, зургаа, долоогийн даваануудад дараалан тунаж барилдаад Улсын гарди цолонд хүрсэн. Харин тухайн наадмын дараа гарди М.Бадарчаас допинг илэрсэн тул Ц.Бямба-Отгонд арслан цол нөхөц олгосон юм.
Түүнийг арслан цолоо бататгаж, заалны барилдаануудад өнгөлөг барилдана хэмээн олон хүн найдаж, хүлээдэг. Хий нь багасч, нягт барилдаад эхэлбэл унаа хол, уян барилдаантай түүнийг унагана гэдэг ч хол л доо.
Улсын заан Сүхбаатарын Сүхбат
С.Сүхбатад амлаж барилдах эрэмбэ байна. Заан цолтой энэ залууг өнөө жил 24 настай гэвэл баргийн хүн толгой сэгсрэх нь гарцаагүй.
С.Сүхбат 2022 онд цэргийн начин, аймгийн арслан, хурц чимэг гээд нэг зун гурван ч удаа цол, чимэг нэмсэн удаатай.
Тухайн жилээ Дундговь аймаг байгуулагдсаны 80 жилийн ойд зодоглож зургаагийн даваанаа аймгийн заан Ш.Ганбаяртай учраа таарахдаа гурав барилдан гурвантаа давсан наадамд гурван даваатай бөх өө.
Үндэсний их баяр наадамд хоёр дахиа зодоглохдоо шууд долоо давж, заан цолонд хүрсэн бол өнөө жилийн наадмаар хоёрын даваанаа халтирч унасан билээ.
Улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий
Баргийн мэхэнд барьц алддаггүй, тун нягт барилддаг Б.Бат-Өлзий зааныг хазайлгана гэдэг ямар ч бөхөд бэрх даваа байх нь тодорхой. Ялангуяа дүүрэн барьцанд хүрчихсэн үед барилдаан түүнийх боллоо л гэсэн үг.
2021 онд цар тахлын улмаас Үндэсний их баяр наадам завсардсан ч Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан барилдаан болж, 512 бөх зодоглосон билээ. Тэр наадмаар Б.Бат-Өлзий харцага цолтой барилдан, ес давж түрүүлсэн. Уг барилдааны амжилтаар цол, эрэмбэ олгох тухай асуудал өдгөө ч яригддаг хэвээр бөгөөд хэрэв хэрэгжвэл Б.Бат-Өлзий улсын арслан цолонд хүрэх учиртай. Бөх сонирхогчдийн хувьд, түүнийг арслангийн эрэмбэтэй заан гэж үнэлдэг.
Улсын заан Мөнхтөрийн Лхагвагэрэл
Чөлөөт бөхийн 125 кг-ын жинд Э.Батмагнай л тулж зогсооно уу гэхээс зааны өмнө хөндөлсөх том зүрхтэн өөр байхгүй. Чөлөөт бөхийн суурьтай М.Лхагвагэрэлийн ажиллах чадвар нь том цолтнуудыг хаях давуу тал юм. Барилдах төрөл, зүтгэх зорилго нь хоёрдохгүй бол Улсын наадамд түрүүтэй, зааланд баавартай бөх өө.
Улсын начин Энхтүвшиний Батмагнай
Өнөө жил дөнгөж л 23 настай идэрхэн начин билээ, тэр. Даага хөтөлсөн начингууд адтай л гэдэг. 21 насандаа энэ цагийн шилдэг арслантай тунаж барилдаад улсын цолны босгыг давсан түүнийг чөлөөтөөр ч, үндэсний бөхөөр ч өндөр амжилтад хүрнэ гэж олон хүн итгэж, хүлээдэг. Ямартаа ч бэртлээ эдгээснээс хойш заалны барилдаануудад өөрийнхөө нөөц бололцоог хангалттай тунхаглаж байгаа билээ, тэр.
Аймгийн хурц арслан Нямдоржийн Өсөхбаяр
Сүхбаатар аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр зааланд бол дийлж барилддаг бөх өө. Түүнд улсын наадамд цолны давааг гэтлэх л дутуу байна.
Н.Өсөхбаяр Үндэсний бөхийн өсвөрийн Улсын АШТ-д гурав дараалж түрүүлээд залгаж залуучуудын ангиллаарх Улсын АШТ-д мөн нэгэнтээ түрүүлсэн амжилттай. Түүнчлэн 2014 оны Үндэсний их баяр наадмаар хүүхдийн барилдаанд үзүүрлэж байлаа.
Өдгөө тэрбээр аймаг, цэргийн цолтнуудыг чансаагаар тэргүүлж байгаа бөх юм.