Энэ сарын 4-нд АНУ-ын NCAA (National Collegiate Athletic Association буюу Оюутны спортын үндэсний холбоо)-ны дээд буюу I дивизионы сагсанбөмбөгийн лигийн тэмцээний 2024-2025 улирлын тоглолт эхлэсэн билээ. NCAA -ийн сагсан бөмбөгийн лигийн тэмцээнийг манайхан тэсч ядан хүлээдэг, чих тавьдаг, өөрийн дэмждэг багтай, тоглогчтой үздэг болсон.
Учир нь энд монгол хүн, монгол хүү маань тоглож буй.
Шаравжамцын Энхийн-Од маань NCAA-ны нэгдүгээр дивизионд тоглосон анхны Монголын тамирчин. Ютагийн Их сургуулийн "Utah utes" багт хүчин зүтгэж байна, Майк маань.
NCAA (National Collegiate Athletic Association буюу Оюутны спортын үндэсний холбоо) -ны дээд (I дивизион ) Big 12 конференцийн "Utah utes" баг гараагаа тун сайн эхэлж, дараалан гурав хожоод байгаа. "Mongolian Mike" маань ч Америкийн уугуул иргэд индианчуудын нэгэн овог, аймгийн нэртэй шинэ багтаа тун сайн идээшин зохицож, богино хугацаанд багийнхаа гол тоглогчдын нэг болсон. Дунджаар талбай дээр 29,7 минут тоглож, самбараас 5,7 авч, ассист 6, довтолгооны хувь 57.1 гэсэн статистик үзүүлж байгаа нь өмнөх хоёр улирлаас бүх үзүүлэлтээр илүү юм.
Мэдээж статистик, хожих, сайн тоглох нь түүнд ч, бидэнд ч хэрэгтэй.
Гэхдээ хамгийн гол зүйл бол монголчууд бид сагсан бөмбөгийн эх орон гэгддэг Америкийн хамгийн том, хамгийн алдартай Оюутны лиг болох NCAA-ийн дээд дивизионд өөрийн гэсэн харах, дэмжих тамирчинтай байгаа нь юм.
Ш.Энхийн-Одоос гадна өнөөдөр NCAA дээд дивизионд л гэхэд Ганхуягийн "Tommy" Дөлгөөн UTRGV буюу University of Texas Rio Grande Valley vaqueros багт мөн тоглож байгаа.
Энэ бол "Mongolian Mike" Энхийн-Одын эффект юм даа.
Ц.Энхтүвшин, Таван цагариг сонин