Неймар өнгөрсөн зун Саудын Араб руу буурь сэлгэж Про лигийн "Аль-Хилал" багт хүчин зүтгэхээр шийдсэн билээ. Гэвч тэр цагаас өдийг хүртэлх хугацаанд бэртэл гэмтлийн асуудлаас болж тоглох боломжгүй байдалтай байгаа.
Тодруулбал, 2023 оны 10-р сард тэрээр шигшээ багийнхаа өмсгөлтэй тоглож байхдаа шөрмөсөө тасалж, 369 хоногийг талбайн гадна өнгөрүүлсэн.
Өдгөө 32 настай Неймар өнгөрсөн сард Азийн Аваргуудын лигт явагдсан “Аль-Айн” болон "Аль-Хилал" багуудын тоглолтын 77 дахь минутад сэлгэгдэн талбайд гарснаар хүнд бэртлийг амжилттай даван туулснаа тунхагласан юм.
Гэвч энэ явдлаас ердөө 14 хоногийн дараа Неймар ахин бэртэж, 4-6 долоо хоногийн эмчилгээнд хамрагдах шаардлагатай болсон билээ.
Сүүлийн үед түүнийг ирэх нэгдүгээр сард Саудын Арабаас явна гэсэн цуурхал тархаад буй. Бразил од тоглогчийг эх оронд нь авчрах тухай хэлэлцээрт бэлдэж байна гэсэн мэдээлэл гарсан ч, харин “Палмейрас” клубийн ерөнхийлөгч эл яриаг үгүйсгэв.
"Палмейрас"-ийн ерөнхийлөгч Лейла Перейра хэлэхдээ "Неймар домогт тоглогч гэдэг нь гарцаагүй, түүнийг “Сантос” руу шилжих эсэхийг би хэлж мэдэхгүй юм. Манай багт лав ирэхгүй. Би талбайд тоглох боломжтой хүнд хөрөнгө оруулалт хийхийг хүсч байна. Манай баг Неймарыг хүлээж авахгүй, манайх эмнэлэг биш” гэжээ.
Бразилийн од өдгөө бие бялдарын хувьд бүрэн дүүрэн бэлэн болохоор зэхэж, гол анхаарлыг эмчилгээндээ төвлөрүүлж байна. Түүний биеийн байдлаас хамаарч баг нь Про лигт тоглох бүрэлдэхүүндээ нэрийг нь нэмэх эсэхээ улирлын хоёрдугаар хагаст шийдэх юм.