Бөхийн өргөөнөө 11-р сарын 16-ны өдөр Өвөрхангай аймгийн Сант сумын харьяат, ард олноо "Мээтэн" хэмээн алдаршсан улсын арслан Ономжавын Аюурын нэрэмжит улс аймгийн цолтой 128 бөхийн барилдаан явагдаж өндөрлөлөө.
Энэхүү барилдааныг аварга О.Хангай магнайлан барилдаж, улмаар долоо давж түрүүлэв. Аварга О.Хангай өнөө жил заалны 12 барилдаанд зодоглож наймд нь түрүүлээд байна.
Эл наадмын үзүүрт Сүхбаатар аймгийн хурц арслан Нямдоржийн Өсөхбаяр шалгарав. Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр зааланд бол дийлж барилддаг бөх өө. Тэрбээр энэ наадмын үеэр улсын харцага О.Мөнх-Эрдэнэ, улсын өсөх идэр начин Ч.Батчулуун, улсын начин Д.Амарсайхан, Сэлэнгэ аймгийн арслан Б.Ганбаяр, Хөвсгөл аймгийн заан Ж.Хатанзоригт, Сэлэнгэ аймгийн начин О.Пүрэв-Очир нарын сайчуулийг өвдөг шороодуулсан.
Харин Их шөвөгт улсын үнэн зоригт харцага Н.Золбоо, улсын өсөх идэр начин Ч.Батчулуун нар үлдлээ. Ч.Батчулуун начин 2024 он гарснаар заалны барилдаанд нэг түрүүлж, нэг үзүүрлэсэн төдийгүй Их шөвөгт хоёр удаа шалгараад байна.
Энэ намар л гэхэд Улаанбаатар хотын тэгш ойд түрүүлж, Сайхан сумын 100 жилийн ойд шөвгөрсөн билээ.
Гурвын даваанаа Архангай аймгийн арслан Г.Мөнхбаяр, Хөвсгөл аймгийн арслан М.Баасанжав нар тунан барилдаж, М.Баасанжав давлаа.