Японы Фүкүока хотод мэргэжлийн сүмо бөхийн 11 дүгээр сарын тэмцээн явагдаж байна. Башёг ганц унаатай озэки Котозакүра, Хоошёорюү, маэгашира Таканошёо, Онокацү нар тэргүүлж байна.
Дээд зиндаанд хоёр дахь тэмцээндээ барилдаж байгаа Онокацү Б.Чойжилсүрэн эхний 6 өдөр дараалан ялсан. Эзэн хааны цомыг өргөж байсан Такэрүфүжид ялагдсан ч өчигдөр их сургуулийнхаа ах Асакорюүг унагааж, 50 хувийн амжилтаа үзүүлэхэд ойртоод байна. Тэрээр бөх барилдах төдийгүй хичээл сургуульдаа ч онцгой байжээ. Увс аймгийн тооны олимпиадад түрүүлж байсан гэхээр хэр толгой сайтай гэдэг нь шууд ойлгогдоно. Нэг мэх нь бүтэлгүй болбол дараагийн мэхээ угсруулан хийнэ.
Бага сургуульд байхдаа хөлбөмбөг, сагсан бөмбөг тоглодог байсан. Харин дунд ангиасаа чөлөөт бөх, үндэсний бөх барилдаж эхэлжээ. 2015 оны 11 дүгээр сард Улаанбаатарт болсон тэмцээнд амжилттай оролцож, Японы Канагава мужийн Асахигаока сургуулийн багш нарын хараанд өртөж, 2016 оны хавар нь 15 настайдаа урилгаар Японд ирсэн.
Nippon Sport Science University их сургуулийн оюутан байхдаа одоогийн озэки Ооносатог ялж, оюутны ёкозүна цол хүртэж байлаа. Оюутны ёкозүнагийн эрхийн ёсоор өнгөрсөн оны Кюүшюү башёд макүшитагийн 15-аас барилдаж, тавдугаар сард жюүрёод дэвшсэн. Тун сайн амжилт ч нэг үеийн оюутны бөх Ооносато нь озэки болчихоод байдаг.
“Хамтдаа барилдаж байсан бөх. Тэр озэки болсон байхад би яагаад хоцров гэсэн харамсал төрдөг. Ооносатотой өрсөлдсөөр улам дээш банцүкэгээ ахиулах зорилготой. Түүнтэй банцүкэ зэрэгцэх нь зорилго” гэж сэтгүүлчдэд ярьсан байна.
Онокацү Б.Чойжилсүрэн
-2000 оны тавдугаар сарын 5-нд төрсөн.
-Увс аймгийн уугуул.
-Ономацү дэвжээ.
-Шёова үеийн хуучин дуу, ТВ нэвтрүүлэг, кинонд дуртай. Дуртай дуу нь Эйго Кавашимагийн “Жидай окүрэ”.
-Дархан мэх нь баруун золгоод ёрикири.
-Шикона нэр нь Онокацү. Дэвжээнийхээ нэр дээр ялах гэсэн утгатай кацү ханзыг нэмсэн.
-Аав нь төрийн албан хаагч, ээж нь тооны багш. Хоёр эгч, ахтай.
-185 см өндөр, 164 кг жинтэй.