МХБХ-ны Техникийн хэлтсээс зохион байгуулсан “Техникийн уулзалт” боллоо. Энэ удаагийн техникийн уулзалтад дээд лиг болон нэгдүгээр лигийн AFC-ийн “А” болон “В” зэрэглэлтэй ахлах, туслах дасгалжуулагч нарыг хамруулсан юм.
Уулзалтын үеэр 2024 оны хөлбөмбөгийн талбайн улирал өндөрлөсөнтэй холбогдуулан Техникийн хэлтсээс өнгөрсөн улирлын дээд лиг болон нэгдүгээр лигтэй холбоотой статистик мэдээллийг танилцуулав. Мөн 2023/24 оны Монголын Дээд лигийн аварга СП Фалконс клубын ахлах дасгалжуулагч Артур Фэррэйра багаа хэрхэн удирдаж амжилтад хүргэсэн талаараа монголын дасгалжуулагч нартай хуваалцлаа.
МХБХ-ны Дасгалжуулагчийн боловсрол хариуцсан ахлах мэргэжилтэн Э.Ганзориг 2024 оны тайлан мэдээлэл, цаашид дотоодын дасгалжуулагч нарыг хөгжүүлэхэд хэрхэн анхаарч ажиллах тухайгаа танилцуулсан бол Шүүгчийн хэлтсийн дарга Д.Түмэнбаяр ирэх улирлаас монголын хөлбөмбөгт нэвтрэхээр зэхэж буй VAR систем, Хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Э.Хүслэнзаяа дасгалжуулагч-клуб хоорондын хууль, эрх зүйн орчин, гэрээний талаар илтгэл тавьсан.
Түүнчлэн МХБХ-ны Техникийн захирал, AFC-ийн “Pro” зэрэглэлтэй монголын анхны дасгалжуулагч Б.Гарьдмагнай өнгөрсөн есдүгээр сард болсон “Asian Cup” тэмцээний өмнөх “Плэй-Офф”-ын тоглолтод Монголын Үндэсний шигшээ багийг хэрхэн удирдаж тоглуулсан тайлан-дүгнэлтээ сонирхууллаа.
МХБХ-ны Техникийн хэлтсээс дасгалжуулагч нарт зориулсан энэхүү Техникийн уулзалтыг анх 2021 онд зохион байгуулж байсан бөгөөд цаашид жил бүр уламжлал болгохоор төлөвлөж байна.