Монголын Хөлбөмбөгийн Холбоо Азийн Хөлбөмбөгийн Холбооны Нийтийн хөлбөмбөгийн дүрмийн Мөнгөн болзлыг хангалаа. Энэ талаар АХБХ-ны https://www.the-afc.com/ вэбсайтад мэдээлснээс МХБХ-ны Ерөнхийлөгч М.Болдын хэлсэн үгийг онцлон толилуулж байна.
Тэрбээр, “Монголын Хөлбөмбөгийн Холбооны үйл ажиллагаа жилээс жилд улам дэлгэрч, өргөн уудам нутаг давсгэрт хүрч ажиллаж байгааг Азийн хөлбөмбөгийн их гэр бүлийн гишүүддээ дуулгахад таатай байна.
Аливаа улсад мэргэжлийн хөлбөмбөг хөгжихөд хөлбөмбөгийн үндэс суурь болсон Нийтийн хөлбөмбөгийн хөгжлийг зайлшгүй тавьсан байх ёстойг Монголын хөлбөмбөг ойлгон ухамсарлан, энэхүү суурийг амжилттай тавьж байгаадаа баяртай байна.
Бид Нийтийн хөлбөмбөгийг хөгжүүлэх талаар урт хугацааны төлөвлөгөөндөө тусгасан юм. Ялангуяа Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Эрүүл Монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд МХБХолбоо “Нийтийн хөлбөмбөг” хөтөлбөрийг боловсруулсныг Монгол Улсын Ерөнхийлөгч талархалтайгаар хүлээн авч, өөрийн ивээл дор хэрэгжүүлж байгаа билээ.
Бид сүүлийн нэг жилийн хугацаанд анх удаа ерөнхий боловсролын бүхий л сургуулиа энэхүү хөтөлбөрт хамруулснаар амжилттай хэрэгжиж, үр дүн гарч байна. МХБХ хөлбөмбөг сонирхогч хүүхдийн тоог нэмэхэд анхаарч сургууль бүрт хөлбөмбөгийн багтай болгохоор ажиллаж байна. Олон мянган хүүхэд, багачууд хөлбөмбөгөөр дамжуулан их спортоор хичээллэн “Мөрөөдлийн гоол” тэмцээнд оролцож, олон зуун багшийг “Дасгалжуулагч багшийн боловсрол” сургалтад хамруулан заах арга барилыг нь сайжруулж, олон сургууль, суманд хөлбөмбөгийн талбай дэд бүтэцтэй болох зорилтын хүрээнд ажил хэрэг болгож, төр, засгаас бодлогын болоод санхүүгийн туслалцаа дэмжлэг үзүүлэн, хөлбөмбөгийн хөгжлийн үндэс суурь болсон Нийтийн хөлбөмбөгийн хэлтсийг байгуулан, Монгол Улсад Нийтийн хөлбөмбөг хөтөлбөр амжилттай хэрэгжсээр байна.
Энэхүү АХБХ-ны Нийтийн хөлбөмбөгийн дүрмийн дагуу нийт 20 болзлыг зайлшгүй хангасан байх ёстой байдаг билээ. Дүрэм, журмын дагуу Нийтийн хөлбөмбөгийн дүрмийг биелүүлэхэд шийдвэр гаргаж байсан Зөвлөл, Хороо, Холбооны ажиллагсад, үргэлж дэмжиж байдаг хөгжөөн дэмжигчид, хөлбөмбөгийн их гэр бүлийн гишүүд та бүхэндээ баярт мэдээг дуулгая.
МХБХ түүхт 65 жилийнхээ ойн жилд, Азийн Хөлбөмбөгийн Холбооны Нийтийн хөлбөмбөгийн дүрмийн Мөнгөн болзлыг хангасан гэсэн баярт мэдээг хүлээн авлаа.
Энэ баярт мэдээ бол та бидний хамтын их ажлын үр дүн гэдгийг илэрхийлье. МХБХолбоо цаашид ч ОУХБХ, АХБХ-ны гишүүний хувьд үүргээ биелүүлж, Монгол Улсад хөлбөмбөгийн хөгжлийг бий болгохын төлөө тууштай зүтгэх болно.
Хөлбөмбөгийн хөгжлийн төлөө хамтдаа зүтгэцгээе" гэлээ.