UBLife Logo
Ном

Орчуулагч Д.Цахилгаан: “Тэнгэрлэг туульс”-ийн зарим хэсэг нь “Монголын нууц товчоо”-ныхтой тун ч төстэй

Орчуулагч Д.Цахилгаан: “Тэнгэрлэг туульс”-ийн зарим хэсэг нь “Монголын нууц товчоо”-ныхтой тун ч төстэй

Анхлан 1981-1990 оны хооронд утга зохиол судлаач Ц.Хасбаатарын орчуулгаар монгол уншигчдын гарт хүрсэн “Тэнгэрлэг туульс” хэмээх хөлгөн их тууль болбоос дэлхийн уран зохиолын сүмбэр оргил болсон бүтээл гэдэгт эргэлзэх хүн үгүй биз ээ. Тэгээд ч цаг хугацааны шалгуурыг давж өдгөө шигшигдсэн үлдсэн гэдэг нь үүний нотолгоо мэт.

Италийн их сэтгэгч Данте Алигьеригийн сод энэ бүтээлийг бүрэн эхээр нь монгол хэлнээ дахин хөрвүүлсэн нь орчуулагч Д.Цахилгаан юм. Түүнийг Хомерийн “Илиада”, “Одиссэй” хэмээх алдарт туульсийн зохиолуудыг эх хэлнээ орчуулсан гэдгээр нь уншигчид маань андахгүй биз ээ.

“Итали хүн Данте, дундад эртний үеийн сүүлчийн яруу найрагч бөгөөд басхүү шинэ цагийн анхдугаар яруу найрагч билээ” хэмээн Ф.Энгельс тунхаглан бичжээ.

“Там”, “Ариутгалын орчлон”, “Диваажин” гэдэг гурван анги, зуун дууллаас бүрдсэн “Тэнгэрлэг туульс” гэдэг энэ бүтээл зөвхөн зохиолчийн уран бүтээлд төдийгүй дундад эртний өрнө дахины уран зохиолд оргил болон тодорчээ.

Энэхүү гурвалсан бүтээлийн анхны орчуулгын редактор хэл бичгийн эрдэмтэн Р.Гүрбазар “Там”-ын өмнөтгөлд “Товчоор хэлэхэд Дантегийн “Тэнгэрлэг туульс” бол орчин үеийнхээ амьдрал ахуйг гайхалтай нарийн нэгтгэн дүгнэсэн яруу найргийн гандан бууршгүй бүтээл юм” гэж цохон тэмдэглэсэн байдаг.

Тэрээр “Диваажин”-гийн өмнөтгөлд “Энэ зохиолыг Сэргэн мандалтын үеийн нийгмийн амьдралын гайхалтай «нэвтэрхий толь» гэж онож нэрлэсэн байдаг” хэмээн онцолжээ.

Тэгвэл энэ бүтээлийг ахин орчуулах ямар хэрэгцээ шаардлага байв?

Энэ асуултад зохиолч Г.Аюурзана хариулсан нь:

“Ц.Хасбаатар гуай анхны том шанг татсан. Түүний орчуулга бол “Тэнгэрлэг туульс” номыг бидэнд танилцуулсан үнэхээр гайхалтай ажил. Гэвч Хасаа гуай яруу найрагч биш, харин судлаач, философич. Редактор нь болох Р.Гүрбазар гуай “Зохиолын монгол орчуулгыг итали хэлний эхтэй нь зэрэгцүүлэн үзэхэд эх зохиолын утга санааг зэгсэн сайн гаргасан” гэж дүгнэсэн байдаг. Гэхдээ утгын хувьд алдаа мадаггүй байлаа ч гэсэн туульсын яруу найраг бол цаанаа л өөр зүйл.

Шүлэглэсэн, туульсын яруу найргийн орчуулгын тухайд, “Илиада”, “Одиссэй” хоёрынх бол онцгой дээд сонгодог түвшний монгол орчуулга байсан гэж бодож байна. Эдгээр номын үнэ цэн дан ганц бүрэн эрхээр нь орчуулсанд биш юм. Үнэхээр сайн орчуулсан.

“Илиада”, “Одиссэй”-г орчуулж, нэгэнт бэлтгэл нь ханасан хүн “Тэнгэрлэг туульс”-ийг барьж авсан учир энэ номын үнэхээр ид хавтай сайхан орчуулгатай боллоо гэж би хувьдаа олзуурхаж байна.

“Тэнгэрлэг туульс” номыг зэрвэсхэн уншихад Д.Цахилгааны “Илиада”, “Одиссэй”-г орчуулсных нь задгай аяс мэдрэгдэж байна.

Монгол хүн дундаж орос хүнээс, дундаж хятад хүнээс хэд дахин илүү боловсролтой байхгүй бол болохгүй. Монгол хүн байхын тулд заавал уншчихсан байх ёстой номуудын нэг нь “Тэнгэрлэг туульс” …”.


“Тэнгэрлэг туульс” номын үнэ цэнийн тухайд утга зохиол судлаач Г.Галбаяр хариулсан нь:

“Дэлхийн сонгодог зохиолуудын томоохон үнэ цэнэ бол тухайн цаг үеийнхээ оюун сэтгэлгээний ертөнцийг ойлгох ойлголтыг яг тэр цаг үед нь царцаагаад орхичихдог. Хожмын хүн төрлөхтөн бүх цаг үеийн сонгодог бүтээлүүдийг уншсанаар тэдгээрийн холбоосон дундаас ертөнцийг үзэх хандлагын хувьд төлөвшиж байдаг. Энэ үүднээсээ бол “Тэнгэрлэг туульс”-ийг унших нь орчин цагийн уншигчдын хувьд маш том боломж.

Хүн төрлөхтөний оюун сэтгэлгээг дундад зуунаас сэргэн мандалтын үе рүү шилжихэд нөлөөлсөн хүн бол Данте Алигьери юм. Өөрөөр хэлбэл, мянган жил үргэлжилсэн оюун сэтгэлгээг өөрчилсөн хүн. Нийгмийн тогтолцоо, оюун сэтгэлгээг өөрчилнө гэдэг амархан хийдэг ажил биш. Энэ ажлыг амжилттай гүйцэтгэсэн түүний гол зохиол нь “Тэнгэрлэг туульс” хэмээх хөлгөн их туульс юм …”.


Орчуулагч Д.Цахилгаан “Тэнгэрлэг туульс” номыг орчуулах зууртаа төрсөн мэдрэмжийнхээ тухайд төдийгүй энэхүү бүтээлийг уншсанаар хүрч болох боломжуудын талаар хуваалцсан нь:

“Илиада”, “Одиссэй”-н зохиомж өгүүлэмжийн өнгө аяс нь манай “Жангар”-ынхтай, “Тэнгэрлэг туульс”-ийн Италийн түүхэнд холбогдох зарим хэсэг нь “Монголын нууц товчоо”-ныхтой тун ч төстэй санагдаж байсан нь зөвхөн миний хувийн мэдрэмж төдий биш байх.

“Тэнгэрлэг туульс”-ийг уншсанаар юуны түрүүнд өөрийн амьдралыг эргэцүүлэхэд хүрнэ. Би зөв амьдарч байна уу, нүгэл хилэнц, буян хишиг маань юу билээ гэсэн санаа хүнийг дотроос нь гижигдэнэ ээ. Үүгээрээ өөрийгөө, өнөөдрийн цаг үеэ таньж мэдэх, түүнийг хүн төрлөхтөний соёл, түүхийн нэгэн их оргил үе болох Грек, Ромын цаг үеийнхтэй харьцуулж бодох ийм өгөөжтэй.

Судлаачдын нэлээд олон бүтээлийг уншаад, “Монсудар”-тай гэрээ байгуулсан өдөр бол 2022 оны 10 дугаар сарын 27 ажээ. Би энэ өдрөөс эхлэн агуу их Данте Алигьеритэй “найзалж", тархи зүрхэн дотроо ярилцаж зөвлөлдсөөр ашид мөнхийн Гурван дэвтэр бүтээлийн нь ард гарав. Завсар чөлөөнд нь И.С.Тургеневийн “Анчны тэмдэглэл”, “Язгууртны үүр” алдарт хоёр зохиолыг гурван ботиор гаргав. Ингэж би “Терцина” гурвалд чөдөртэй морь шиг байснаа хүүрнэл зохиол руу гүйгүүл морь шиг орж тархиа амраасан юм аа. “Тэнгэрлэг туульс”-ийн дотор 2024 оны 06 дугаар сар дуустал сүнсний ертөнцөөр аялсан маань сэтгэлийн эрх чөлөөг мэдрэх, хүмүүн бидний ахуй амьдралын наад, цаад талыг бодож ухаарахад нэн тустай хичээл боллоо …”.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
5
0
5
0
0
1
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Зочин\47.129.139.118
Орчуулгыг тэр дундаа хэдэн зуу, мянган жилийн тэртээх сонгодог бүтээлүүдийг орчуулна гэдэг нь хэл мэддэг хэн дуртай хүний хийчихдэг ажил биш. Судалгаанд суурилсан нөр их хөдөлмөрөөс гадна авьяас, мэдрэмж, мэдлэг,сэтгэлгэний хурд бяд гээд олон зүйл бүрдэж байж сайн орчуулга төрдөг биз. Цахилгаан гуай бол яах аргагүй авьяаслаг сайн орчуулагч. Урт насалж, дэлхийн дэвжээнд гарч чадсан олон олон бүтээлийг орчуулж монгол түмэндээ хүргэж яваарай.
ЗОЧИН\13.212.252.20
Хүү нь энд ямар хамаатай юм вэ. Биеийг төрүүлэхээс биш бодол санааг нь төрүүлдэггүй юм шүүдээ. Цахилгаан бол залуугаасаа авяъастай хүн байсан. Их хөдөлмөрлөжээ. Баяр хүргэе.
ЗОЧИН\13.229.66.241
Хүү нь энд ямар хамаатай юм вэ. Биеийг төрүүлэхээс биш бодол санааг нь төрүүлдэггүй юм шүүдээ. Цахилгаан бол залуугаасаа авяъастай хүн байсан. Их хөдөлмөрлөжээ. Баяр хүргэе.
зочин\13.212.103.224
хэ цэссс Цахилгаан гуайн хүү эх орноосоо урваж хятадад нууц мэдээлэл дамжуулж байгаад баригдаж шийтгүүлснээс хойш cancel хийсээн. Өөдгүй улс гэж бодох болсон доо.
ЗОЧИН\13.212.103.224
хэ цэссс Цахилгаан гуайн хүү эх орноосоо урваж хятадад нууц мэдээлэл дамжуулж байгаад баригдаж шийтгүүлснээс хойш cancel хийсээн. Өөдгүй улс гэж бодох болсон доо.
ЗОЧИН\47.129.108.197