UBLife Logo
Спорт

Хүний төлөө төрсөн хүн

Хүний төлөө төрсөн хүн

Эдүгээ 71 нас сүүдэр хүрсэн Шаварш Карапетянд энэ үг хамгийн их тохирох байхаа. Хуучин ЗХУ-ын Армен ССР-т төрсөн Шаварш Карапетян усан спортоор хичээллэж байсан дасгалжуулагчтайгаа таарамжгүй байснаас усан спортын өөр төрөл буюу усан доорхи сэлэлтэд шилжжээ. Finswimmer хэмээх шинэ төрөлдөө Шаварш ихээхэн амжилт гаргасан бөгөөд 17 удаагийн дэлхийн аварга, 11 удаа дэлхийн рекордыг шинэчлэн тогтоож байв. Гэхдээ түүний алдар цуу дэлхий дахинд тамирчны хувьд гэхээсээ жинхэнэ хүний хувьд, эр зориг, бусдын төлөө гэх сэтгэлээрээ илүү түгсэн билээ. 1974 онд түүний сууж явсан 30 гаруй зорчигчтой автобусын жолооч моторт нь саатал гарсан болохоор учрыг олохоор кабинаасаа гарч. Энэ үед жолоочгүй автобус уулын уруу өнхөрч эхэлжээ. Харин жолоочийн бүхээгний ойролцоо сууж явсан Шаварш учрыг ойлгон шилэн бүхээгийг тохойлдон хагалж, жолооны ард гарч автобусны чиглэлийг өөрчлөн зогсоож уулын уруу онхолдох гарцаагүй ослоос 30 гаруй зорчигчийг аварсан байна.

Үүнээс ердөө хоёрхон жилийн дараа Шаварш Карапетян ах болон дасгалжуулагчийнхаа хамт өглөөний гүйлтээ хийж яваад тохиолдлоор Ереван хотын ойролцоох усан санд троллейбус унаж, осолдохтой тааралдаж. Шаварш огт эргэлзэлгүй ус руу орж троллейбуснаас нийтдээ 46 хүнийг ( 92 зорчигч осолдсон) гаргаж чаджээ. Тэрбээр 10 м гүнд унасан троллейбусны цонхыг хөлөөрөө жийн хагалж, живсэн хүмүүсийг уснаас гарган, харин ах дасгалжуулагч хоёр нь завиар эрэг рүү гаргасан аж. Усны гүнд бараг юу ч харагдахгүй байсан учир Каварш нэг удаа шумбаад гарч ирэхдээ суудлын зөөлөвчийг гаргаж ирсэн бөгөөд энэ суудлын зөөлөвч олон шөнө зүүдэнд нь орсон тухай өөрөө хожим өгүүлсэн бөгөөд хэрэв тэр суудлын зөөлөвч тааралдаагүй бол дахиад нэг хүнийг аврах ч байсан юм билүү гэж ихэд харамсаж байсан гэдэг. Карапетяны усны гүн дэх троллейбусаас гаргасан ухаангүй 46 хүний 20 -ынх нь амь нас аврагдсан байна.

Каваршийн бие цонхны хагархайд маш олон зүсэгдсэн бөгөөд олон удаа , удаан хугацаанд усны гүнд ажилласан тул уушигны өвчнөөр хүнд өвдөж, сар хагас эмнэлэгт хэвтэж байж эдгэрчээ. Жилийн дараа тэрбээр спортдоо эргэн ирж, акваланг (усны гүнд шумбах хэрэгсэл) төрлөөр дахин нэг дэлхийн рекорд тогтоогоод эрүүл мэндийн шалтгааны улмаас (жилийн өмнөх аврах ажиллагаанаас болсон) тамирчны замналаа өндөрлөжээ. Гэхдээ түүний бусдын төлөөх замнал түүх хэзээ ч дуусахгүй тавилантай гэлтэй. 1985 онд Ереван хотын Спорт, соёлын төв цогцолборт гарсан гал түймрийн үеэр гал сөнөөгчид, онцгой байдлын аврагчдад туслан хүмүүсийг аврах ажиллагаанд оролцож байгаад гэмтэл авч, ихээхэн түлэгдэж мөн л эмнэлгийн орон дээр сар гаруй хэвтэж. Ёстой л бусдад туслуулахаар Бурханаас илгээсэн элч гэж болох Каварш хожим "Сочи-2014" Өвлийн олимпийн галт бамбарын буухиад оролцох хүндэтгэл хүлээсэн бөгөөд өдгөө Москва хотноо гэр бүл үр хүүхдүүдийнхээ хамт амар жим аж төрөн суугаа гэнэм.

Ц.Энхтүвшин Таван цагариг сонин

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
4
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.