Өчигдөр жүдо бөхийн Европын Аваргуудын лигийн тэмцээн болж, Францын ПСЖ түрүүллээ. Тэд Сербийн “Ред Стар” багт нэг ч оноо алдалгүй ялсан юм.
ПСЖ баг энэ жил Японы легионер Тацүки Ишихара, Санширо Мүрао нараар хүч зузаатгасан байлаа.
Тедди Ринер ганцхан барилдсан. Тэрээр олимпоос хойш барилдаагүй бололтой, Сербийн багийн Энди Грандаг тун ядарсаны эцэст шидогоор ялж, багтаа оноо нэмэрлэсэн. 2024 онд Ринер Олимпын Алт, Их Дуулга тэмцээний 3 алт, Аваргуудын лигийн алтан медальтай үдэж байна.
Тэмцээний дараа Тедди “Өнгөрч буй он Францын шигшээ, ПСЖ баг болон миний хувьд төгс сайхан өнгөрлөө. Би ирэх улирлыг тэсэн ядан хүлээж байна. 2025 оноос би 2028 оны Лос-Анжелесийн олимпдоо бэлтгэж эхэлнэ” гэж сэтгүүлчдэд мэдээлэв.
35 настай тэрээр зургаа дахь олимпын циклдээ ийнхүү орох гэж байна.