Цахим спорт буюу Esport монголчуудын ярианы сэдэв болоод багагүй хугацаа өнгөрчээ. Тэр дундаа арав гаруй жилийн өмнө донтох аюултай гэж “адлагдаж” явсан энэ салбар өнөөдөр дэлхийн хэмжээний тэмцээн уралдаанд байр эзлэн гялалзах олон тамирчныг төрүүлж, тэд эх орныхоо нэрийг өндөрт өргөж байна. 2010 оноос жинхэнэ утгаараа төлөвшиж эхэлсэн цахим спортын салбар өнөөдөр 500 сая гаруй үзэгч, нэг тэрбум ам.долларын зах зээлтэй болжээ. Энэ шинэхэн зах зээлд манай багууд хэдийнэ гол тоглогч болоод амжсан юм.
12 сарын 12. Гудамжинд зөрөх залуус нэгэн ижил сэдвийн тухай ярина. Тэр яриа бол цахим спортын тухай бөгөөд хүсэн хүлээсэн тоглолт нь хаяанд ирсэн нь тэр. PGL Shanghai major тэмцээний шөвгийн наймд шалгарсан The MongolZ (Дэлхийн чансаа #9) Mouz (Дэлхийн чансаа #5) багийн эсрэг тоглолт удахгүй эхэлнэ. The MongolZ бол Ази тивээс анх удаа дэлхийн чансааны тэмцээнд шөвгөрсөн цорын ганц баг.
Үдийн 14.00 цаг. Монголын цахим спорт сонирхогчид амьсгаа даран хүлээж, хийж байсан бүхнээ орхилоо. “Shanghai oriental sports center”-ийн 18000 хүний суудалтай зааланд үзэгчид пиг дүүрч, тивээсээ шалгарсан цорын ганц багаа уухайлан дэмжинэ.
Энэ мэтээр өдөр ирэх тусам хөгжөөн дэмжигчдийн тоо өсөж буй The MongolZ багийн нэр дэлхийд цуурайтаж байна. Манай улсын анхны легионер тамирчдын нэг Б.Бат-Энх буюу Kabal “Тоглоомоо бүрэн мэдэхгүй ч үздэг хүмүүс олширч байгаа нь энэ спортын хөгжил хаана хүрснийг илтгэнэ. Тэр дундаа The MongolZ багийн сүүлд орсон тэмцээн энэ салбарын хөгжлийг монголчуудад батлан харуулж, жинхэнэ спорт болсныг харууллаа” гэв. Түүнийг олон улсад гарах үед цахим спорт одоогийнхоос тэс өөр байжээ. Тамирчдад мэргэжлийн түвшинд ажиллах, бэлтгэл хийх, тэмцээн уралдаанд орох боломж хомс байлаа. Б.Бат-Энх энэ хөгжил бол үе үеийн олон тоглогчдын гавьяа гэдгийг мартаж болохгүйг онцлов.
Аливаа шинэ спорт хөгжхөд үзэгчид хамгийн чухал байдаг. Тиймээс дотоодын үзэгчдээ бэлтгэхээр ESN (Esports Network) байгууллагаас дотоодод болж буй тэмцээнүүдэд үзэгчдийг аль болох биечлэн оролцуулахыг зорьж буйгаа илэрхийлэв. Мөн Moonton, Tencent, Blast зэрэг олон улсын томоохон компаниудтай хамтран зөвхөн дотооддоо өрсөлдөх бус гаднын зах зээл рүү гарахаар ажиллаж байна. Цахим спортын арга хэмжээ зохион байгуулагч У.Чингүүн энэ талаар “Бид одоогоор CS2 бус Dota, Mobile Legends, PUBG Mobile зэрэг дэлхийд хамгийн амжилттай хөгжиж яваа төрлөөр тэмцээн уралдаан зохион байгуулдаг. Ирээдүйд хүрэх олон амжилтад ESN-ийн зүгээс бүх боломжит талаар баг тамирчдаа дэмжин ажиллах болно” гэв.
Гэхдээ ингээд бүх зүйлс цэгцэрчихгүй. Манай улсад цахим спорт бие дааж, органикаар хөгжсөн боловч бүтээсэн амжилтыг нь олон газар булаацалдах болжээ. “2017 онд тэмцээн зохион байгуулах гээд хамтран ажиллах санал тавихад “Бид ийм зүйл сонирхдоггүй” гэж байсан компаниуд цахим спортод их зүйл хийсэн, эхнээс нь хамт байсан мэтээр ярих болсон. Энэ салбарын хөгжилд ямар нэг байгууллага, төрийн оролцоогүй. Харин ч өдий хүртэл өөрсдийнхөө хүчээр явсан шигээ цаашаа бас нэр цэвэр яваасай гэж хүсдэг” хэмээн цахим спортын олон улсын тэмцээнийг Монгол Улсад албан ёсоор нэвтрүүлдэг MetaMn сувгийн Kei буюу Б.Хатанболд ярилаа. Тоглогчдын амжилт, тогтвортой байдлыг хангахын тулд нийт цахим спортын хөгжлийн бодлого, менежментийн төлөвлөгөөг багууд сайтар гаргах хэрэгтэй. Ингэж чадвал эх орныхоо нэрийг дэлхийд гаргах The MongolZ шиг багууд олон төрөх билээ.