UBLife Logo
Спорт

Экстрим спортод дуртай Холливудын 11 од

Экстрим спортод дуртай Холливудын 11 од

Холливудын одод ч амьдралаа аюултай хоббигоор чимэх дуртай. Маш хэцүү, эрсдэлтэй байдалд орж, бэрхшээлээ даван туулснаар тэд хүсэн хүлээсэн адреналинаа авч чаддаг.

Киану Ривз

Хобби: мото уралдаан

60 настай Ривз залуу үеийнх шигээ мотоцикл унан, салхи татуулан давхисаар байна. Тэмцээн уралдаанд ч оролцсоор л. “Мотоциклоор давхихгүй удахаар хамаг бие өвдөөд эхэлдэг” гэж тэр нэгэнтээ ярьж байлаа. Экстрим спортод дурласныхаа “гайгаар” амиа алдах дөхөж байсан удаатай. 1986 онд ид алдаршиж эхэлж байхдаа Ривз уралдаанд оролцож, онхолдоод, маш хүнд гэмтэж байв. Дэлүүгээ авхуулан, хэсэг томоотой байсан ч дахиад л мотоциклоо унаж эхэлсэн. Одоо тэр уралдааны мотоциклийн маш том цуглуулгатай, Калифорнид захиалгаар мотоцикл хийдэг компанитай.

“Хурдан давхихад ухаан саруулсаж, эрх чөлөөг мэдэрдэг. Хамгийн хурдтай давхиж явахдаа би энэ дэлхийн хамгийн аз жаргалтай хүн болдог. Далайн эргийн замаар давхихын юу нь гоё гэдгийг тайлбарлахад миний үгийн сан дутаад байна”

Киану саяхан “Toyota Gazoo Racing GR Cup” машины уралдаанд оролцсон. Өмнө нь сонирхогчдын тэмцээнд орж байсан ч тэр энэ удаад мэргэжлийн “Eagles Canyon” багт уралдсан юм. Даанч уралдааны 45 дахь минутад эргэлт дээр замаас гарч орхисон. Уралдаанаа үргэлжүүлж чадсан ч 35 тамирчнаас 25-д орж ирсэн гэж байгаа. Анхны уралдаан гэхэд тун дажгүй шүү.

Брэдли Купер

Хобби: мото уралдаан

Эрт урьдын цагт Брэдли Нью-Йорк хотын нэгэн ресторанд тогооч байсан ч кино урлаг түүнийг өөртөө эргэлт буцалтгүй татсан юм. 2011 онд Холливудад үнэлэгддэг болсон хойноо тэр гэнэт мотоциклын уралдаанд дурлаж, лиценз авсан байна. Лос-Анжелесийн ойролцоох хувийн уралдааны зам дээрээ байнга давхидаг. “A Star is Born” кинонд тоглохдоо мотоцикл хэрхэн чадмаг эзэмшдэгээ харуулсан. Цуглуулгад нь 20 орчим мото хүлэг бий.

Анжелина Жоли

Хобби: нисэх

Жоли хашир, туршлагатай нисгэгч. 2004 оноос тэр ийм аюултай хоббитой болсон юм. Тэр үед гурван настай байсан хүү Мэддокс нь онгоц сонирхож эхлэхэд Жоли мөн “дурлаж”, орхисон гэдэг.

“Хүүгээ хараад  гэнэт нисмээр санагдсан. Нисэж байгаа ээжээрээ хүү минь бахархаасай гэсэндээ онгоц жолоодож сурсан”

Нисэх эрх аваад Жоли 2005 оны эхээр 334,700 ам.доллароор Cirrus SR22-G2 онгоц худалдан авч байв. Мөн нисдэг тэрэг удирдах эрхтэй. Намибийн цөлд хийсэн баримтат киноны зураг авалтын үеэр Жоли нисдэг тэрэг хэрхэн уран удирддагаа харуулж байсан билээ.

Патрик Демпси

Хобби: авто уралдаан

Өнгөрсөн жилийн Дэлхийн хамгийн халуун залуугаар шалгарч байсан Патрик Демпсиг Холливудад тун чанга гар гэж үздэг. Үнэхээр хобби нь ч чанга. 2004 оноос эхлэн машины уралдаанд оролцож байна.

“Уралдааны үеэр машинтайгаа нэгэн бие болсон мэт болдог. Миний бодол санааны үргэлжлэл нь машин юм шиг” гэж тэр хоббигоо тайлбарлаж байв.

2013 оноос Патрик Демпси зэрэглэл ахиж, “Porsche” багт элсэж, том тэмцээнд оролцдог болсон. “24 Heures du Mans” уралдаанд 4 удаа оролцож, GTE-Am төрөлд мөнгөн медаль хүртэж байсан. 2016 он хүртэл “Dempsey Racing” уралдааны хувийн багтай байсан ч кино ертөнцөд буцаж орох гээд албан ёсоор зодог тайлсан.

Майкл Фассбендер

Хобби: авто уралдаан

Ирланд жүжигчин эр харьцангуй сүүлд уралдаж эхэлсэн. Дээр дурдсан Патрик Демпси өөрийнхөө оронд түүнийг “Porsche” багт оруулсан юм. Энэ багт орохоосоо өмнө Майкл хувьдаа машинтай байж үзээгүй байсан гэдэг. Мэргэжлийн тамирчин Томми Берний удирдлага дор бэлтгэл хийгээд 2017 онд анхныхаа тэмцээнд орсон. Уралдахын тулд тэр 500 мянган ам.доллароор Ferrari худалдаж авсан. 2018 онд анхныхаа тэмцээнд түрүүлсэн. Өнгөрсөн жил “24 Heures du Mans” уралдаанд оролцохдоо хашлага мөргөж, осолд орсон.

Леонардо Ди Каприо

Хобби: вейкбординг

Хэдэн жилийн өмнө Лео Карибын тэнгист арал худалдан авсан. Вейкбордингоор хичээллэх хамгийн сайхан газар.

Орландо Блум

Хобби: уулын дугуй

Орландо Блум уулын дугуй унаж, формоо хадгалдаг гэдгээ нэгэнтээ ярьж байсан. Энэ хоббиныхоо ачаар тэр олон цагийн зураг авалтыг давж чаддаг ажээ. Орландо Блум бараг бүх экстрим спортод дуртай. Уулын завь, скай-дайвинг, сёрфинг гэсэн төрлөөр хичээллэж, хамар, гар, хөлөө хугалж байв.

Кэти Перри

Хобби: банжи-жампинг

Кэти нөхрөөсөө огт дутахгүй. Тэр резин олс бэхлээд өндрөөс үсэрдэг банжи-жампинг төрлийг сонгосон. 2011 онд Шинэ Зеландад аялаж байхдаа Харбор-Бриж гүүрнээс үсрээд л нэг мөсөн “дурласан”. Чөлөөт уналтаас авсан кайфаараа амьдардаг гэж хэлсэн удаатай.

Мэттью Макконахи

Хобби: сёрфинг

2018 онд “Surfer, Dude” кинонд гол дүр бүтээсэн Мэттью Макконахи амьдралынхаа хоббиг олсноо ойлгожээ. Одоо тэр сёрфинггүй амьдралыг төсөөлдөггүй. Мэргэжлийн бүх том тэмцээнийг алгасахгүй үздэг. Дэлхийн аварга Келли Слейтертэй нөхөрлөж, шавь оржээ.

Крис Хемсворт

Хобби: сёрфинг

Австралид төрсөн залуу мэдээж сёрфинг сонирхоно. Тэр 12 настайгаасаа Номхон далайн давлагаанд булхаж, одоо бүх хүүхдээ хоббиндоо оруулжээ. Тэдний машины гарааш нь сёрфинг самбараар дүүрэн гэнэ. Гадаадад зураг авалтад оролцсоныхоо дараа төрөлх нутагтаа харьж, шууд л далайд гардаг гэж байгаа.

Би үргэлж сёрфингэд дуртай байсан. Энэ бол миний анхаарлыг бүрэн татаж чаддаг цөөхөн зүйлийн нэг. Далайн усанд орох болгондоо цэвэр, ариун болсон мэт санагддаг. Ямар нэг стресс, сэтгэл зовоосон зүйл тохиолдоход би далайд амар амгалангаа олдог”

Хью Жекман

Хобби: зиплайн

Хью Жекман кинон дээр ямар ч хүнд хэцүү зүйлийг орлон тоглогчгүй өөрөө хийдгээрээ алдартай. Бодит амьдрал дээр ч Хью чанга гар. Тэрээр тусгай канатаар хурдан буудаг зиплайн сонирхдог. Бие, сэтгэлийн хүч, маш их анхаарал шаарддаг энэ төрөл дээр багахан алдаа гаргахад амиа алдах эрсдэлтэй. Опра Уинфригийн шууд нэвтрүүлэг дээр Сиднейн дуурийн театрын дээвэр дээрээс бууж байгаад зүүн нүдээ алдах шахсан.

“Хэт өөртөө итгэлтэйгээс алдаа гаргасан. Би хүүхдүүдээ шоу, нэвтрүүлэгт дагуулж очих дургүй. Харин тэр үед хүүхдүүд хармаар байна гэхээр нь аваад явсан чинь... Би агаарт дүүжлэгдээд л, доош цус гоожоод. Хүү минь харж сууснаа ээждээ “Яагаад бид жирийн гэр бүл шиг байж болдоггүй юм бэ” гэж хэлсэн гэсэн”

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
3
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.