АНУ-ын “Интер Майами” клуб улирлын өмнөх хоёр нөхөрсөг тоглолтодоо дараалан ялалт байгууллаа. Эдгээр тоглолтууд үндсэн цагт тэнцээгээр өндөрлөсөн ч, торгуулийн цохилтоор тэд өрсөлдөгч багуудаа хожсон.
Пүрэв гарагийн өглөө Перугийн “Университарио” клубийн эсрэг хийсэн тэдний тоглолтыг Лима хотноо 80 мянган хөгжөөн дэмжигч үзжээ.
“Майами”-гийн гол тоглогчид болох Лионел Месси, Луис Суарез, Серхио Бускетс, Жорди Альба нар бүгд гарааны бүрэлдэхүүнээс тоглолтыг эхлүүлсэн. Хоёр багийн тоглолт 0:0-ээр өндөрлөж торгуулийн цохилтоор ялагчийг тодруулахад “Интер Майами” клуб 5:4 харьцаатайгаар ялалт байгуулсан юм.
“Интер Майами” клубийн хувьд шинэ дасгалжуулагч Хавьер Маскераногийн удирдлага дор улирлын өмнөх тоглолтуудыг хожигдолгүй үргэлжлүүлж байна.
Тэд дараагийн тоглолтоо 2-р сарын 15-ны өдөр “Орландо Сити”-гийн эсрэг хийх хуваарьтай байгаа юм. Харин Мажор лигийн шинэ улирал 2-р сарын 23-ны өдөр эхэлнэ.