UBLife Logo
Спорт

Хёнсон Паг: Би Т.Нямжаргалаас түвшин илүү

Хёнсон Паг: Би Т.Нямжаргалаас түвшин илүү

Ирэх Ням гарагийн өглөөний 07:00 цагт Австралийн Сидней хотын “Qudos Bank Arena” ордонд холимог тулааны UFC 312 тэмцээн эхэлнэ. Тэмцээний гол тулаанд ӨАБНУ-ын Дрикус дю Плесси дунд жингийн аваргын бүсээ АНУ-ын Шон Стриклендтэй тулалдаж хамгаална. Бас нэг аваргын бүсийн төлөө тулаан байгаа нь Хятадын супер од Чжан Вэйли Америкийн мексик гаралтай тулаанч Татьяна Суарестай гар зөрүүлэх болно.

Энэхүү тэмцээнийг UFC холбоонд хүч үзэж байгаа Монголын хоёр дахь тамирчин болох Түмэндэмбэрэлийн Нямжаргал нээнэ. Түүний өрсөлдөгч нь “Сэтгэлийн амар амгалан” хочит БНСУ-ын Хёнсон Паг. UFC-гийн эхний тулаандаа ялагдсан манай тамирчны хувьд заавал ялах ёстой хариуцлагатай тулаан юм.

Японы MMAPLANET сайтын сэтгүүлч Манабү Такашима Өмнөд Солонгосын Хёнсон Пагтай уулзан ярилцжээ. Паг бол “Road to UFC2022”-д түрүүлэн, уржнан жилийн 12 дугаар сард UFC холбооны анхны тэмцээндээ орж, шилдэг тулааны шагнал авч байсан ч өвдгөө гэмтээснээс хойш тулалдаагүй байгаа юм. Өөрөөр хэлбэл 14 сарын дараахь тэмцээн.  

-14 сар тэмцээнээс хол байсан ч багийн андуудаа дэмжихээр Японд нэлээд олон удаа ирж харагдсан.

- Gladiator тэмцээнд орсон багийн андынхаа буланд суухаар очисон. Мөн Накамүра Риняатай хамт бэлтгэл хийх гэж өнгөрсөн жилийн зун Японд долоо хоног хамт байсан. Барилдаан заалгасан, түүнд их баярладаг.

-Тэгвэл өнгөрсөн жилийн зун өвдөгний гэмтэл эдгэрсэн байсан гэсэн үг үү?

-Эдгэрэх гэж их удсан шүү. Одоо ямар ч асуудалгүй ч жинхэнэ тулалдаж байж л мэднэ дээ. 9-ний тулаанд санаа зовох зүйл байхгүй гэж хэлбэл худлаа болно. Байгаа гэж хэллээ ч утгагүй. Ер нь удаан хугацаанд торонд ороогүйгээ тоолгүй мартахыг хичээж байгаа. Гэмтсэнээ сөргөөр бодох биш тэр хооронд өөрийнхөө бусад талыг хөгжүүлсэн гэж боддог болсон. Тийм болохоор өөртөө итгэх итгэлээ алдаагүй. Харин ч хөгжиж дэвшиж чадсан гэж боддог.

- Ингэхэд хэзээнээс тулааны урлагаар хичээллэж эхлэв?

-Ахлах ангидаа бараг хоббигоор муайтайгаар хичээллэж эхэлсэн. Хоёр гурван жил хичээллээд цэрэгт явахаасаа гурван сарын өмнөөс холимог тулаанд орсон. Халагдаж ирээд 24 настайгаасаа сонирхогчдын тэмцээнд орж эхэлсэн.

-Ахлах ангийн хүүхэд хобби муайтайгаараа 2014 онд Японд Krush тэмцээнд ирж байсан хэрэг үү?

-Тиймээ, Krush гэж юу болохыг мэдэхгүй, өрсөлдөгчөө хэн гэдгийг ч мэдэхгүй хүүхэд тэмцээнд орсон.

-Тэр хүүхэд шүүгчийн саналаар л ялагдсан гэхээр овоо гар байж дээ. Өрсөлдөгч чинь 60 кг-ын жингийн аварга тамирчин байлаа.

- Үнэхээр юу ч мэдэлгүй орж байлаа. Орсон гэж дээ намайг явуулсан юм, одоо ч уур хүрдэг. Овоо гар гэхээр баярламаар байгаа ч тэр тулаанаас маш их өвдөж байсан гэсэн дурсамж л үлджээ. Хамар, нүдний яс хугарсан, миний хамгийн муухай дурсамж даа.

-Тэгээд шантралгүй холимог тулаанд шилжсэн.

-Дуртай юмаа л хийх хүсэлтэй байлаа. Цэрэгт дэгтэй их хэцүү байсан ч тийм хэцүү байдалд тэмцэгч байж чаддагаа анзаарсан юм. Ингээд л мэргэжлийн тулаанч болохоор шийдсэн. MMA Story багт хатуу ширүүн тамирчин олон байсан болохоор сонгож элссэн. Үнэхээр бэлтгэл сайн хийж байгаа.

- Өрсөлдөгч Монголын Т.Нямжаргалын талаар юу бодож байна?

-Их ширүүн тулалддаг, түрэмгий тулаанч юм. Гарын цохилт их хүчтэй. Тэр цохилтыг анхаарах хэрэгтэй юм билээ. Гэхдээ миний ур чадвар түүнээс илүү. Т.Нямжаргалын зайд оролгүй, өөрийнхөөрөө тулалдана. Өөрийн зайд өөрийн зэвсгээ ашиглана.

-Яаж тулалдах төлөвлөгөөтэй байна вэ?

- Юуны өмнө ялах хамгийн чухал. Торонд өөрийн илүү талаа гаргаж чадвал ялалт ирнэ гэж бодож байгаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.