UBLife Logo
Спорт

Марсело зодог тайлж, Серхио Рамос Мексикт тоглохоор боллоо

Марсело зодог тайлж, Серхио Рамос Мексикт тоглохоор боллоо

“Реал Мадрид” клубийн хуучин хамгаалагч өдгөө 36 настай Марсело хөлбөмбөгчний замналаа өндөрлүүллээ.

Тэрбээр Испанийн "Реал Мадрид” клубийн төлөө 2007-2022 оны хооронд хүчин зүтгэхдээ 546 тоглолтод оролцсон төдийгүй 25 цом өргөсний тав нь Европын Аваргуудын лигийн тэмцээний цар байдаг.

Марсело 2014 оны Аваргуудын лигийн тэмцээний финалын тоглолтод гоолдсон агаад тэр цагаас “Реал Мадрид” клубийн Европ дахь арван жилийн ноёрхол эхэлсэн юм.

Бразил хамгаалагч замналынхаа сүүлийн жилүүдэд бага насныхаа баг болох “Флуминенсе”-д тоглож байгаад ийнхүү зодог тайллаа.

Марсело Бразилийн шигшээ багийн төлөө 58 тоглолтод оролцож, 2013 оны Холбоодын цомын тэмцээнд түрүүлсэн төдийгүй олимпын наадмаас мөнгө, хүрэл медалийг атгасан билээ.

Мөн “Реал Мадрид” клубийн хуучин тоглогч Серхио Рамос Мексикийн “Монтеррей” клубт тоглохоор нэг жилийн гэрээнд гарын үсэг зурлаа.

Өдгөө 38 настай испани тоглогчийн тухайд, бага насныхаа клуб “Севилья”-гаас гарснаар сүүлийн долоон сарын хугацаанд хөлбөмбөгөөс түр завсарлага авсан.

Тэрбээр Аваргуудын лигийн тэмцээний финалын тоглолтод гоолдсон цагаа бэлгэдэж “Монтеррей”-д 93 дугаарыг эзэмшихээр болжээ.

Рамос “Реал Мадрид”-ын хамтаар 22 түрүү хүртсэний тав нь Ла лигийн цом байдаг бол Аваргуудын лиг болон клубүүдийн ДАШТ-ий цом түүний цуглуулгад тус бүр дөрөв бий.

Түүнчлэн Рамосийн хувьд 2010 оны ДАШТ болон 2008, 2012 оны Европын АШТ-д түрүүлсэн Ялагдашгүй Армадагийн тоглогч юм.

“Монтеррей” клубийг “Манчестер Сити” багийн хуучин хамгаалагч Мартин Демичелис дасгалжуулж байгаа агаад тэд дотоодын лигийнхээ 11-р байрт эрэмблэгдэж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.