Монгол Улсын гавьяат тамирчин, самбо бөхийн дэлхийн аварга, Үндэсний бөхийн улсын заан Очирын Одгэрэлтэй ярилцлаа. Тэрбээр “Увс нуур” галыг гурван жил дасгалжуулж, тэр жилүүдийн улсын наадмын түрүүг нутгийнхаа бөхчүүдээр авсан юм. Түүнчлэн гарынх нь шавь нараас нь улс, аймаг, сумын өндөр цолонд хүрсэн нь ч, тив, дэлхийн тэмцээнүүдэд бахтай амжилтыг дархалсан нь ч цөөнгүй.
Увсын таван аваргыг залгамжлах бөхчүүд хэн байх вэ гэдэг асуултын хариу эргэлзээтэй л байна даа
-“Увс нуур” дэвжээний бөхчүүд жил бүр л зөвхөн наадмын түрүү авах зорилготойгоор бэлтгэл, сургуулилалтдаа гардаг болов уу. Сайн бөхийг бэлдэх жор гэж байдаг уу?
-Би 11 настайгаас эхлэн 20 жил барилдаад, дараагийн 20 жилд нь дасгалжуулагчаар ажилласан хүн. ЦЕГ-ын “Хүч” спорт хорооны бөхчүүдийн наадмын бэлтгэлийг удирдаж байгаад тэтгэвэрт гарсан хойноо “Увс нуур” галыг гурван жил дасгалжуулсан. Сайхан бөхчүүдийг дасгалжуулах сайхан л байдаг юм билээ.
-Сүүлийн 14 улсын наадмын наймд нь Увс аймгийн бөх түрүүлнэ гэдэг үнэхээрийн давамгай дүн шүү дээ. Сэтгэлээ асгаж бэлдсэн шавь тань өндөр амжилтад хүрэхийг харах хэр сайхан мэдрэмж вэ?
-Улсын наадамд түрүүлчихээд багшдаа ирж үнсүүлэх нь сайхан байдаг юм.
-Хэзээ ирэх бол гэж хүлээдэг үү?
-Ний нуугүй хэлэхэд хүлээнэ шүү дээ, хүлээнэ. Хоёр шавь маань хоорондоо барилдвал сэтгэл тавгүйтнэ. Н.Батсуурь түрүүлдэг жилийнхээ наадмаар долоогийн даваанд Н.Золбоотой барилдсан юм. Шөвгийн дөрөвт Н.Батсуурь, Н.Жаргалбаяртай тунасан. Тэдний хоорондоо барилдахыг нь тогтож хардаггүй. “Буянаараа болог. Сайн барилдсан нь давна биз” гэж бодоод л холдоод алхчихдаг.
-Зөвхөн түрүүлэхийн төлөө зүтгэж байгаа аварга цолтой олон бөхийг нэг галд бэлтгэл сургуулилалт хийлгэнэ гэдэг бэрх ажил байх даа.
-Нэг галд олон сайн бөх байх хэцүү. Гэвч хүн болгоныг нэг стандартаар дасгалжуулна гэж байхгүй. Ялангуяа аваргуудын бэлтгэл бүгд өөр өөрийн гэсэн онцлогтой. Н.Батсуурь аварга гэхэд наадам дөхөх тусам бэлтгэлээ чамбайруулаад л байвал сайн. П.Бүрэнтөгсийн тухайд наадам ойртохоор хэвтээд л байвал сайн. С.Мөнхбат аварга бол өөрийнхөө формыг их сайн тааруулдаг бөх л дөө.
Би наадмын өмнөх бэлтгэлд төдийлөн ач холбогдол өгдөггүй. Зарим хүн энэ ганцхан сарын хугацаанд туйлдталаа бэлтгэл хийсний хүчинд наадмаар сайн барилдана гэж эндүүрдэг. Миний хувьд бүтэн жил давтсан бэлтгэлийн циклийг наадмын өмнөх нэг сард зогсоон бөхчүүдийнхээ тамир тэнхээг сэргээх ёстой гэж үздэг.
Бэлтгэл хийж байж л хүн сайжрах учраас хэн ч сайн бэлтгэлийн циклээс зугтаадаггүй. Багш бэлтгэл үнэхээр сайн хийлгээд байх юм бол тамирчин бэлтгэл тасалдуулахгүй ирээд л байдаг юм.

-Сүүлийн жилүүдэд бөхчүүд аймаг, аймгийнхаа гал дээр цуглаж, амжилтын төлөө нэгдмэл байдлаар зүтгэдэг болжээ. Энэ үзэгдэл “Увс нуур” галаас эхлэлтэй юу?
-Тийм. Клубийн системийг “Увс нуур” галынхан анх үндэслэсэн. Үүнээс хойш аймаг болгон бөхчүүдээ дэмжих болж, бөхийн галууд байгуулагдаж эхэлсэн шүү дээ. Одоогийн хамгийн сайн системтэй бөхийн гал гэвэл Ховдынх байна. Тэнд тав, арван жилийн дараах Үндэсний Их баяр наадмаар сайн барилдах бөхчүүдийг бэлтгэж байгаа. Харин Увсын таван аваргыг залгамжлах бөхчүүд хэн байх вэ гэдэг асуултын хариу эргэлзээтэй л байна даа.
-Үнэхээр ч аваргуудаас гадна өдгөө улсын начин Л.Энхсаруул л зааланд сайн барилдаж байна. Нутгийн тань залуу бөхчүүд яагаад ийм нам гүм байгаа юм бол?
-Үе солигдох агшны залгамж байдал завсардсан. Миний хувьд Увсаас сайн бөхчүүд төрнө гэдэгт итгэлтэй байдаг. Гэхдээ энэ цаг үе бол уналт гэж хэлж болохгүй л дээ, харин завсрын л үе болчихоод байна. Сайн бөх төрдөг. Түүнийг цаг хугацаа хэлнэ. Дэлхийн дэвжээнд барилдах их спортын бөхчүүд 18 настайдаа тодроод 5-10 жилийн дараа гэхэд харимал болчихдог юм. Харин Үндэсний бөхийн тамирчид 40 нас хүртлээ барилддаг. Улсын наадамд л гэхэд голцуу 33-аас дээш насныхан түрүүлж байна.
Үндэсний бөхөөр дурлаж барилдаагүй нь миний нэг том алдаа
-Та 1996 оны улсын наадмаар аймгийн заан цолтой зодоглож, зургаа даваад улсын арслан Д.Мөнх-Эрдэнэд унасан. 1995-1997 оны хооронд дархан аварга Д.Бат-Эрдэнэ, арслан Д.Мөнх-Эрдэнэ нар завсаргүй гурван жил түрүү булаалдсан шүү дээ. Д.Мөнх-Эрдэнэ арслангийн ид амжилтын үед таарч барилдах ямар байв?
-Санаанд багтаж байсан. Уг нь гуядах мэхэнд нь унахгүй л гэж санасан юм. Хөл дээрээ хэд хэдэн удаа тэнцэж байгаад яах ч аргагүй дор нь орж унасан л даа. Мөөгий арслан миний дээрээс цээжээрээ дарчихаад, инээгээд босохгүй байсан. Би тэр дор дэлбэрэхээс наахна л хэвтэж байгаа юм. Бөхчүүд том наадмаар том мэхтэй барилддагийг тэгэхэд л би мэдэж авсан. Угтаа Д.Мөнх-Эрдэнэ арсланг би тэр жил гурван удаа хаячхаад байлаа. Хамгийн сүүлд л гэхэд долоодугаар сарын 3-нд Тамирчдын баяраар Мөөгий ахыг давж түрүүлсэн.

-Та улсын заан цолонд хүрснийхээ дараагийн найман жилд дандаа л 4, 5-ын даваанд унасан?
-Унасан биш, бууж өгсөн юм.
-Нутгийнхаа бөхчүүдэд үү?
-Тийм ээ. Хүн болгон л мэднэ.
-Улсын өндөр цолонд хүрчихээр үзүүр, түрүү рүү зүтгэчих зориг орсонгүй юу?
-Тэр үед барилдах идэвх маань багасчихаад байлаа. Бэлтгэлээ циклийн дагуу хийхээ больж, бараг л бэлгэдэлт байдлаар улсын наадамд зодоглодог болчихсон үе. Нэгэнт л түрүү, үзүүрт хүрнэ гэж найдахгүй болохоор нутгийнхаа хүүхдүүдийг дэмжье л гэж бодсон.
-Цол горилж байгаа бөхчүүд өөрсдөө гуйж ирдэг үү, эсвэл та улсын наадмаас ч өмнө хэнд өгөхөө шийдчихдэг байв уу?
-Наадмын өмнөх бэлтгэлийн үеэр дөрөв давсан аймгийн цолтнуудын аль нэгийг нь амлана гэдгээ галынхандаа хэлчихдэг байсан. Угийн л хэнэггүй зантай хүн л дээ би. Цолны даваанд тулаад ирснийг нь гарцаагүй дэмжинэ ээ л гэсэн юм. Хэлсэндээ ч хүрсэн. Харин 2002 оны наадмаар улсын арслан Д.Азжаргалтай дөрвийн даваанд таарч, өвөр дээрээ тэвэрчихээд зөөлөн тавих гэж байгаад гэнэ алдаж унасан даа. Д.Азжаргал тэр жил сайн ч барилдсан.
-Та 2001 оны Үндэсний их баяр наадмаар долоо давж, улсын заан цол аваад, тухайн наадмын түрүү бөх дархан аварга А.Сүхбатад өвдөг шороодсон. Тэр жил хэр өндөр даваа зорьж барилдсан бэ?
-Үндэсний бөхөөр дурлаж барилдаагүй нь миний нэг том алдаа. Хэрвээ Үндэсний бөхийн төлөө бүхнээ зориулж зүтгэсэн бол наадмаар сайн барилдах боломж надад байсан. Гэвч би самбо, жүдогоор барилдахдаа илүү дуртай. Чи алинаар нь барилдах юм гэхэд цүнхээ үүрээд л самбо бөхийн заал руу алхчихдаг байсан.

-Тэр жилийн наадмаар та зургаа, долоогийн даваанд улсын арслан Б.Ганбат, улсын заан Ж.Ганболд нарын нутгийнхаа бөхчүүдтэй барилдсан шүү дээ. Шуудхан асуухад нутгийн бөхчүүд тань гар амар давуулсан уу?
-Б.Ганбат бид хоёр найзууд. Наадмаас ч өмнө найз маань “Чи ямартаа ч тав давчих. Би зургаагийн даваанд чамайг амлана” гэж хэлж л байсан юм. Тэр жил их азтай наадсан. Улсын заан Ж.Ганболд миний багш шүү дээ. Багш долоогийн даваанд Д.Бумбаярыг амлачих гээд байх шиг санагдахаар нь “Та Бумбаярыг амлах гээд байгаа юм биш биз дээ” гэсэн чинь загначхаад алхаад явчихсан. Би л илүү үг хэлснээс багш маань аль хэдийн намайг амлана гэж шийдчихсэн байсан юм билээ.
-Тооцоолсон даваагаа гэтэлчихээр ханаад, тайвшраад ч юм уу, дараагийн даваанд амархан унаад байх шиг санагддаг. Танд ч гэсэн ийм мэдрэмж төрж байсан удаа бий л биз дээ?
-Зарим бөх тав давчихаад бүрэн тайвширчхаж байгаа нь харагддаг. Намайг барилддаг байх үеэс өөрчлөгдсөн нэг үзэгдэл бол одоогийн бөхчүүд амжилтын төлөө улам шуналтай зүтгэдэг болчихоод байна. Амжилт гаргавал тэр хүний амьдрал дээшилнэ. Хичээж байгаад улсын цолонд хүрчихвэл наанадаж байртай, унаатай болчихож байгааг бүгд л харж байна шүү дээ, өнөө үед. Намайг барилддаг байх үед ийм сайхан боломж байсан сан бол би ч гэсэн амжилт руу шунаж, зүтгэнэ.
-Та юунаас үүдэн зодог тайлъя гэж шийдсэн юм бэ?
-2013 оны наадмаар гурвын даваанд улсын гарди Ж.Бат-Эрдэнэд амлуулсан юм. Тэгж уначихаад л “Барилдахаа болъё” гэж шийдсэн. Ахин зодог, шуудаг өмсөөгүй. Би барилдаад унаснаас, миний шавь давж байх нь надад сэтгэл ханамжтай. Тийм ч болохоор шавь нарыгаа “Миний өмнөөс барилдаж байна” гэж санадаг. Дасгалжуулсан нь би учраас тэр хүн унавал миний л алдаа, би л унаж байна гэж боддог. Шавь давбал, би давлаа гэж баярладаг юм. Дасгалжуулагчийн ажлын сайхан нь үүнд л байдаг.
-Үндэсний Их баяр наадмаар өөрөөсөө өчнөөн насны дүү бөхөд амлуулахад шаралхсан уу?
-Үгүй. Би ердөө ч шаралхаагүй. Миний нэг шавь “Багш аа, би дараагийн даваанд амлачихъя” гэсэн. Тэгэхэд нь “Хэрэггүй ээ. Чи өөр хүн амлаад л барилд” гэж хэлсэн юм. Хүчтэй нь хүчгүйгээ барьж иддэг нь хорвоогийн жам. Бөхийн талбар ч ийм зарчимтай. Энэ бөхөд амлаж барилдах эрэмбэ нь байна, тиймээс хүчээр дийлэхгүй бол миний унах чинь жам ёсны л үзэгдэл. Харин шавиасаа ийм үг сонсоно гэдэг сайхан л юм билээ. “Багш аа, таныг идчихлээ. Би очоод идчих үү?” л гэсэн утгатай үг шүү дээ.
Би унасан. Нэлээн чанга унасан л даа (инээв). Тэгэхэд элэг бүсээ тайлаад л ахиж бүслээгүй.
-Таны шавь дархан аварга Н.Батсуурь өнгөрсөн жилийн Үндэсний Их баяр наадмаар улсын аварга Г.Эрхэмбаярыг амлаж барилдаад нэлээн шуугиан тарьсан. Их ч шүүмжлүүлсэн шүү дээ. Тэгэхэд танд юу бодогдож байв?
-Тэр бол тавилан. Тэдний хооронд юу өрнөснийг би мэдэхгүй. Үнэн гэвэл амласан, давсан. Том цолтой нь амлаж барилдана гэж Үндэсний бөхийн дүрэмд бий. Яагаад Г.Эрхэмбаяр аваргыг амлаж болдоггүй юм, энэ чинь Ж.Бат-Эрдэнэ гарди намайг амласантай л адилхан биз дээ.
-Таны ид барилдаж байсан эрин цагийнхнаас “зургаан заан” гэдэг алдартай нэршил бий. “Зургаан заан” гэдэгт таныг багтаагаагүйд гомддог уу?
-Би яалаа гэж гомдох вэ (инээв). Тэр үед энэ бөхчүүд их л сайн барилддаг байсан болоод “зургаан заан” гэдэг нэршил бий болсон байгаа шүү дээ. Би түрүүн өөрийн алдааг хэлсэн. Үндэсний бөхөд дурлаж барилдаагүйн гор тэр юм.
-Ер нь авьяас заяамал уу, эсвэл түүнийг уйгагүй оролдлогоор өөртөө дадуулж болох уу?
-Авьяасыг өөртөө дадуулна гэдэг хөдөлмөр шүү дээ. Хөдөлмөрлөж байж л амжилтад хүрнэ. Бөхчүүд авьяасаас гадна хурд, хүч, тэсвэр хатуужил, авхаалж самбаатай байж л сайн барилддаг.
Бөхийг дасгалжуулна, амжилтад хүргэнэ гэдэг миний хувьд амархан
-Сайн бөхийг бэлдэхэд хэр хугацаа зарцуулах вэ?
-Н.Золбоог лав улсын цолонд хүргэх гэж 15 настайгаас нь эхлэн 11 жилийн хугацаанд бэлдсэн юм. Аймгийн наадамд гурав түрүүлснээс гадна наадам бүрийн өмнө улсын цолтны таамагт яригддаг байлаа шүү дээ, Золбоо. Тэгэвч 11 жилийн дараа улсын харцага цолонд хүрсэн. Ер нь улсын цолтой бөхийг бэлдэхэд хамгийн багадаа 7-8 жил шаардлагатай. Аварга, арслан цолонд хүргэнэ гэвэл үүнээс цааш ахин 5-6 жил зарцуулагдана.

-Зааланд дийлж барилдаад, жил болгон л цолны таамагт нэрлэгддэг хэр нь наадмаар доогуур даваанд унадаг бөх цөөнгүй бий. Эдгээр бөх юунаас болж санасан хэмжээндээ хүртэл барилдаж чадахгүй байна?
-Н.Золбоо олон жил намайг ингэж шаналгасан даа. 11 жил хүлээхэд сүүлдээ аргагүй итгэл алдардаг юм билээ. Өмнөөс нь сандарч бухимдаад л.
Улсын наадам 365 хоногт нэг л удаа болдог. Тэгэхээр 7-р сарын 11-ний өглөө бөхчүүдийн тархи, мэдрэл ачааллаа дийлэхгүй болчих нь бий. Хий юм бодогдоно, үүнээс үүдэн айдаст автаж эхэлнэ. Бусад хүмүүс “Улсын цолонд хүрээрэй” гэж ерөөгөөд байгаа хэр нь, өөрт ерөөл биш санагддаг юм. Цолонд хүрч чадалгүй уначихвал ахин 365 хоног хүлээхээс өөр аргагүй.
Биеэ барих, барилдаанаа гүйцэд гаргаж чадах эсэх нь спортын сэтгэл зүй тухайн бөхийн тархинд хэр ургаж, бэхэжсэн бэ гэдгээс л хамаарна. Тамирчны ийм сэтгэл зүйн бэлтгэлийг дасгалжуулагч суулгаж өгөх ёстой юм.
Дасгалжуулагч гэдэг шавь нарынхаа хамгийн итгэлтэй, сайн найз нь байх ёстой. Жаргал, зовлонгоо бүгдийг нь хуваалцдаг, сэтгэлийн чанад дахь нандин бүхнээ харамгүй ярилцдаг сайн найз нь байж чадвал сая тэр хүнийг дасгалжуулж чадна. Монгол дасгалжуулагч нарын нэг дутагдал нь тамирчныхаа дотоод сэтгэлийг нь бэлддэггүй.
-Н.Золбоо харцагын улсын наадмаар уначихаад ганцаараа шаналж зогсоо зураг цахим сүлжээнд нийтлэгдсэн. Тэр үед багшийн хувьд та хэр эмтэрч байв?
-Адилхан л шанална шүү дээ. Өрөвдөж, хайрлаж боломгүй, уг нь бол очоод загнах ёстой юм, би. Гэтэл нүдэн дээр өөрийнхөө алдаанд шаналаад, харамсаад байгаа болохоор хэлэх үг олдохгүй юм байна лээ.
Тэгж байгаад олон жилийн дараа улсын цолны босго давахад нь “Ашгүй дээ, миний ажил бүтлээ” гэж бодож, сэтгэл хөнгөрсөн.
-Тантай хамгийн ойр байдаг шавь гэвэл хэн байна?
-Дархан аварга Н.Батсуурь, улсын аварга П.Бүрэнтөгс, улсын заан Н.Жаргалбаяр, улсын харцага Н.Золбоо, Ц.Мөнхбаяр, Т.Баасанхүү, улсын начин С.Батсуурь, аймгийн арслан Ц.Мөнхбаяр, аймгийн начин Т.Мөнх-Эрдэнэ, Ж.Цэгц, сумын заан Амаржаргал, Б.Цэнджав нар бий. С.Батсуурь манай хамаатны хүүхэд юм. Ер нь бүх л шавь маань байнгын холбоотой байдаг. Хөлөө тайруулснаасаа хойш шавь нарынхаа бэлтгэлийг удирдах боломжгүй болчихсон шүү дээ. Гэхдээ хөлтэй болчихоод ахин дасгалжуулна аа, удахгүй. Энэ бол амьдралын түр зуурын л мөчлөг. Төрийн наадмын дэвжээнд аав ээж, нутаг усаа дуурсгах хэдэн хүүхэд бэлдэнэ л гэж санадаг юм. Бөхийг дасгалжуулна, амжилтад хүргэнэ гэдэг миний хувьд амархан. Эхний сонголт, явцын бэлтгэлийг нь зөв удирдах л чухал байдаг, амжилт яах вэ аяндаа ирнэ.
-Таны нэрэмжит барилдаан болоход шавь нар тань түүчээлж оролцсон. Тэр үед юу бодогдож байв?
-Би сайн шавь нартай болохоор л тэгж байгаа юм. Муу шавь нартай байсан бол над руу эргэж харахгүй. Манай шавь нар надад их тусалдаг. Тэгэхдээ хэзээ ч надаас хариу нэхдэггүй юм.
-Үндэсний бөхийн тамирчид бөхийн өөр төрлөөр давхар хичээллэх нь тэдний амжилтад тустай байдаг уу, эсвэл аль аль нь цалгардахад хүргэдэг үү?
-Их спортын бэлтгэлийг үндэсний бөхийнхтэй хослуулбал өөрсдөд нь их хэрэгтэй. Намайг барилддаг байхад үндэсний бөхийн тамирчид бүгд аль нэг бөхийн төрлөөр давхар хичээллэдэг байсан.
Миний хувьд 16 настайгаасаа самбо бөхийн Үндэсний шигшээ багт тамирчин болсон. Үндэсний бөхөөр дагнан барилддаг үе тэнгийнхнийхээ дэргэд бол би аль эрт тамирчин болчихсон санагддаг. 17 настайдаа АНУ-д очиж, ДАШТ-ээс медаль авч байлаа шүү дээ. Наймдугаар анги хэр нь Улсын шигшээ багаас цалин авдаг, ангийнхнаа гөөхийнд даадаг хүүхэд байлаа.
-Таны самбо бөхийн амжилт үндэсний бөхөөс илүүтэй өндөр хэмжээнийх байдаг. Олон тэмцээнд түрүүлэхээр сэтгэл зүй мөн хүчирхэгждэг үү?
-Би анхнаасаа самбоор барилдаж, бөхийн спортод орсон. Самбо бөхийн төрлөөр дэлхийд зохион байгуулагддаг бүх л тэмцээнд түрүүлсэн амжилттай. Олон тэмцээнд оролцохоор өрсөлдөгчид маань аз таарахгүй бол бүдрээд унахгүй гэдгээ мэддэг л болчихдог юм.
1989 онд самбо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоод гурван насны ангиллаас гурван медаль авчирч байлаа.
Тэр ДАШТ-ээр өсвөр үеийнхний ангиллаас хүрэл, залуучуудынхаас мөнгөн медаль авчихаад байтал Ш.Чанарав багш хүрч ирээд “Насанд хүрэгчдийн ДАШТ-ий -100 кг-д барилдах бөх алга, чи оролцох уу” гэхээр нь шигшээ багийнхны хурлаар орж, гарын үсгээ зураад барилдсан. Аваргын төлөөх барилдаанд Оросын Х.Дикиевт ялагдсан юм. Х.Дикиев тэр тэмцээний дараа нутаг буцалгүй дүрвэчихсэн. Америкчууд шууд иргэншлийг нь солиод авчихсан шүү.

-Танд иргэншлээ солих санал ирж байсан уу?
-1995 онд Болгарт болсон самбо бөхийн ДАШТ-ий -100 кг-ийн жинд түрүүлсэн юм. Тухайн тэмцээний дараа Японоос тулалдах санал надад ирсэн. Японы шигшээ багийн ахлагч, Японы дүрэмгүй зодооны холбооны ерөнхийлөгч Хироши, орос хэлтэй япон орчуулагчийн хамт ирээд дүрэмгүй зодооны төрлөөр тэмцээнд оролцох уу гэж асуусан. Хэдийгээр би зөвшөөрсөн ч, багш нар маань татгалзсан юм билээ. Хэрэв тэгэхэд Японд очсон бол барилдахаа болиод тулааны спортоор хүч сорих байсан.
“Чи ёстой муухай хүүхэд. Урлагийн тайз руу бөхийн явдлаар орж ирэх юмаа” гэж нэг удаа загнуулаад л тэрнээс хойш Циркийн бараа харагдахаар хичээж, цэх шулуун алхдаг болсон
-Та тулааны спортоор хичээллэж байв уу?
-Тулааны тэмцээнд оролцож байсангүй. Гэхдээ холимог тулаан, байлдааны самбын тамирчид миний удирдлагад ирж, тамирчин болох сууриа бэлдүүлдэг юм. Анхны шавь маань байлдааны самбо бөхийн дэлхийн хошой аварга Б.Дамланпүрэв шүү дээ.
-Орос хэлийг хэзээ сурсан бэ?
-Арван жилдээ онц сурлагатан байлаа. Нэгдүгээр ангидаа 14-р сургуульд орсон юм. Тэгтэл дараа жилээс нь солилцоогоор ирсэн орос багш манай ангийг дааж авсан. Орос хэл сурсан маань үүнээс эхлэлтэй. Түүнчлэн самбо бөхийн тэмцээнээр ОХУ руу олонтоо явдаг байсан учир оросуудтай зөндөө л ярьж хөөрдөг байлаа.
-Таныг 5 кг жинтэй төрсөн гэдэг. 14 настайдаа анхлан “Хүч” спорт хорооны самбо бөхийн дугуйланд очихдоо хэд орчим кг жинтэй байсан бэ?
-75 кг жинтэй байсан. Тэгэхэд манай аав, “Хүч” спорт хорооны дарга хоёр намайг жин дээр зогсоож байсан болохоор санаж байна. Есдүгээр ангидаа самбо бөхийн олон улсын тэмцээнд оролцохоор бэлтгэл хийж, гэртээ харилгүй Спортын төв ордонд 45 хоносон юм. Буцаад хичээлдээ ороход манай ангийнхан намайг танихгүй байсан. Тэгтлээ өөрчлөгдсөн хэрэг.
-Та жүдо бөхөөр ямар амжилтуудыг гаргаж байв?
-Жүдо бөхөөр хожуу барилдсан. Самбо бөхийн амжилтууд маань -100 кг-ийн жингийнх шүү дээ. Ер нь 115-117 кг-ийн хооронд жингээ барьж, -100 кг руу хасаж тэмцээнд оролцдог байлаа.
Би жүдо бөхийн Улсын АШТ-д түрүүлж, Азийн АШТ-ээс мөнгө, Азийн наадмаас хүрэл медаль авсан амжилттай.
-Циркэд мөн ажилласан байх аа. Тэнд хэдэн жилийг өнгөрүүлсэн бэ?
-Аравдугаар ангид байхдаа найзынхаа санал болгосноор Цирк рүү очлоо. Шаравдорж гэдэг өвгөн багш намайг харчихаад “Өө чи чинь өнөө барилддаг хүүхэд байна. Циркээр хичээллэх үү” гэхээр нь акробатын ангид орсон юм. Циркэд ажиллах эхэндээ айхавтар хэцүү байсан. Баганатай мөрөө хүлүүлчихээд мөрөн дээрээ хүн гаргахад тасрахаас наахна чилж, өвддөг. Найз нар маань “Чи бөх хүн байж мөрөн дээрээ эмэгтэй хүн гишгүүлж болохгүй” гэж хэлдэг байсан. Би тоогоогүй юм. Хүний зөвлөгөө таалагдахгүй бол өөрийнхөөрөө зүтгэдэг зантай л даа, би.
Арван жилээ төгсөхтэй зэрэгцээ Циркийн сургуулиа ч төгссөн. Тэгтэл Улсын циркийнхэн манай шидэх банзны үзүүлбэрийг бүрэн бүрэлдэхүүнээр нь ажилд авав. Ингэж би Улсын циркт мэргэжлийн жүжигчин болсон. Цалинтай. Бөхийн бэлтгэл сургуулилалтынхаа хажуугаар циркийн ажлыг дөрвөн жил хавсран гүйцэтгэсэн.

-Дархан аварга Д.Дамдин циркт жүжигчнээр ажиллаж байсан. Аваргатай тааралдаж байв уу?
-Д.Дамдин аваргатай нэг удаа уулзаж байсан. “Бөхчүүдээс миний ажлыг залгамжилж байгаа хүүхэд бий гэж дуулаад уулзах санаатай байсан ч, тааралдалгүй өдийг хүрчихлээ. Чамтай уулзлаа, ах нь их баяртай байгаа шүү” гэж хэлээд үнсчихээд явж билээ. Аваргын хүнд жингийн үзүүлбэрийг 5-6 хувилбартай байхад нь би 12 хувилбартай болгож гүйцэтгэсэн шүү дээ.
Цирк рүү очихдоо би алхаагаа хүртэл хичээдэг байлаа. Ардын жүжигчин Цэнд-Аюуш багшаар “Чи ёстой муухай хүүхэд. Урлагийн тайз руу бөхийн явдлаар орж ирэх юмаа” гэж нэг удаа загнуулаад л тэрнээс хойш Циркийн бараа харагдахаар хичээж, цэх шулуун алхдаг болсон.
-Та 2003 оны Сар шинийн барилдааны Их шөвөгт шалгараад, тухайн наадмын түрүү бөх улсын аварга Д.Сумъяабазарт өвдөг шороодсон. Сар шинийн барилдаанд хүрсэн хамгийн өндөр амжилт тань энэ байдаг уу?
-Би заалны барилдаанд цөөхөн зодоглосон. Д.Сумъяабазартай ганцхан удаа таарч барилдсан маань энэ шүү дээ. Д.Сумъяабазар намайг сэнжигнээс тойрч эргээд давсан, миний толгой эргэж, бөөлжөөд балрах дөхсөн. Өсвөр насандаа бол 77-р сургуульд хамт бэлтгэлээ хийдэг байсан учир хоорондоо олон л барилдсан юм. Өсвөр үеийнхний УАШТ-ий 15-16 насны ангилалд Д.Сумъяабазар, 17-18 насны ангилалд би барилдаад бид хоёул бүх барилдаандаа давж, түрүүлсэн.
-Залуу байхад олны дунд нэр нь яригддаг цагийг эзэлсэн том бөхчүүдтэй таарч барилдана гэдэг бахдалтай үйл явдал санагддаг. Таны анх барилдаад биширсэн бөх гэвэл хэнийг нэрлэх вэ?
-16 настайдаа Цагаан сарын барилдаанд зодоглож, хоёрын даваанд улсын гарди Д.Баярааг давсан. Тэгтэл гурвын даваанд намайг дархан аварга Х.Баянмөнх амлалаа гэдэг юм. Өөрийгөө бөх болчихсон л гэж бодоод “Ашгүй, өвгөн багштайгаа таарчихлаа. Гурав давах нь, азтай байна” гээд баяртай байлаа. Баянаа аварга гараа тосож барилддаг шүү дээ. Гарынх нь үзүүрээс атгаад автал миний урд халти суугаад босохдоо их л амархан өргөж, зөөлхөн газардуулснаа, үнсчихээд л дэвээд гүйчихлээ (инээв). Би тэр үед 105 кг жинтэй л байсан болов уу. Хүний дадсан, сурсан мэх гэдэг үнэхээр агуу юм билээ.
-Танд бөхийн багш байдаг уу?
-Намайг 11 настай байхад Ж.Батбилэг гээд чөлөөтийн багш манай сургууль дээр ирж, барилддаг хүүхдүүдийг сонгон шалгаруулж авсан. Аав маань цагдаагийн байгууллагад ажилладаг байсан учир удалгүй намайг “Хүч” спорт руу шилжүүлсэн юм. Тэнд байхдаа Батбаатар багшийн удирдлагад бэлтгэл, сургуулилалтаа базаадаг байсан. Үндсэн бэлтгэлээ Г.Жамсран багшийн удирдлагад хийж, удалгүй Үндэсний шигшээ багт дуудагдсан.
Түүнчлэн Үндэсний шигшээ багийн багш Ч.Насантогтох, Г.Пүрэв-Очир Ш.Чанрав, О.Балжинням нарын дасгалжуулалтыг би өөрийн биеэрээ туулан өнгөрүүлсэн гэдгээрээ их азтай.
-Таны шавь нараас Н.Батсуурь, Б.Серик нар багагүй шуугианд өртөж, хэсэг хугацаагаар барилдах эрхээ хасуулсан удаатай. Багшийн хувьд шавь нар тань чих халууцуулахад эмзэглэдэг үү?
-Яагаад ийм асуудал үүсчихэв гэх талаас л боддог. Буруу үйлдлийг нь өмөөрөхгүй ээ. Хэдий шавь ч гэсэн миний төрсөн хүүхэд биш шүү дээ. Би яаж амьдрахыг нь заадаггүй. Амьдралд хүн алдаж, өөр өөрийн асуудлаа шийдэх учиртай юм хойно.
Н.Батсуурь нарийн мэдрэмжтэй, ухаантай хүүхэд. Барилдахад асар их ухаан ордог. Сайн барилдахад удам бас чухал юм байна.
Амьдрал гэдэг нэг загвар дээр зохиосон зүйл биш ч гэлээ хичээгээд амьдарвал хэн ч айхавтар зовж, зүдрэхгүй

-Та шавь нартаа юу хэлэх сэн бол?
-Барилдахынхаа сацуу эрдмээр өөрийгөө боловсруулах, мэргэжилтэй байх хэрэгтэй. Зөвхөн бөхийн төлөө зүтгэсээр байтал хүн давдаггүй насанд хүрэхдээ чи хэн ч биш болно. Гэтэл үүнээс цааш ахин өчнөөн жил амьдрах хугацаа чамайг хүлээж байгаа. Бөхчүүд боловсролтой, хавсарсан мэргэжилтэй байх нь чухал гэж боддог. Харин манай шавь нар бол өндөр боловсролтой.
-Танд бөхийн удам байдаг уу?
-Манай аавын талынхан бие хаагаар том хүмүүс байсан гэж ярьдаг. Өвөө маань “өндөр Авирмэд” хэмээх Увс аймагтаа алдартай нэгэн байсан. Ээжийн аав Цэдэн гэдэг нутаг усандаа барилддаг сумын заан хүн байв. Миний аав Увс аймгийн начин Очир гэж цагдаагийн дэд хурандаа, их өндөр бие томтой хүн байлаа.
-Амьдралын саад бэрхшээлийг даван туулахад тулах цэг нь юу болдог вэ?
-Амьдралд сайн, муу зүйл олон тохиодог. Муу нь тааралдахаар ядарлаа, зүдэрлээ, зовлоо гэж бодвол улам л дордоно. Тэгэхээр муу бүхний өөдөөс сэтгэлээрээ бат зогсох ёстой. Хүн өөрийн байгаа зүйлдээ аз жаргалтай, сэтгэл хангалуун амьдарч сурах нь чухал юм байна. Амьдрал гэдэг нэг загвар дээр зохиосон зүйл биш ч гэлээ хичээгээд амьдарвал хэн ч айхавтар зовж, зүдрэхгүй л болов уу.
-Хоёр охин тань урлагийн мэргэжилтэй. Охидынхоо уран бүтээлийг үзэхэд ямар мэдрэмж төрдөг вэ?
-Том охин маань зураач, медиа уран бүтээлч. Харин бага охин маань бүжигчин. Би охидоо байнгын дэмждэг ч гэсэн бас сайн шүүмжлэгч нь байж чаддаг болов уу. Охиддоо хайртай.
-Хайр гэхээр танд хамгийн түрүүнд юу төсөөлөгддөг вэ?
-Хайр гэдэг эхлүүлсэн л бол дуусах хүртлээ үнэнчээр хамт байхын л нэр. Надтай хамт эмчилгээнд ордог 80 орчим насны эмгэн, өвгөн хоёр байдаг. Өдий насандаа хоёул хөтлөлцөөд явж байгаа нь сайхан харагддаг юм.
-Хойд нас гэж байдаг бол та ахин Монголд төрөхийг сонгох уу?
-Хойд нас гэж байдаг юм бол би ахин энэ насны амьдралаа сонгоно. Гэхдээ илүү хичээж улсын наадамд, жүдогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлнэ, холимог тулаанаар ч өөрийгөө сорьж үзнэ.
Сайхан аав, ээжийн буянд ядарч, зүдрээгүй өссөн болохоор юунд ч шунадаггүй болчихож. Гэтэл шуналгүй амьдрах нь өөрийн тааваар оршихын л нэр. Хэрэв надад өчүүхэн төдий шунал байсан сан бол үндэсний бөхөөр сайн барилдах, бизнес хийгээд асар их баялаг эзэмших боломж байлаа. Шуналтай байсныхаа хүчээр амжилтад хүрсэн тамирчин олон байна. Тэгэхээр шунана гэдэг дан ганц муу, муухай утгатай үг биш ээ.
-Та залуу байхдаа ханатлаа дурлаж чадсан уу?
-Залуу насаа дурлах завгүй л өнгөрүүлсэн. Хайрлаж, дурлахад зав гаргахгүй яав даа гэж боддог л юм. Би анх дурласан хүнтэйгээ л шууд гэрлэсэн.
-Ээжтэйгээ өтлөх хэр сайхан байдаг вэ?
-Ээжээсээ өмнө гялтайчихгүй болов уу л гэж найдаад байна (инээв). Ээж маань одоо 73 настай. Миний нэг төрсөн дүү эндчихсэн юм. Тэгэхээр хэрэв би гялтайчих юм бол ээж маань хэцүүднэ шүү дээ. Яаж ийгээд тэсэж үлдье гэж бурхан багштай хуйвалдаад диализ эмчилгээ хийлгэж байна (инээв).
-Та ээждээ хэр олон удаа хайртай гэдгээ хэлж байв?
-Хэлж байгаагүй ээ (инээв). Ээжийг минь Цэдэнгийн Баялаг гэдэг. Миний ээж дуу хөгжмийн багшаар насаараа арван жилийн сургуулиудад ажилласан. Одоогоор бидэнтэй хамт амьдарч байна. Ээждээ хүү нь хайртай.