АНУ, Украин улсуудын хагарал, зөрчил улам хурцадсаар байна. Юуны өмнө энэ зөрчил юунаас эхэлсэн бэ гэдгийг авч үзье.
Дайн эхэлснээс хойш АНУ нь Украины хамгийн том цэргийн тусламж үзүүлэгч орон байлаа. Гэвч АНУ-ын шинэ Засгийн газар гадаад бодлогоо эрч өөрчилж, Украин төдийгүй Европын түншүүдтэйгээ ч өөр өнгөөр ярих болсон билээ. Үүн дээр Трампын гол дайсан Жо Байдены сонгуулийн сурталчилгаанд Зеленский оролцож байсныг дурдахгүй байх аргагүй. Өнгөрсөн хоёрдугаар сард Эр-Рияд хотод АНУ, ОХУ-ын дайныг зогсоох хэлэлцээр явагдахад Украиныг уриагүй. Ерөнхийлөгч Зеленский энэ талаар хатуу үг хэлсний дараа АНУ Газрын ховор металлын гэрээ байгуулахыг шаардаж, үгүй бол зэр зэвсгийн тусламжаа зогсооно гэж сүрдүүлсэн билээ. Гол донороо алдахаас айсан Зеленский гэрээгээ бэлтгээд тэр дороо Вашингтонд очсон ч Ерөнхийлөгч Трамп, Дэд ерөнхийлөгч Ди Вэнс хоёр түүнийг яаж унтраах, хашраахаа бэлтгэчхээд хүлээж суулаа. Ингээд дэлхий даяараа урьд өмнө дипломат ёсонд бараг гарч байгаагүй зүйлийг АНУ-ын Ерөнхийлөгч шууд ТВ-ээр дэлхийд харуулж, хүч чадлаа гайхууллаа. Зеленскийн өмссөн хувцаснаас эхлээд үг яриаг нь хүртэл өөлж, Цагаан ордноос хөөсөн билээ. Магадгүй тусламж хүссэн Зеленский толгой бөхийлгөх ёстой, эсвэл дайнд туйлдсан орны Ерөнхийлөгчийн хувьд тэвчээртэй хандаж болох байсан ч талууд эрс муудалцаад салсан. АНУ Киевээс ОХУ-д буулт хийж, гал зогсоохыг тулгахдаа ямар нэг найдвартай баталгаа өгөөгүй тул Украин ч зөвшөөрсөнгүй.
Ингээд Трамп Украинд өгөх цэргийн тусламжаа бүгдийг зогсоолоо. Харин өчигдрөөс эхлэн тагнуулын мэдээгээ ч Украинд өгөхөө болилоо.
ТТГ-ын захирал Жон Рэтклифф “Fox Business Network”-д ярилцлага өгөхдөө “Хоёр тал тагнуулын мэдээгээ солилцохоо түр хугацаагаар зогсоож байна. Гэхдээ бид Украинтай мөр зэрэгцэн түрэмгийллийн эсрэг тэмцэх болно” гэж баталсан байна.
АНУ-ын тагнуулын мэдээ ОХУ-ын армийн хөдөлгөөн, цэргийн объектуудыг хянахад Украинд маш чухал зүйл байлаа. Европын түншүүдэд ч тагнуулын хиймэл дагуул, онгоц байгаа ч АНУ-д хүчин чадлаар хүрэхгүй, орлож чадахгүй гэж шинжээчид үзэж байна.
Учир нь АНУ Украинд хиймэл дагуулын зургаас гадна Орос дахь тагнуулуудынхаа мэдээлэл, харвасан пуужин, ниссэн онгоцны шуурхай мэдээллийг ч илгээдэг байжээ. Тэгэхээр Украины агаараас хамгаалах цэргийн хүч илт суларч, хотуудаа пуужингаас хамгаалж чадахгүй болно гэсэн үг. Мөн ОХУ-ын нутгийн гүнд нефтийн үйлдвэр, зэвсгийн агуулах гэх мэт чухал объектод дроноор цохилт өгч чадахгүй боллоо.