Дэлхийн түүхийн хуудсан дахь хар бараан үеүдэд хүнлэг сэтгэлээр гэрэл асааж байсан хүмүүс бишгүй их. Тэдний дундаас Оскар Шиндлерийн нэр ямагт онцгойрон дурсагддаг. Германы бизнес эрхлэгч байсан энэ эрхэм Дэлхийн II дайны үеэр 1200 гаруй еврей хүнийг үхлийн лагерьт амиа алдахаас аварсан түүхтэй. Түүний энэхүү баатарлаг үйл хэрэг 1993 онд дэлгэцнээ гарсан ‘’Schindler’s List’’ кинонд мөнхөрсөн бөгөөд киноны ард нуугдсан бодит түүх үүнээс ч илүү сэтгэл хөдөлгөм.
Бизнесээ эхлүүлсэн зорилго нь хожим авралын үүд хаалга болов
Анх Оскар Шиндлер ваар, шаазан эдлэлийн үйлдвэр ажиллуулах зорилгоор Польш улсын Краков хотод очжээ. Тэрээр тухайн үеийн нөхцөл байдлыг ашиглаж, нацист намд элссэн бөгөөд хямд төсөр ажиллах хүч болох еврейчүүдийг үйлдвэртээ ажиллуулбал ихээхэн ашиг олж болно хэмээн бодсон байна. Гэвч дайны харгис бодлогын үнэн төрхийг харж, өөрийнх нь ажилчдыг үхлийн лагерь руу илгээхийг тэвчиж, харж чадаагүй аж. Шиндлерийн үйлдвэр ажилчдаа хамгаалах “хорогдох” байр болж, тэднийг Германы дайнд зайлшгүй шаардлагатай ажилчид хэмээн бүртгүүлж, еврей ажилчдынхаа нэрс, төрсөн он сар өдөр, ур чадварыг жагсаалтад оруулж байсан юм.
1944 онд нацистууд еврей хүмүүсийг олноор нь хоморголон устгах ажиллагаагаа эрчимжүүлэхэд, Шиндлерийн ажилчид ч мөн энэ аюулд өртжээ. Харин Шиндлер дахин өргөдөл гаргаж, нацистуудад авилга, хахууль өгөх зэргээр өөрийн ажилчдаа үхлийн лагерь руу явах аюулаас аварч чаджээ. Энэ жагсаалт нь хожим “Шиндлерийн бүртгэл” хэмээн нэрлэгдэж, түүхэнд үлдсэн билээ.

Дэлгэцээр өгүүлэгдсэн бүхэн бодит амьдрал дээр өрнөсөн үү?
Кино болон бодит түүх хоорондоо тун дөхүү ч зарим зүйлс бодит байдлаас бага зэрэг ялгаатай байдаг. Жишээлбэл Шиндлер нацист намын үнэнч гишүүн байгаагүй бөгөөд эхэндээ өөрийн ашиг сонирхлыг тэргүүнд тавьж байсан ч аажимдаа олон хүний амийг аврах үйл хэргийг зоригтойгооор хийсэн. Шиндлер өөрийн бүх хөрөнгөө еврей ажилчдаа хамгаалахад зориулж, дайны дараа бүрэн хоосорсон байдаг. Мөн киноны дүр Амон Гөтийн дүр кинон дээр хүнлэг бус хэрцгийгээр дүрслэгддэг ч бодит амьдрал дээр бүр ч илүү харгис нэгэн байсан гэдэг.

Оскарын шагналт бүтээл хийгдэх болсон түүх
Полдек Пфефферберг гэх нэрийг хаа нэгтээ сонсож байсан уу? Тэр бол Шиндлерийн аварсан 1200 хүний нэг бөгөөд Шиндлерийн түүхийг дэлхий нийтэд түгээхэд хамгийн гол үүрэг гүйцэтгэсэн нэгэн юм. Полдек Пфефферберг нь Польшийн Краков хотод төрж өссөн, Дэлхийн II дайны өмнө түүхийн багш, худалдаачин байсан нэгэн. 1939 онд Герман Польшийг эзлэхэд тэрээр Краковын геттод хоригдож, улмаар Плашовын хөдөлмөрийн лагерьт шилжжээ.
Түүний амьдрал Шиндлертэй тааралдсан цагаас эрс өөрчлөгдсөн. Шиндлер түүний болон эхнэрийнх нь амийг аварч, өөрийн үйлдвэрт ажилд авсан бөгөөд энэ нь түүнийг үхлээс хамгаалсан явдал болсон юм. Дайны дараа Пфефферберг АНУ-д дүрвэн ирж, Лос Анжелес хотод суурьшсан бөгөөд Оскар Шиндлерийн түүхийг кино болгохыг мөрөөдсөн байдаг. 1950-аад оноос эхлэн тэрээр Шиндлерийн түүхийг олон нийтэд хүргэхийн тулд ном, кино хийх талаар хүмүүсийг ятгаж эхэлсэн. 1980 онд Австралийн зохиолч Томас Кенилли түүнийг олж уулзсанаар "Schindler’s Ark" ном бичигдэж, улмаар 1982 онд хэвлэгдсэн байна. Энэ номыг уншсан найруулагч Стивен Спилберг 1993 онд "Schindler’s List" киног бүтээх шийдвэр гаргасан бөгөөд Полдек киноны зураг авалтын зөвлөхөөр ажиллаж, бодит үйл явдлуудыг үнэн зөв харуулахад тусалжээ.

Стивен Спилберг 1994 оны Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр Оскарын шагнал хүртэхдээ "Полдек Пфефферберг гэдэг амьд үлдсэн хүнгүйгээр энэ хэзээ ч эхлэхгүй байсан. Бид бүгд түүнд маш их өртэй. Тэр Оскар Шиндлерийн түүхийг бид бүгдэд авчирсан." гэж хэлж байсан билээ.
Бэлтгэсэн: Б.Цагаандалай