Туркийн цомын тэмцээний шигшээ наймд учраа таарсан “Фенербахче” болон “Галатасарай” клубүүдийн тоглолт нанчилдаанаар дүүрэн, шуугиантайгаар өндөрлөсөн.
Тэгвэл “Фенербахче” клубийн дасгалжуулагч Жозе Моуриньод гурван тоглолт өнжих шийтгэл оногдуулж, 5,955 фунтийн мөнгөн торгууль төлүүлэхээр болов.
Түүний хувьд эл тоглолтын дараа “Галатасарай” клубийн дасгалжуулагч Окан Бурукийн хамрыг чимхсэн нь ийнхүү торгуулахад хүргэсэн юм.
“Галатасарай” тухайн тоглолтод 2:1-ээр хожиж, Туркийн цомын тэмцээний хагас шигшээд шалгарсан.
Гэлээ ч тус тоглолтод шүүгч есөн шар, дөрвөн улаан хуудас өргөсөн нь нанчилдаан хурцадмал байдал руу шилжихэд голлон нөлөөлсөн юм.
“Онцгой нэгэн” хочит Жозе Моуриньогийн тухайд “Челси”, “Манчестер Юнайтед”, “Тоттенхэм” зэрэг Европын шилдэг клубүүдийг удирдаж байсан агаад хэзээнээс л адаар зан, этгээд авираараа алдартай билээ.
Моуриньогийн туслахаар ажилладаг Сальваторе Фотиг “эсрэг багийнхаа тоглогчийг доромжилсон” гэх үндэслэлээр дөрвөн тоглолтод оролцох эрхийг нь хасчээ.
Сонирхуулахад, 2-р сард явагдсан эдгээр багуудын тоглолт гоолгүй өндөрлөсний дараахан “Галатасарай”-гийн зүгээс Моуриньог “арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан мэдэгдэл хийсэн” гэж буруутгасан. Тэр үеэс эдгээр багуудын хоорон дахь хурцадмал байдал даамжирсан юм.
