Украины уугуул, Болгарын сонгомол барилдааны шигшээ багийн бөх Семен Новиков саяхан Словакийн Братиславт болсон Европын АШТ-д мөнгөн медаль хүртсэн. Тэрээр Украины олимпын аварга Жан Беленюктэй муудалцаад 2023 онд иргэншлээ сольж, Болгарт шилжсэн. Шинэ эх орондоо 2023 онд ДАШТ-ий хүрэл медаль, 2024 онд Парист олимпын алтан медаль авчирч өгсөн билээ. Гэвч Болгарын бөхийн холбооны шинэ ерөнхийлөгч Златева Станка болгар хэлээр ярьдаггүй шигшээ багийн тамирчин байх ёсгүй гэж үзэж байгаа. Цаашдаа ч гадаадаас легионер авахгүй байх бодлоготой байгаа юм. Ингээд тэрээр саяхан Семен Новиковыг шигшээ багаас хассан. Хоёр жилийн дотор болгар хэл сураагүй нь Новиковын буруу байж болох ч инглээ гээд хүний хувь заяаг гаргуунд нь гаргаж, хаяж болохгүй билээ. 27 настай залууг иргэншлийг нь солиулж авчхаад одоо юу хий гэж байгаа нь ойлгомжгүй.

Новиков энэ талаар Болгарын бөхийн холбооны шинэ удирдлагад хандан тун хилэнтэй пост оруулжээ.
“Хэрэв би украин, англи, орос хэлээр яримаар байгаа бол ярина. Ямар нэг дүрэм журам надад хамаагүй. Хэрэв та нар надад эцэг эхтэйгээ ямар хэлээр ярихыг зааж, олон нийтийн сүлжээнд ямар хэлээр бичихийг тушааж байгаа бол энэ чинь Бөхийн холбоо биш, огт өөр газар болж таарах нь. Бөхчүүд бид барилдаж, үр дүн үзүүлэх ёстойгоос биш хий дэмий зүйл яриад суух ёсгүй. Бид Болгарыг олон улсын тавцанд төлөөлж байна. Болгарын далбааг хамгийн өндөрт мандуулах хүсэлтэй” гэжээ.