Хятад дахь үйлдвэрүүд энэ долоо хоногт Тик Ток платформ дээр хүчтэй дуугарч, АНУ дахь тансаг зэрэглэлийн брэнд хэрэглэгчдийг шууд Хятадын үйлдвэрүүдээс худалдан авалт хийхийг уриалав. Үнэтэй, тансаг зэрэглэлийн гар цүнх, гутал, хувцас эдлэлийн брэндүүд Хятадад бага зардлаар бүтээгдэхүүнээ үйлдвэрлүүлээд, хэд дахин нугалсан үнээр худалдаалдаг талаар энэ оны эхээр цахим сүлжээнд багагүй дуулиан болоод амжсан. Харин АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Хятадаас орж ирэх бараа бүтээгдэхүүнд 145 хувийн тариф тогтоосноор нөхцөл байдал улам хурцдаад байна.
Юу болов?
Тодруулбал, гурав хоногийн өмнө Ван Сен гэх үйлдвэрлэл эрхлэгч эр Тик Ток дээр нэгэн бичлэгийг нийтлэснээр бусад үйлдвэрүүд ч бас тансаг зэрэглэлийн брэндүүдийн булхайг илчлээд байгаа юм. Ван Сен нь Бээжинд Hermes брэндийн алдарт Биркин цүнхийг тус брэндийн захиалгаар үйлдвэрлэдэг ханган нийлүүлэгч гэж өөрийгөө танилцуулан, бичлэгтээ “Та нар шууд бидэнтэй холбоо барьж, дор хаяж арав дахин бага үнээр ориг Биркин цүнх худалдаж авах боломжтой шүү дээ. Тэр үнэтэй цүнхний бодит үнийг мэдвэл та нар ч гайхна даа. Биднээс ердөө 1500 доллароор Биркин цүнхийг авч болно” гэжээ.
Зөвхөн Hermes брэнд энэ дуулианд өртсөнгүй. Спорт, йогийн хувцас хэрэглэлээрээ алдартай Lululemon брэнд зөвхөн нэг спорт ретүзээ 98 доллараар худалдаалдаг. Гэтэл LunaSourcingChina гэх хаягтай эмэгтэй Иву хот дахь хоёр үйлдвэрийг танилцуулж, Lululemon брэнд дээр дурдсан 98 долларын үнэтэй ретүзээ тухайн хоёр үйлдвэрээс шууд авдаг гэсэн юм. “Та нарын ихэнх нь Lululemon зэрэг томоохон брэндүүд хувцаснуудаа ямар үнэтэй зардгийг нь мэдэх байх. Харин энэ үйлдвэрээс тэр үнэтэй өмдийг ихдээ л 5-6 доллароор худалдан авах боломжтой” хэмээсэн байна. Уг бичлэг нь Тик Ток дээр 1.5 сая гаруй хандалт авсан.

Lululemon брэнд бичлэг цацагдсанаас хэдхэн цагийн дараа “Цахим сүлжээнд тархаад буй хятад эмэгтэйн бичлэг ямар ч үндэслэлгүй, ташаа мэдээлэл бөгөөд түүнд хууртаж хуурамч бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг хүсье” гэж няцаажээ.
Энэхүү бичлэгнүүд нь өндөр тарифын улмаас хэрэглэгчдэд үнийн өсөлт үүсч, түгшүүр төрүүлж буйг онцлоод зогсохгүй, АНУ-ын хэрэглэгчид дуртай бүтээгдэхүүнээ авч чадахгүй байдалд хүрэх, эсвэл илүү их мөнгө төлөхөд хүргэнэ гэсэн мессежийг хүргэж буйг CNN онцложээ.
Томоохон брэндүүдийн үйлдвэрлэгчид нууц задруулахгүй байх гэрээнд гарын үсэг зурдаг учир Тик Ток дээрх бичлэгүүдэд буй үйлдвэрлэгчид жинхэнэ ориг бүтээгдэхүүн зарж буй магадлал бага юм. Саутхэмптоны их сургуулийн үйл ажиллагаа, төслийн менежментийн ахлах багш Хао Донг “Томоохон брэндүүдийн захиалгыг үйлдвэрлэдэг аливаа үйлдвэрлэгч баримтыг задруулахгүй байх гэрээний хатуу үүрэг хүлээдэг. Тэд эдгээр алдартай бүтээгдэхүүний жинхэнэ үнэ, үйлдвэрлэх үйл явцыг олон нийтэд ингэж ил тод зарлахгүй байх нь гарцаагүй” гэжээ. Харин ингэж ил болоогүй ч тансаг зэрэглэлийн брэндүүд Хятадад бүтээгдэхүүнээ үйлдвэрлүүлдэг үү гэхэд “Тийм ч биш, гэхдээ үгүй ч бас биш” гэж хариулжээ.
Тэгвэл таны дуртай тансаг эдлэлүүд хаана үйлдвэрлэгддэг вэ?
Олон тансаг зэрэглэлийн брэндүүд эцсийн бүтээгдэхүүнээ Франц, Италид бэлэн болгохоосоо өмнө Хятадад зарим эд анги, тоногийг үйлдвэрлүүлдэг. Жишээлбэл, үнэтэй бугуйн цагны нарийн төвөгтэй тоног төхөөрөмж эсвэл дизайнерын цүнхний сав баглаа боодол зэргийг дурдаж болно гэж CNN-ий шинжээч Режина Фрей онцлолоо.
Эх сурвалж: CNN World
Бэлтгэсэн: Б.Цагаандалай