Альберт Эйнштейн 1955 оны энэ өдөр буюу дөрөвдүгээр сарын 18-нд Принстонд өвчний учир нас барсан юм. Тэрээр гэрээслэлээ бичээд найз нартаа “Энэ дэлхийд төрсөн үүргээ би биелүүлсэн” гэж хэлсэн байдаг. Агуу эрдэмтэн 77 настай байлаа. Гэрээслэлдээ сүржин оршуулах ёслол хийхийг хориглосон тул дотнын 12 найз нь оролцож, чандрыг нь салхинд хийсгэсэн байна. Суут агуу хүмүүсийн нэгэн адил Альберт Эйнштейн их нууцлаг, сонин хүн байлаа. Тэр нас барахынхаа өмнө германаар хэдэн үг хэлснийг америк сувилагч ойлгоогүй юм. Уг нь тэр хэдэн үг маш том нээлт ч байж магадгүй байсан ч эрдэмтэн үхэхдээ ч хүн төрөлхтөнд оньсого үлдээгээд явсан.
Ингээд XX зууны хамгийн суут эрдэмтэн Альберт Эйнштейний талаар таны мэдэхгүй хэдэн баримтыг танилцуулья.

Тэр хөгжлийн бэрхшээлтэй байсан
Альберт Эйнштейн долоон нас хүртлээ ярьж чаддаггүй байлаа. “Аспергерийн синдром” хэмээх өвчтэй байсан байж магадгүй гэж түүхчид үздэг.
Тоондоо сайн байлаа
Эйнштейнийг муу сурдаг байсан гэсэн яриа их байдаг. Тэр байтугай дунд сургуулийн тооны шалгалтдаа унасан гэж ч ярьдаг. Үнэндээ Альберт математик, физикийн хичээлдээ гарамгай төдийгүй 12 настайдаа л их сургуулийн ангийн тоог боддог байсан юм.
Бүх том нээлтээ нэг жилийн дотор хийсэн
1905 онд Эйнштейн эрдэм шинжилгээний дөрвөн нийтлэл бичсэн бөгөөд энэ нийтлэлүүдэд онолын физикт түүний хийсэн гол нээлт, санаанууд бүгд багтсан байлаа. Тэр үед Эйнштейн зохиогчийн эрхийн компанид ажиллангаа докторын зэргээ хамгаалахаар зэхэж байлаа.

Эйнштейн “Харьцангуйн онол”-оор Нобелийн шагнал аваагүй
Нобелийн шагналыг тэр харьцангуйн онолоороо аваагүй. Фото-электроны эффектийн тайлбараараа 1921 оны физикийн Нобелийн шагнал хүртсэн билээ. Харин түүний хамгийн алдартай том нээлт болох “Харьцангуйн онол” шагналгүй үлдсэн.
Тэр энхтайванч
Эйнштейн үнэхээр энх тайванч хүн байлаа. Дэлхийн II дайны дараа Берлиний их сургуулийн оюутнууд хэд хэдэн профессор багшаа барьцаанд авахад тэр очиж, ятгасаар барьцааны хүмүүсийг суллуулж байсан түүхтэй.

Гэрлэхээсээ өмнө охинтой байсан
Цюрихт их сургуульд суралцаж байхдаа тэр нэг дамжааны оюутан Маричтэй үерхэж байлаа. Марич бол түүний анхны авгай. Гэхдээ тэд гэрлэлтээ батлуулахаас өмнө охинтой болсон байсан бөгөөд охины хувь заяа одоо болтол тодорхойгүй. Нялх байхдаа эндсэн, хүнд өргүүлсэн зэрэг олон таамаглал байдаг.
Зугаа цэнгэлд дуртай байв
Эйнштейн өөр хүүхнүүдтэй зугаалан, араар нь тавьж байсан болохоор Милева Марич түүнээс салсан юм. Тэр дараа нь нууц амрагуудынхаа нэг Эльзатай гэрлэсэн.
Нобелийн шагналаа шүүхийн зардалд өгсөн
Эйнштейн, Милева Марич хоёрын гэр бүл салах ажиллагаа маш удаан, хэрүүл маргаан ихтэй болсон. Нобелийн шагналын бүх мөнгөө тэр шүүхийн зардал, Милевад өгөх төлбөрт зарцуулсан юм.

Израилын Засгийн газарт ажиллах дөхсөн
Физикч эрдэмтнээс гадна Эйнштейн улс төрийн салбарт ч идэвхтэй хүн байлаа. Бүх амьдралынхаа турш тэр энх тайвны төлөө зүтгэж, цөмийн зэвсгийн эсрэг тэмцсэн. 1952 онд Израилын Ерөнхий сайд Давид Бен-Гурион түүнд шинээр байгуулагдсан Израил улсын Засгийн газарт ажиллах санал тавьсан ч тэр татгалзсан юм.
Түүний тархийг хулгайлсан
йнштейн өөрийн биеийг чандарлахыг гэрээсэлсэн. Гэвч 1955 оны дөрөвдүгээр сарын 18-нд Эйнштейний шарилд задлан шинжилгээ хийсэн эмч Томас Харви эрдэмтний тархийг судалгаа шинжилгээ хийхээр хулгайлсан байна.