АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын татварын дайн дэлхий ертөнцийг бужигнуулж эхлээд удаагүй байна. Улс улсын Төрийн тэргүүд ээлж дараалан, түүнтэй уулзахыг хүсэж, зарим нь утас цохин, татвараа багасгахыг гуйж байгаа гэнэ. Европын төрийн тэргүүдээс хамгийн түрүүнд Италийн Ерөнхий сайд Жоржа Мелони Вашингтонд очлоо.
Мелони бол Италийн үндэсний үзэлт “Италийн ахан дүүс” намын төлөөлөгч бөгөөд энэ намын бодлого Трампын бодлоготой тун төстэй. Трамп хэдийгээр Европын холбоонд тун таагүй ханддаг ч Мелониг баяртайгаар хүлээн авсан. Мелони түүний тангараг өргөх ёслолд оролцсон Европын ганц төрийн тэргүүн байсан билээ. Тийм болохоор Европын холбоо Жоржаг Трамптай ярилцаж, худалдааны дайныг зогсоож чадна гэж итгэж байгаа юм.
Хоёр талын хэлэлцээр эхлэхийн өмнө Трамп “Жоржа бол үнэхээр сайн Ерөнхий сайд. Маш сайн ажиллаж байгаа. Тэр бол дэлхийн жинхэнэ удирдагчдын нэг” гэж магтсан. Харин Мелони “Миний айлчлалын зорилго бол худалдааны бодлогын талаарх хэлэлцээрийг эхлүүлэх, Ерөнхийлөгч Трампыг Италид урих явдал. Ром хотод Европын удирдагчид Трамптай уулзаж болно” гэж ярьсан юм.
Хэлэлцээрийн дараах хэвлэлийн бага хурал дээр Мелони “Трамп бид хоёр зүүний (woke) үзэл болон DEI бодлоготой тэмцдэг, хамтран зүтгэгчид. Энэ бодлогыг баримтлагчид Барууны орнуудын түүхийг устгахыг хүсэж байна. Трамп ерөнхийлөгч Италид айлчлах урилгыг хүлээн авсан. Ерөнхийлөгч Трамп “Америкийг дахин агуу болгох” уриатай бол АНУ, Европ хамтдаа Барууныг дахин агуу болгох ёстой” гэж мэдэгдсэн юм.