Мэргэжлийн сүмогийн банцүкэг харахад адилхан цолтой ч байсан зүүн талын бөх баруунаасаа давамгайлдаг. Нэг дугаарын хүчтэн гэвэл зүүн талын ёкозүна болж, барууных нь хоёр дахь гэсэн үг. Энэ маягаар хамгийн доод талын жонокүчи зиндаа хүртэл үргэлжилнэ. Одоо бол мэдээжийн юм шиг санагдах энэ систем өнө эртний түүхтэй. Эдогийн үед (1600-1868 он) эсрэгээр баруун тал нь дээр бичигддэг байсан гэнэ. Тэр үед эзэн хаан Японы баруун нутагт Кёотод ордонтой, улс орны, улс төрийн гол төв нь баруун мужууд болж байв. Тиймээс ард олны ухамсарт ч баруун тал хүчтэй гэсэн ойлголт шингэсэн байлаа. Эдо, Токио руу явахдаа зүүн зүг руу буучхаад ирье, доошолчхоод ирнэ гэх мэтээр ярьдаг байсан аж. Улс төр, эдийн засгаа дагаад сүмод ч адил журам тогтсон хэрэг. 1868 оноос Мэйжийн үе эхлэн Эзэн хаан одоогийн Токиод шилжин ирснээр зүүн тал хүчтэй гэсэн ухамсар төрж, сүмогийн банцүкэг, гаргахдаа зүүн талаа дээдэлдэг болсон байна.

Архины рекорд
Сүмочдын хувьд сакэ гэдэг жирийн нэг цай л гэсэн уг. Сакэ калори ихтэй тул жингээ нэмэх дуртай сүмочдод яг таардаг. Архи уугаад адгаа алддаг сүмоч одоо байхгүй болсон ч саяхны озэки Кайо согтохоороо үймүүлж бужигнуулдгаараа алдартай байсан билээ. Тэгвэл дээр үеийн бөхчүүд дотор уудгаараа домог болон алдаршсан хүн олон байжээ. Тэдэн дундаас Райдэн хэмээх сүмочийн нэр эртний ном зохиолд олонтоо дурсагдсан байдаг. Хүч чадлаар ч, архи уухаараа ч түүнтэй зэрэгцэх хүн байгаагүй бололтой. Райдэнгийн ид гялалзаж явсан үед, 1802 оны зургаадугаар сард Нагасакид тойргийн барилдаанд явж байхад нь Хятадын нэгэн эрдэмтэн очиж уулзжээ. Тэр эрдэмтэн нутагтаа архи даадгаараа алдартай нэгэн байсан бөгөөд Райдэнгийн тухай сонсоод архи их уух тэмцээн хийе гэж бодсон юм байж. Хоёулаа өөд өөдөөсөө харж суун, сакэ ууж эхэллээ. 10 литр уугаад хэл ам нь ээдэрч эхэлсэн хоёр өрсөлдөгч нэг мэдэхэд тус бур 18 литр архи уучихсан байв. Даадаг даадаг гэхэд хэмжээ байлгүй яахав, хятад эрдэмтэн тасраад унажээ. Райдэн яасан бэ? гэвэл тасарсан эрдэмтэн дээр хөнжил хаячхаад ахин ууж эхэлсэн гэнэ. Ганцаараа нэмээд 18 литр сакэ уусан Райдэн юу ч болоогүй юм шиг дуу аялсаар гэртээ харьж байсан гэдэг. Маргааш нь бүтэн өдөр унтаад орой сэрсэн хятад эрдэмтэн энэ талаар дуулаад ихэд биширч, Райдэнд зориулан шүлэг бичин, зураг зурж дурсгасан байна. Энэ зураг одоо Райдэнгийн ач гучид, шүлэг нь Токиогийн нэгэн сүмд хадгалагдаж байгаа гэнэ.

Озэки Асашио 1900 онд 37 шил шар айраг, 11 литр сакэ ууж, сонинд бичүүлж байсан удаатай. Тэр үеийн бас нэг сүмоч Хоо хэдэн цаг үргэлжлэн уудгаараа алдартай байв. 12 цаг сууж уухдаа 23 литр сакэ хоосолж байсан гэнэ.
1893 оны тавдугаар сарын тэмцээн. Найм дахь өдрийн барилдаан эхэлсэн ч Үнэяма гэгч бөх ирдэггүй. Хун амьтан явуулан хайж хайсаар нэг юм олтол зоогийн газарт ухаангүй, шал согтуу байж байх юм гэнэ. Барилдах цаг болсныг хэлсэн ч сонсох юм даанч алга. Аргаа барсан дагуул бөх хүн тэргэнд суулган ордонд авчирч, хувцсыг нь солин, маваши өмсүүлжээ. Ухаанаа алдан тасарсан байсан ч мэргэжлийн бөх гэдэг өөр аж. Яаж ийгээд дохён дээр гарч барилдан, өрсөлдөгчөө зад шидэн ялжээ. Ялаад бууж явах зуураа дахин тасарч, дэвжээ рүүгээ үүрүүлэн харьсан гэдэг. За яах вэ ямар ч гэсэн ялсан юм байна гэж бодтол бас биш ээ. Жаал унтаж сэрэнгүүтээ дахин уухаар явж, үүр цайтал тэнээд, өглөө гэнэт ухаан орон, баларлаа гэдгээ ойлгов. Гялс дэвжээндээ харин, ояакатадаа “Уучлаарай, багш аа. Өчигдөр хэт уугаад барилдаанаа тасалчихлаа” хэмээн уучлал гуйтал багш нь өчигдөр чи барилдсан, бүр ялсан гэдгийг нь хэлж өгсөн байна. Дохён дээр гарч барилдсанаа ч мартдаг ийм сүмоч Үнэямагаас хойш дахин гараагүй байна.

Алдарт озэки Комагатакэ таван шил виски, 12 литр сакэ уучхаад яадаг ч үгүй хүн байлаа. Харамсалтай нь түүнээсээ болж энэ ертөнцийг залуудаа орхиж одсон байна. 1915 оны дөрөвдүгээр сар. Комагатакэд уух юм олдохгүй байсан тул исэж дуусаагүй сакэ 8 литр уугаад морин тэргээр өөр хот руу аялж явлаа. Халуун өдөр байсныг ч хэлэх үү, ходоодонд нь байсан их хэмжээний сакэ архи наранд халж исэн, гэнэт задарснаас алдарт арслан маань амиа алдсан байна.

Фүдайва хэмээх хүчтэн 39 нас дөнгөж хүрээд байсан ба бас л залуугаараа өнгөрсөн нэгэн. Тэрээр сакэг хоёр хоёр литрээр нь нэг амьсгаагаар уух дуртай байсан ба харамсалтай нь тэгж ууж байхад нь зүрх нь зогсоод Бурхны оронд очсон гэнэм.