UBLife Logo
Спорт

Украин сүмочдын үе эхлэв үү?

Украин сүмочдын үе эхлэв үү?

Мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндаанд хоёр украин бөх барилдаж байна. Эх оронд нь ОХУ-ын цэрэг халдсанаас хойш 3 жил өнгөрчээ. Ар гэр, нутаг усандаа санаа зовохын зэрэгцээ, анд найзуудынхаа амь насанд нь сэтгэл түгшинэ. Энэ бүгд дээр нэмэгдээд шинэ бөхийн шалгалт, шалгуур, бэлтгэл, харь оронд дасах шаардлага гээд стресс их. Гэхдээ магадгүй энэ бүх бэрхшээл, зовлон байгаа болохоор украин сүмочид маш хурдан дээшилж байгаа болов уу. Японд “өлсгөлөн сүмо” гэсэн үг бий. Урьд өмнө ядуу тариачин айлын хүүхэд сүмод ороод хурдан цолтой бөх болж, цалин аваад гэр бүлээ тэжээнэ гэсэн бодолтой ирдэг байлаа. Харин 1990-өөд оноос Японд амьдрал дээшилсэн тул “өлсгөлөн сүмо” байхгүй болсон юм. Яг энэ үед монголчууд мэргэжлийн сүмод элсэж, жинхэнэ хувьсгал хийн, япон мэргэжилтнүүд аргагүй ядуу орноос ирсэн “өлсгөлөн сүмочид” гэцгээж байлаа. Тэгвэл яг одоо Украины бөхчүүдийг мөн ийнхүү нэрлэж байна. Украинаас мэргэжилд ердөө хоёр бөх бий. Хоёулаа дээд зиндаанд барилдаж байна. Тэд дайнд нэрвэгдсэн эх орон, ард түмнийхээ төлөө, ажил төрлөө алдаж, дүрвэсэн ар гэрийнхээ төлөө давхар барилдаж байгаа юм.   

 

Украины анхны сүмочийг Шиши буюу Сергей Соколовский гэдэг. Тэрээр 1997 оны нэгдүгээр сарын 16-нд Украины Запорожи мужийн Мелитополь хотод төрсөн. Уг нь хөлбөмбөгийн хаалгач болох мөрөөдөлтэй байж. 5 настайгаасаа чөлөөт бөх барилдаж, 15 настайдаа сүмо бөхөд шилжжээ. Төрөхдөө л таван кг хүнд байсан хүүхэд удалгүй чөлөөт бөхийн хамгийн хүнд жин болох 125 кг-аас хол давсан юм. Сонирхогчдын сүмо барилдаж байхдаа Залуучуудын дэлхийн аваргын тэмцээнд хүнд жинд хүрэл медаль хүртсэн. 2016 онд Монголд болсон ДАШТ-д мөн үнэмлэхүй жинд хүрэл медаль авч байжээ. Түүний дасгалжуулагч Руслан “Сергей баян хангалуун айлын хүүхэд биш. Тэмцээнд оролцох зардлыг нь бид цуглуулах гэж бөөн юм болдог байлаа. Анх Европын аварга болохдоо тэр бараг л уранхай өмд, гуталтай байсан. Хэтрүүлсэн юм биш шүү. Би олон ивээн тэтгэгчтэй ярилцаж үзсэн, цөөхөн хэд л тусалж байсан. Баян хүмүүс гэхэд дөнгөж 100 гривен л өгч байлаа. Харин одоо тэд утасдаад л өөрсдийг нь ивээн тэтгэж байсан гэж хэлээрэй гээд л гуйдаг болсон” гэж харамсангуй ярьж байлаа. Сергей сонирхогчдын сүмодоо бол алдартай тамирчин. Япончууд Сергейг анх сонирхоод “Украинчууд Сергейд олон саяын хөрөнгө оруулалт хийдэг байх” гэж бодож байсан гэдэг. Тивийн хэмжээний 14 тэмцээнд түрүүлж, нэртэй тамирчин болсон хойноо ч түүнд санхүүгийн тусламж хэрэгтэй байсан. Тэмцээний зардал байтугай бэлтгэлийн хувцас ч авч өгөх мөнгө эцэг эхэд нь байгаагүй гэнэ.

Сергей Японд явахын тулд сонирхогчдын сүмогийн ДАШТ, Украины Гавьяат тамирчин цолоос татгалзахад хүрсэн. 2020 онд мэргэжлийн сүмод орж, 7 башё дараалан 50 хувийн амжилтаа хийж, макүшитад дэвшсэн билээ. 191 см өндөр, 162 кг жинтэй.

Украин бөх гэдгээр нь япончууд түүнийг ихэд дэмждэг. Бөхийн өргөөнд “Украины уугуул Шиши” гэхэд бүгд алга ташин хашгардаг ч Шиши улс төржөөд байх дургүй. 2023 оны тавдугаар сарын 20-нд Ерөнхийлөгч Владимир Зеленский Японд айлчлах үеэр сэтгүүлчид түүнээс улс төрийн агуулгатай мэдэгдэл сонсох гэж оролдоод бараагүй юм. Мэдээж Шиши эх орондоо хайртай. Түүний төрөлх Мелитополь хот нь одоо оросуудад эзлэгдсэн байгаа. Харин тэр дайны хөлд сүйдсэн украин бөх гэдгээрээ биш өөрийн жинхэнэ хүч чадлаар дээш гарах хүсэлтэй байгаа юм. Жюүрёод дэвшсэн хойноо Шиши “Манай улс маш хэцүү байдалд байна, ард түмэн зовж байна. Би улам их хичээн зүтгэж, бага ч гэсэн тус дэм болох хүсэлтэй. Аав, ээждээ туслахын тулд улам их ажиллана” гэж хэвлэлийн хурал дээр хэлсэн юм.

Сергей Соколовскийн замаар явах украин залуучууд олноор гарч ирсэн нь сонирхолтой. Тэдний нэг нь Украины хоёр дахь мэргэжлийн сүмоч Даниил Явгусишин Аонишики нэрээр бөхийн гараагаа эхэлсэн. Аонишики нь安 – тайван, 青 - хөх, 錦 – торго гэсэн гурван ханзнаас бүтэж байгаа бөгөөд хөх гэсэн ханз нь Украины төрийн далбаа, мөн Даниилын цэнхэр нүдийг бэлгэдэж байгаа гэнэ. Японд амжилт олсон хүнийг гэртээ торгонд хучуулаад ирлээ гэж хэлдэг тул багш нь шавьдаа цолтой бөх болохыг бэлгэдэн өгсөн шикона юм.

Явгусишин 7 настайгаасаа чөлөөт бөх барилдсан. 2019 онд Осакад болсон сонирхогчдын сүмо бөхийн өсвөрийн дэлхийн аваргын тэмцээнд хүрэл медаль хүртэж байсан. Германд тэмцээнд оролцож байхад нь Оросын цэрэг Украинд халджээ. Германаас 2022 оны дөрөвдүгээр сард Японд ирсэн. Сонирхогчдын ДАШТ-д танилцсан япон дасгалжуулагч нарын зуучлалаар Ажигава дэвжээнд дадлага хийж байгаад мэргэжилд орсон. 180 см өндөр, 136 кг жинтэй. Өнгөрсөн нэгдүгээр сард анх удаа дээд зиндаанд барилдаж, 11 даван, Дайчин барилдааны шагнал хүртсэн. Мэргэжлийн сүмод ороод 9 башё барилдаад дээд зиндаанд дэвшсэн нь түүхэнд нэгт бичигдэх амжилт байлаа.

Энэ жилийн нэгдүгээр сарын тэмцээнд түүхэнд анх удаагаа Украины хоёр сүмоч учраа таарч, өрсөлдсөн. Хоёулаа жюүрёод байсан бөгөөд Шиши Сергей Соколовский ах нь Аонишики Данило Явхусишин дүүгээ цүкиотоши мэхээр ялсан юм. Цаашдаа ч хоёр украин бөх түрүүлэхийн төлөөх өрсөлдөөнд олон таарч барилдах нь гарцаагүй.

Аонишики дээд зиндаанд дэвшээд хэвлэлийн бага хурал дээр “Баярлалаа. Гэхдээ жинхэнэ зорилго маань өөр тул туулах замын зөвхөн нэг хэсэг нь гэж бодож байгаа. Мэдээж дээд зиндаанд дэвшсэн маань сайн хэрэг ч улам дээшээ явахыг хүсэж байгаа болохоор хэр хурдан дэвшсэнээ ч их юм бодоогүй. Хүмүүс хэлэхээр л нээрээ хурдан ахиж гэж бодсон. Ирэх тэмцээнд дандаа урьд өмнө барилдаж байгаагүй бөхчүүдтэй тулна. Хүчтэй сүмочидтой өрсөлдөх болохоор сэтгэл хөдлөөд гоё байгаа. Тавдугаар сарын тэмцээний зорилго бол арваас дээш давах, тусгай шагнал хүртэх. Би амжилттай барилдаад Украин улсад маань өчүүхэн ч гэсэн гэрэл гэгээтэй мэдээ болж байвал түүн шиг баяртай зүйл үгүй.  Дайны галд байгаа эх орондоо эр зориг, итгэл найдвар өгмөөр байна” гэж ярьж байлаа.

Ийм хоёр украин залуу Японд сүмо барилдан, хичээж зүтгэсээр явна. Эх нутгаа хамгаалж байгаа украин цэргүүд шиг толгой дээгүүр нь сум исгэрэхгүй ч өөрийн гэсэн талбар дээр мөн л байлдаж яваа билээ. Энэ хоёр залуугийн мөрөөр замнахаар олон украин залуус эрмэлзэж байгаа тул удахгүй украин сүмочдын үе ч ирж мэдэх юм. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
УКРОП\54.169.32.230
хоёулаа донбассын оросууд л байна. украйн нутаг дээрээ натог дуудаж гай тарьсан хохь нь шдэ